”Мөнгөлөг шагшуурга” нэрт өнгөлөг наадам болж байна

Алтайн хөх уулсын салхин түрлэг икэлийн эгшиг хөөмийн аялгуун дор "Мөнгөлөг шагшуурга-2018" нэртэй нэгэн томоохон баяр өчигдөр Хар ус нуурын хөвөө Төмөртийн хөндийд эхэлжээ. Олон үндэстэн ястны өлгий Ховд аймгийн 17 сум, аж ахуй нэгжийн 15.0 мянга гаруй хүн тус баярт оролцож буй гэнэ.  "Гурван Сэнхэр төвтэй таван од" аялал жуулчлалын  хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй мөсний баяр нь баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой аж.
Мөсний баярын нээлтэд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог оролцож үг хэлэхдээ, Хар ус нууранд нүүдэллэн ирдэн усны шувуудын тухай онцлон ярьжээ. Тус нууранд 200 орчим зүйлийн нүүдлийн шувуу ирдгийг дурдаад, тэдний дунд нэн ховорт тооцогддог хотон шувуу ирдэг нь сүүлийн хоёр жилийн судалгаагаар тоо толгойн хувьд 80 хүрэх үгүй төдий байгааг дурджээ.
Уг мөсний баярыг долоо дахт жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Анх 2009 онд Хотон шувууг хамгаалах, Хар ус нууранд нутаглах, өсөж үржих боломжийг бүрдүүлэх зорилгоор малчдын саналаар бэлчээрийг зүй зохистой ашиглах журам баталж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газрын санаачлагаар 100 гаруй нутгийн иргэд, малчид, төсөл хөтөлбөрийн газрууд хамтран зохион байгуулжээ.
Энэ удаагийн “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын нээлтийн үйл ажиллагаанд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцлоо. Мөн“Морин хуур-2017” наадмын гранпри шагналт Б.Хүрэлбаатар, Дарви сумын Мөнгөн аяга багийн 2017 оны Улсын хошой аварга малчин Д.Баатарцогт нар болон 2017 оны Улсын аварга малчид, тариаланчид оролцож хүндэтгэлийн үг хэлжээ.
Мөн мөсний баярын үйл ажиллагааны үеэр Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит "Алтан гадас" одонт аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Монголын язгуур хөгжмийн зэмсэг болох Алтай ятга, хэл хуур, цуур, икэл, шагай зэргийг тоглож, “Жангар” хамтлаг “Алтайн магтаал” хайлж, Арвангурван Алтай, 33 оргилоо аргадан 33 эмэгтэй цай, сүүнийхээ дээжийг цацал болгон өргөж хурсан олны бишрэлийг төрүүлжээ. Мөн 13 бүжигчин Алтайгаа аргадаж, байгаль дэлхийгээ магтан “Бөөгийн бүжиг” бүжиглэж, 60 гаруй уран бүтээлч, иргэд хамтран Хүннү гүрний үеэс гаралтай “Тойрон бүжиг”, бий биелэгээ хийж бэлэг барьсан байна.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page