”Хайрцаг дүүрэн хайр” малчдад хүрэхэд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

Ус,цаг,уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн зураглалаар 2018 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар  улсын хэмжээнд 16 аймгийн 76 сумын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, 17 аймгийн 52 сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.

 Өвөлжилт хүндэрсний улмаас зудын эрсдэлд өртөх магадлалтай орон нутгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн баг, Нийслэлийн Боловсролын газартай хамтран “Хайрцаг дүүрэн хайр” сайн үйлсийн аян зохион байгуулсан. Энэхүү аяныг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг хүмүүнлэгийн аянд уриалан оролцуулах зорилгоор зохион байгуулсан. Энэ нь хүүхэд залуус, өсвөр үеийнхэнд хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, бусдад сайн санааны дэмжлэг өгөхөд сургах, зуданд нэрвэгдсэн малчдад дэмжлэг туслалцаа хүргэх зорилготой юм. Аянд нийслэл хотноо үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд оролцож, хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ. Нийслэлийн дунд шатны Улаан загалмайн хороод болон дүүргүүдийн боловсролын хэлтсүүд хамтран зохион байгуулсан аяны үйл ажиллагаа 2018 оны хоёрдугаар сарын 01-нээс 21-ний өдрийг хүртэл явагдсан юм. Аяны хүрээнд цугларсан тусламжийн эд зүйлсийг 2018 оны хоёр2-дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд хүлээлгэн өгч байна. Хандивын аяны үйл явцын талаарх нэгдсэн мэдээллийг 2018 оны 2-дугаар сарын 26-нд олноо танилцуулж, малчдад хүргэхээр хуваарилах юм. Тусламжийн эд зүйлсэд малчдад хэрэгцээтэй ахуйн болон соёлын бараа, хүнсний хэрэглээний зүйлс, малын хэрэгцээнд ашиглах нэмнээ, элгэвч, төлийн уут, малын тэжээл тэргүүтэн багтжээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top