Отгонтэнгэр ууланд аврах ажиллагааны дадлага хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын уулчдын үндэсний холбоо хамтарч ажиллахаар болсноо мэдэгдлээ.  Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга,  дэд ерөнхийлөгч Б.Золжаргал нарыг саяхан хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэр тэд Монгол Улсын уулын аврах ажиллагааны үндэсний тогтолцоо, уулчин аврагчдыг сургах, сургалтын тогтолцоог бий болгох замаар Олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, уулын аврагч, дасгалжуулагчдыг бэлтгэхээр болжээ. Мөн мэргэжлийн уулчдын хамтарсан аврах багийг байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай сургалт, бэлтгэлийн бааз байгуулах зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Дашрамд сонирхуулахад, Онцгой байдлын ерөнхий газар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө, Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр “Отгонтэнгэр”, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Алтай таван богд” зэрэг өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгууллахаар тусгажээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top