М.Мөнхшүр: Он гарснаас хойш хүүхдээ хаясан хоёр дахь тохиолдол энэ боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нийгмийг цочирдуулсан хэрэг гарсан. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 4 дүгээр багийн 4... тоот хашаанаас 53 сантиметр урттай, 3400 грамм жинтэй эмэгтэй нярай хүүхдийн цогцос олдсон юм. Энэ тухай мэдээллийг ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.


- Дөнгөж төрсөн нярайн цогцос айлын хаашаанаас олдсон нь нийгмийг сэрдхийлгээд байна. Хэргийн дуудлагыг анх хэн өгсөн бэ?

- Тус хэрэг нь энэ сарын 18-ны өдөр гарсан. Хэрэг гарсан цаг одоогоор тодорхойгүй. Гэхдээ таамаглаж буйгаар харуй бүрий цагаар болсон байх магадлалтай гэж үзэж байна. Нярайн цогцос нь айлын хашаанаас олдсон. Тус хашааны эзэн анх хэргийн тухай “Нярайн цогцос манай хашаанд байна” гэж дуудлага өгсөн юм. Улмаар хэргийн газар дээр шуурхай албаны жижүүрийн бүрэлдэхүүн очиж ажилласан.

- Хэргийн тухай мэдээллийг худалдаж авна гэсэн байсан?

- Шинэ батлагдсан хуулиар иргэдээс мэдээллийг худалдаж авч байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл заасны дагуу хэргийн тухай мэдээллийг 5 сая хүртэлх төгрөгөөр худалдаж авахаар болсон.

- Хэргийг шалгах ажиллагаа хэрхэн өрнөж байна?

- Мөрдөн байцаах ажиллагаа Өвөрхангай аймгийн 12 сум болон дөрөвдүгээр баг дээр явагдаж байна. Тухайн жирэмсэн болон, дутуу төрөх, төрөх магадлалтай байсан бүх эмэгтэйчүүдийн судалгааг гаргаж байгаа. Мөн Өвөрхангай аймагт үйл ажиллагаагаа явуулдаг хоёр төрхөд шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

- Хүүхдээ хаях гэмт хэрэг он гарснаас хэдэн удаа гарсан бэ?

- Саяны тохиолдолтой нийлээд он гарснаас хойш энэ төрлийн хэрэг хоёр удаа бүртгэгдсэн. Өмнө нь энэ оны нэгдүгээр сарын 12-нд "Эх нялхас"-ын хогийн цэг дээр хүүхдээ хаясан хэрэг гарсан. Гэхдээ хүүхдийн амь нас хохироогүй. Ээж нь хүүхдээ хүлээж аваад, эрүүл аюулгүй өсгөж байгаа. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байсан. Сая гарсан тохиолдол хоёр дахь нь болж байна. Хүүхдээ хаясан тухай мэдээлэл нийгэмд гарснаар сэтгэл санааны хямралтай ураг тээсэн эхчүүд энэ тухай мэдээг сонсоод даган дуурайх, буруу ташаа ойлголт авах магадлалтай. Үр хүүхдээ хайрлах нь эцэг эхийн үүрэг. Энэ үүргээ ухамсарлахгүй байх явдал гарсаар байна.

- Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна?

 - Урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд болон дөнгөж сургуулиа төгссөн жирэмсэн эмэгтэйчүүдийн ар гэрийн амьдралыг судлах бүтргэл судалгааг нарийн хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүд маань сэтгэлийн тэнхээгүй болон амьдралын боломжгүй, хүүхдээ тэжээн тэтгэх чадваргүй эсвэл нөхөртэйгээ муудалцсанаас болоод хүүхдээ хаях тохиолдол гарч байна. Тиймээс эмнэлгийн байгууллага болон ар гэрийнхэн нь хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

- Эх нялхсын хогийн цэг дээр хүүхдээ хаясан ээжид ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

- Ээжэд нь торгуулийн арга хэмжээ авсан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ээжийг торгох, 1-5 жилээр хорих ял оноодог. Тус ээж нь 22 настай, оюутан бөгөөд анхны төрөлт нь байсан. Бие давхар тухайгаа эцэг эхдээ хэлээгүй ба тухайн үед сэтгэл санааны хямралтай байсан юм. Одоогоор ээж хүүхэд хоёр эрүүл саруул байгаа.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 24

iim aimshigtai um hiih zyrch gargaj baigaa um chin yuch hiihees buzahgui gesen yg , sain harj hyanah heregtei shdee, haanaas gardag buzar zan be, hyyhdee asarch chadahgui bol ulsiin asramjind ogoh, esvel orgyyleh bolomj baih estoi bizdee,,,,yahaaraa iim archaagui bodoltoi baidag bainaa ene emegteichyyd, heleh muu yg alga daa

0  |  0
Od(12.231.208.147) 2018 оны 02 сарын 24

Hunii nud uvduj setgel sevtmeer zurag bitgii tavij baildaa.yum daguuldag yumaa...

0  |  0
Top