У.Будбаяр: “Амины орон сууцыг банкны зээлээр дэмжих төрийн бодлого хэрэгтэй байна”

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

Зиндаа сэтгүүлийн "Технологи" булан энэ дугаартаа гэр хорооллын амины орон сууцны шийдэлд даацтай өөрчлөлт гаргахыг зорьж буй "DREAM HOUSE" технологийн байшинг онцлон танилцуулж байна. Дэд бүтэц хөгжөөгүй орчинд ч тав тухтай амьдралыг бэлэглэж чадах мөрөөдлийн байшинг бүтээгч "Dream house" ХХК-ийн ерөнхий захирал У.Будбаярын сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

Танай компани нэрнээсээ эхлээд л сонирхол татаж байна. Яагаад “Dream house” гэж нэрлэсэн юм бэ?

“Dream house” гэдэг нь монголчлох юм бол “Мөрөөдлийн байшин” гэсэн үг л дээ. Миний хувьд 2008 оноос эхлэн зорьж мөрөөдөж ирсэн зүйл маань гэр хорооллын амины орон сууцны асуудлыг шийдэхэд чиглэгдэж байсан. Орон сууцны салбарт технологийн барилга байхгүй байлаа. Манай ихэнх барилга дулааны алдагдал ихтэй учраас халаалтанд маш их зардал гардаг. Тэгэхээр л “мөрөөдлийн байшин” хэрэгтэй гэж бодоод судалгаа хийж эхэлсэн дээ. Судалгаа хийхдээ “Ямар технологиор ямар байшин барихад дулааны алдагдал хамгийн бага байх вэ” гэдэг дээр гол анхаарлаа хандуулсан. Тоосго, блок гээд барилгын бүх төрлийн материалууд, мөн канад хаус гээд амины орон сууцны боломжуудыг бүгдийг нь судалсан.

Хэдэн жилийн дараа эрлээ олов?

 Удаан судалсны эцэст, манайх шиг эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд хамгийн тохиромжтой технологийг нь олж авсан. Энэ технологи бол төмөр каркасан байшин буюу америк инженерүүдийн зохион бүтээсэн технологи байсан. Тэдний технологиор хийгдсэн анхны байшин нь Сибирьт баригдсан байдаг юм. Тэр инженерүүд “Хүн төрөлхтөнд тав тухтай амьдрах боломжийг нь бүрдүүлье” гэж мөрөөдөж яваад энэ технологио зохиосон юм билээ. Тэд “Dream house” гэдэг компаниа Америкт байгуулсан. Энэ компани олон улс оронд салбартай. Ази руу орж ирэхдээ Бээжинд үйлдвэрээ нээсэн байдаг. Тэр үйлдвэртэй нь би холбогдож Бээжин дэх компанид нь очиж танилцаад, ер нь хайж байсан юмаа оллоо гэж үзсэн. Ингээд 2012 онд “Dream house” технологийн анхны байшингаа Гачууртад угсарч байлаа. Энэ бол манай анхны загварын байшин.

Монголд салбар нээх үед “Dream house”-аас ямар нэгэн зөвлөмж өгсөн үү?

Бээжин дэх үйлдвэрийн эзэн, “Dream house”-ын Америкт байдаг захирал нь надад “За Баяраа, энэ технологийг ягштал баримталдаг юм шүү. Нэг ч юмыг нь сольж болохгүй, хаанаас нь ч юуг нь ч өөрчилж болохгүй. Энэ бол Америкт батлагдсан стандарт” гэж онцгойлон захиж байсан. Манай анхны загварын байшин 5 жил болоход яг л анх баригдсан тэр хэвээрээ. Технологи гэдэг үнэхээр өөр юм байна. Би 2012 онд “Dream house” компаниа байгуулах болсон туйлын зорилго маань гэр хорооллын амины орон сууцны асуудлыг шийдэх дээр л төвлөрч байсан гэж товчоор хэлж болно.

Их сайхан зорилго байна.

Монголчууд бүгдээрээ нийтийн орон сууцанд орно гэж байхгүй шүү дээ. Одоо ч гэсэн гэр хорооллын иргэд орон сууцны 2-3 өрөө байр өгье гэхэд авахгүй байна. Ямар нэгэн төлөвлөлт, шинэ шийдэл гарч л таарна. Бид хүлээж байгаа. Мөрөөдлийнхөө байшинг бариад, газраа тохижуулаад амьдарна гэсэн үзэл баримтлалтай байна.

Танайх төмөр карказан технологиор байшингаа барьдаг. Төмөр каркасаа хаана үйлдвэрлэдэг юм бэ?

Энэ технологи бол үнэтэй технологи. Тийм учраас үнийг нь бууруулахын тулд каркас төмрөө Монголдоо үйлдвэрлэх шаардлагатай гэж бид үзсэн. Яагаад гэвэл манай байшингийн гол технологи нь төмөр. Хэдийгээр урдаас оруулж ирэх боломжтой ч нэмүү өртөг нь тэндээ шингэчих гээд байна. Мөн тээвэр, гаалийн татвар нэмэгдэхээр хэрэглэгчдэд очих үнэ нь нэмэгдэнэ. Иймд манай компани 2016 оны 5 дугаар сард каркас төмрийн үйлдвэрээ оруулж ирсэн. Үйлдвэрээ оруулж ирж өөрсдөө каркас төмрөө үйлдвэрлэдэг болсноор манай байшингийн үнэ ч харьцангуй буурсан. Одоо чинь 21-р зуун шүү дээ. Гэтэл хүмүүс гэр хороололд нүд хальтирам амьдарч байна. Манай байшингийн үнэ нь хямд болж байж л энэ хүмүүст хүрэх боломж бүрдэнэ. Тэгэхгүй бол хэчнээн мөрөөдлийн байшин байгаад ч авч чадахгүй.

DREAM HOUSE-ТАЙ ХОЛБОГДСОН Л БОЛ, ТА БҮХ АСУУДЛАА ЦОГЦООР НЬ ШИЙДҮҮЛНЭ

Танай байшингийн м.кв-ын үнэ нь хэд вэ?

Манайх хэрэглэгчдэдээ зориулаад нэг м.кв нь 750,000 төгрөгөөс эхлээд 2 сая төгрөг хүртэлх үнийн сонголттой. Хүмүүс боломжиндоо тааруулаад өөрсдөө сонголтоо хийх нөхцөлийг нь бүрдүүлсэн. Технологи нь ижил, чанарын хувьд маш сайн байшинг үнэ болон ангилал зэрэглэлийн сонголттойгоор хэрэглэгчдэдээ нийлүүлж байна.

Ангилал зэрэглэлээр нь авч үзэх юм бол үйлчлүүлэгчдэдээ ямар боломжийг санал болгодог юм бэ?

Нэг м.кв нь 2 сая төгрөгийн үнэтэй хаусны хувьд иж бүрэн тавилгатайгаар нийлүүлж байна. Тавилгыг нь Бээжин дэх Dream тавилга үйлдвэрээс оруулж ирж угсардаг. Тавилгын загварын хувьд өргөн сонголттой. Олон улсын том зочид буудлуудад тавилга нийлүүлдэг компаниас нийлүүлэгддэг дээд зэрэглэлийн тавилгаас захиалагч маань сонголтоо хийдэг.

Танай загварын байшинг Гачууртаас өөр хаана очиж үзэж болох вэ?

Улаанбаатар хотын төвд Шангри- Ла зочид буудлын IMAX дотор манай байшингийн загвар бий. Тэнд очих юм бол манай технологиор барьсан байшингийн онцлог ялгааг, мөн гаражны хаалга нь гэхэд автомат удирдлагаар ажилладаг гээд хаусны бүх боломжуудыг харж болно.

НЭГ АЙЛЫН БАЙШИНГ “ 14 ХОНОГТ БАРЬДАГ

Танай байшин ер нь ямар онцлогтой юм бэ?

Манай байшингийн доод суурь нь бүрэн цутгамал. Тэрэн дээрээ акр нь бүдүүн боолтуудаар боогдоод бэхлэгддэг. “Технологийн хувьд 90 см тоосгон ханатай байшинтай бат бөх чанар болон дулаанаараа тэнцэнэ” гэж лабораторийн дүгнэлт нь гарсан байдаг юм. Ямар хэмжээний технологи болох нь ойлгогдоно байх. Гадна, дотор талын бүх систем, инженерийн шугам сүлжээ хийгдэнэ гэж ойлгож болох уу? Сантехникийн болон инженерийн шугам сүлжээний асуудал бүгд шийдэгдэнэ. Халуун, хүйтэн устай, гэртээ ариун цэврийн байгууламжтай, маш тав тухтай орчинд амьдрах боломжтой гэдгийг ялангуяа гэр хорооллын хэрэглэгчдэдээ зориулан онцолж хэлмээр байна.

Гэр хороололд энэ бүхнийг яаж шийдэх вэ?

Амины орон сууцны шийдэл хөгжөөд олон асуудал шийдэгдсэн. Бохирыг гэхэд шүүлтүүртэйгээр хөрсөнд шингэдэг болон шингэдэггүй, мөн соруулдаг гээд олон төрлийн шийдлээс хэрэглэгчийн сонголтын дагуу хийж өгдөг. Бохирын систем манайд олон төрлийн сонголттойгоор ороод ирчихсэн байна. Бид тэр бүгдийг ашиглаж байгаа.

Нэг айлын байшингийн өртөг хэдэн төгрөг болдог вэ?

Нэг байшингийн үнэ дунджаар 50 гаруй сая төгрөг болж байна. Энэ маань 2-3 өрөө байшин шүү дээ. Зах зээлийн ханшаар бол 50 сая төгрөгөөр 3 өрөө байр авах боломжгүй гэдгийг манай хэрэглэгчид сайн мэдэж байгаа.

Газартай айл өвөл зунгүй амьдрах байшин бариулах боломж байна, Тийм үү?

Тийм ээ. Гэхдээ манайх хэрэглэгчдийнхээ бүх асуудлыг цогцоор нь шийдэж байгаа. Хэрвээ газаргүй айл байх юм бол газрыг нь байшинтай нь хамт шийдэж өгөх боломжтой.

Газрыг нь хүртэл шийдэж байгаа гэж үү?

Тийм ээ. Жишээ нь, газар зарах хүмүүс манайхтай их холбогддог. Бид захиалагчдадаа газруудыг нь санал болгодог. Манайх хэрэглэгчдэдээ цогц үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Хүмүүс “За байз газартай болж байгаад л байшин захиалъя” гэж боддог шүү дээ. Тэгэх шаардлагагүй. Dream house-тай холбогдсон л бол та бүх асуудлаа цогцоор нь шийдүүлнэ.   

Танайх байшиндаа халаалтыг нь яаж шийддэг юм бэ?

Манай байшингууд шалнаасаа халдаг цахилгаан халаалтын шийдэлтэй. Ер нь маш богино хугацаанд халдаг. Халсан дулаанаа алддаггүй учраас халаалтын зардал бага. Цахилгаанаар халаахдаа яг 20 градус гээд системээ тохируулчих юм бол 20 градустаа хүрээд л унтарчихна. Хөртөл нь их хугацаа орно. Дахиад автоматаар ажиллаад халаана.

Дулааны алдагдалгүй гэсэн үг үү?

Тийм ээ. Технологийн барилга учраас дулаанаа алдахгүй. Дулаанаа алдахгүй учраас зардал бага гарна. Энэ бол манай Dream house технологийн хамгийн гол давуу тал нь. Монголд өвөлдөө их хүйтэн шүү дээ. Тоосгон байшинг халаах гэж ямар их зардал гаргадаг билээ. Канад хаус гэхэд л яг технологийн модоор нь хийгээгүй бол мод нь тахийна, ан цав гарна, дулаанаа алдана, улмаар зардал их гарна. Манай байшин бол төмөр каркасан бүтээцээр хийгдсэн учраас ан цав гарна гэсэн ойлголт байхгүй тул дулааны алдагдалгүй байдаг.

Танай байшинд айлууд хэдэн жил өвөлжиж байгаа вэ?

Одоогоор 2-3 жил өвөлжчихсөн айлууд байна. Тэд нар үнэхээр тав тухтай амьдардаг. Манай зарим шинэ үйлчлүүлэгч “Танайхаар манай таньдаг хүн, найз байшин бариулсан юм. Үнэхээр тав тухтай юм билээ. Би ийм байшинтай болмоор байна” гээд л ирдэг.


БАЙШИН БАРИАД ХҮНД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР САЙХАН ЗҮЙЛ

Нэг айлын байшин барихад ямар хугацаа зарцуулагддаг юм бэ?

Нэг айлын жижгэвтэр байшинг 14 хоногт барьдаг. Хэмжээнээсээ шалтгаалж хоног нь нэмэгдэж болно. Харьцуулаад ярихад, жишээ нь канад хаусыг Канадад бэлдчихсэн бэлдэц модоор нь хийх юм бол чанартай. Харин манайд хэрэглэж байгаа нь зориулалтын бус мод гэсэн үг. Атлантын далайг гатлаад Ази тивийг хөндлөн гарч ирсэн материалаар барина гэдэг бол, нэг м.кв нь хамгийн багадаа 1500 доллар болох юм билээ. Би их сайн судалсан. 1500 доллар гэдэг зах зээл дээр 3 сая төгрөг. Ийм үнээр авах хэрэглэгч нь ч цөөн биз дээ.

Тийм л дээ.

Тэгэхээр үүнийг л хүмүүс их сайн ойлгох хэрэгтэй. Технологийн барилга хийж байж л бид дулаан бага алдана. Дулаан бага алдаж байж дулааны зардал бага гарч тав тухтай амьдарна. Тэгэхээр технологи гэж хамгийн чухал юм байдгийг ойлгох хэрэгтэй. Манай Dream house технологиор 6 давхар хүртэл барилга барих боломжтой. Одоохондоо голдуу 3 давхар барилга баригдаж байна. Хойшдоо 4-5 давхар барих л байх.

Жижгэвтэр үйлчилгээний төв, цэцэрлэг ч барих юм байна шүү дээ.

Цэцэрлэг бол маш тав тухтай болно. Тоосгоор, блокоор барьчихаад халаах гэж өндөр зардал гаргаж байхаар, манай технологиор барих юм бол нэгдүгээрт хямд өртөгтэй, хоёрдугаарт инженерийн иж бүрэн шийдэлтэй гэдгээрээ давуу юм.

Энэ байшингаа хэр их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байгаа вэ? Танай үйлдвэрлэлийн хүчин чадал ямар түвшинд байгааг сонирхъё.

Бид төмөр каркасны үйлдвэрээ оруулж ирснээс хойш зах зээлд 70- аад байшин борлуулсан байна. Энэ жилээс эхлэн байшингаа таниулаад, энэ брэндээ зах зээлд илүү өргөн хүрээнд гаргахыг зорьж байгаа. Хүчин чадал маань ч сайжирчихлаа. Харьцангуй туршлагатай ч боллоо. Одоо хүндээ хүргэе гэдэг зорилго тавиад маркетинг дээрээ анхаарч байна. Манай үйлдвэрийн хувьд, өдөрт 10 хаус 150 м.кв-аар гаргах хүчин чадалтай шүү дээ.

Тийм гэж үү?

Энэ бол манай хүчин чадал их байна гэсэн үг. Бид өнгөрсөн онд хүчин чадлынхаа 10 хувьд л хүрч ажилласан. Энэ жил ядаж 30 хувьд нь хүргэе гэсэн зорилттой байгаа.

Танайх нэг ёсондоо байшин үйлдвэрлэх комбинат юм байна. Төмөр каркас бол үндсэн тулгуур нь, харин хана болон дотор тал нь ямар материалаар хийгддэг юм бэ?

Төмөр карказ нь 10 см өргөнтэй байдаг. Түүндээ эрдэст хөвөн болон шилэн хөвөнгөө хийгээд, гадна талд нь ОSB хавтан, дотор талд нь гипсэн болон өөр бусад хавтан хийнэ. Дотор хананд обой нааж, эмульсдэж болон өөр бусад сонголтоор засаж, захиалагчийн хүссэнээр интерьер дизайн гаргаж болно. ОSB-ний гадна талаас амьсгалдаг технологийн цаасаар чийг гадагшлуулагч хийгээд, дулаалгын хөөсөнцөр тавигдана. Тэгээд галын хамгаалалт буюу гадарга нь Сайдинг гэж нэрлэдэг төмөр дулаалгатай болон үл шатах бодис нэвчүүлсэн бусад материалаар хийгдэнэ. Энэ нь гадна фасад юм. Материал нь олон сонголттой. Гаднаасаа галаас хамгаалагдана, дотор талаасаа гипсэн болон үл шатах бодис нэвчүүлсэн ханатай учир гал гарах боломжгүй. Төмөр каркас бол 100 жилийн баталгаатай байдаг учраас гэр бүлээрээ өв уламжуулан амьдрах боломжтой жинхэнэ мөрөөдлийн байшин болж чадна.

Ер нь айлууд дунджаар хэдэн м.кв байшин захиалж байна вэ?

Одоохондоо зуслангийн байшингийн зориулалтаар их сонирхож байна. Зуслангийн байшин бол 50- 100 м.кв. Мөн үйлчилгээний төвийн зориулалтаар том байгууламжуудыг яг энэ технологиор бариулж байна. Зуслангийн байшин, үйлчилгээний байгууламжаас гадна хотын төвд өргөтгөлийн зориулалтаар их ашиглаж байна. Хөнгөн чанарын бат бөх байшин учраас барилга дээр өндөрсгөж өргөтгөл хийлгэж байна. Өргөтгөлийг сунгаж бариулж байна. Үйлдвэрийн болон агуулахын зориулалтаар ч байгууламж бариулж байгаа. Жишээ нь, сэндвичэн технологиор агуулах барихад өвлийн улиралд эмзэг барааны хадгалалтын горим алдагдах гээд байдаг. Харин манай технологиор агуулах хийлгэсэн тохиолдолд хадгалалтын горим дээр асуудалгүй болж байгаа юм. Дарс гэхэд сэндвичэн агуулахад хадгалах боломжгүй бол, манай технологиор хийсэн агуулахад стандартын горимоороо хадгалагдана.

ГЭР ХОРООЛЛООС ХАНДЛАГА БАГА БАЙДАГ. ЯАГААД ГЭВЭЛ ХАУС БАРИХАД 5-8 ХУВИЙН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОДООХОНДОО ӨГӨӨГҮЙ БАЙНА. ЭНЭ ЗЭЭЛИЙГ ЗӨВХӨН ОРОН СУУЦАНД Л ӨГЧ БАЙГАА. ХЭРВЭЭ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ДЭМЖИГДЭХ ЮМ БОЛ ГЭР ХОРООЛЛЫНХОН ЗАХИАЛГА ӨГЧ БАЙШИНГАА БАРИУЛАХАД БЭЛЭН БАЙГАА.

Танай технологийн хувьд хэрэглээний хүрээ өргөн юм байна. Гэхдээ гэр хорооллоос хэр их захиалга орж ирж байна вэ?

Гэр хорооллоос хандлага бага байдаг. Яагаад гэвэл хаус барихад 5-8 хувийн орон сууцны зээл одоохондоо өгөөгүй байна. Энэ зээлийг зөвхөн орон сууцанд л өгч байгаа. Хэрвээ зээлийн бодлогоор дэмжигдэх юм бол гэр хорооллынхон захиалга өгч байшингаа бариулахад бэлэн байгаа. Учир нь манайд захиалга өгөхийг хүссэн хүмүүс орон сууцны зээлд хамрагдах боломжтой эсэхийг байнга асуудаг. Тухайлбал, “Гэр хорооллоос залгаж байна. Манайх Долоон буудалд байдаг. Зээл гарах боломжтой юу?” гээд олон хүн ярьж байсан. Энэ асуудлыг төр засаг маань анхаарч шийдээд, амины орон сууцанд зээлийн бодлого гаргаад өгөх юм бол гэр хорооллын амины орон сууцны асуудлыг орчин үеийн түвшинд шийдэх боломж нь байна. Хэрвээ амины орон сууцны зээлийн бодлогоор дэмжигдэх юм бол гэр хороололд нэлээн дорвитой өөрчлөлт хийж чадах нь ээ? Улсаас амины орон сууцны 8 хувийн зээл гаргачихад л болохоор байна. Тийм л дэмжлэг хэрэгтэй байна даа.

Танайх хэр олон ажилтантай вэ? Боловсон хүчнээ яаж сургадаг вэ?

Манайх оргил үедээ 100 гаруй хүн ажилладаг. Боловсон хүчнээ бэлтгэхдээ компани дээрээ технологийн сургалтанд хамруулж, барилга дээр дадлагажуулдаг. Жишээ нь, таван хүн нэг жижгэвтэр барилга дээр ажиллахад хоёр нь шинэ хүн орж ирдэг. Хоёр байшин дээр тэднийг дагуулаад дадлагажуулна. Тэд маань байшингаа угсарч чаддаг болоод бие дааж ажиллах чадвар эзэмшдэг. Зарим үед урд хөршөөс инженер ирж ажиллана. Жишээ нь хийцлэл өндөртэй барилга барихад хятад инженер ирж тусалдаг.

Одоо танайд зуслангийн байшингийн захиалга нэмэгдэж байна уу?

Зуслангийн байшингийн захиалга ихсэж байгаа. Дагалдаад бас том хаусны захиалга ч орж ирж байна. Байгууллагын ажилчдын байр ч захиалж байгаа. Үндэсний томоохон компаниуд маань биднийг дэмжиж манайд захиалга өгч байна. Энэ бол маш том дэмжлэг шүү дээ.

Монголчуудынхаа тав тухтай амьдрах мөрөөдлийг биелүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж, байшинг нь бариад хүлээлгэж өгөхөд сайхан байдаг биз дээ?

Ер нь байшин бариад хүнд хүлээлгэж өгнө гэдэг бол үнэхээр төсөөлшгүй сайхан зүйл л дээ. Хүлээж авч байгаа хүмүүсийн сэтгэгдэл их өөр. Манайх каркасаа босгоод ирэхэд л хүмүүс “Энэ чинь ямар гоё хурдан юм. Ямар сайхан юм бэ” гээд л баярладаг. Ер нь манай байшинг харахад л чанар мэдрэгдэхээр байдаг л даа. Дотоод засал нь гэхэд л олон төрлийн сонголттой. Манай технологийн хувьд өнгө, дизайн, загварыг гоё гаргаж модерн, классик гээд олон төрлийн загвар шийдлээр хаус хийх боломж олгодог давуу талтай.

Амины орон сууц захиалагчдад ямар асуудал хамгийн их тулгамдаж байгаа нь ажиглагддаг вэ?

Захиалагч байшингаа захиалахад мөнгө нь дутдаг. Тэд банкны зээлд хамрагдах боломж байхгүй юм уу гэж маш их асуудаг. Тэгэхээр амины орон сууцыг банкны зээлээр дэмжих төрийн бодлого хэрэгтэй байна гэдгийг л дахин хэлмээр байна.

Ярилцсан Ц.Оюунчимэг

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүхээ(103.26.193.171) 2018 оны 02 сарын 24

Холбогдох утасаа өгөөч

0  |  0
Top