Дандаа сонгууль болоосой буюу ТЭНЭГҮҮДЭД ТӨЛСӨН МӨНГӨ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Сонгуулийн тогтолцоо мажоритар буюу жижиг тойргуудад хуваасан нь “мөнгөний сонгууль” гэж нэршсэн хууль бус байдлыг бий болгосон гэсэн шүүмжлэл их өрнөдөг. Тэгвэл тойргуудад хуваасан энэ тогтолцоо нь зарим дүүрэг, сумдын хувьд том завшаан болдог нь нууц биш. Ялангуяа 240 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том (бас хамгийн ядуу) дүүрэг болох Сонгинохайрханы иргэдэд энэ тогтолцоо туйлын хэрэгтэй. Учир нь олигтой том аж ахуйн нэгж байхгүй, ажилгүй иргэдийн тоо ихтэй тус дүүргийн ажил сонгуулийн үеэр л нэг урагшилдаг юм байх. Бас болоогүй, хэдэн халтар төгрөг, гурил будаахан өгдөг нь иргэдийн сэтгэлийг юунаас ч илүү хөдөлгөдөг бололтой. Улстөрчид ч сонгуулийн энэхүү тогтолцоондоо зориулж, гурван жил хурааж нөөсөн ажлаа сүүлийн ганц жил бөөнддөг гэсэн хэл үг дуулддаг билээ.

Энэ байдал пропорционал тогтолцоотой болбол арилна гэж зарим нь үздэг. Гэвч үгүй юм. Пропорционал систем гэдэг маань ойлгомжтойгоор тайлбарлавал ердөө гишүүд өөрсдөө мөнгө тараадаг байсан бол одоо намаараа дамжуулж тараадаг л болж байгаа хэрэг. Дараа нь тэр мөнгөө төсвөөс гаргуулаад авчихна. Хэдий чинээ их мөнгө тараана, төдий чинээ хангамж эдэлнэ л гэсэн үг. Жишээ нь сонгуульд зарцуулах мөнгө тэрбум төгрөгөөс давснаас хойш гишүүд бүрт төсвөөс хуваарилах мөнгө тэрбум төгрөг болоод л гарч ирснийг уншигчид санаж буй биз ээ. Сонгууль зохион байгуулахад зориулан намаас гаргадаг зардлаар жишээ авья.

Намууд 1992 оны УИХ-ын сонгуульд 13.7 сая төгрөг, 1996 онд 209.3 сая төгрөг зарцуулж байсан бол 2000 онд 1841.8 сая төгрөг, 2004 онд 1558.4 сая төгрөг зарцуулжээ. Улсын төсвийнхөө өсөлтийн хурдцыг хэд дахин нугалсан энэ зардал өсөхийн хэрээр УИХ-ын гишүүдийн эдлэх эрх ямба ч нэмэгдсээр ирсэн байна. УИХ-ын гишүүдэд тойрогтоо зарцуул гэж өгдөг мөнгө бас энэ хэмжээгээр нэмэгджээ.

УИХ-ын гишүүний төсөв нь өөрийн болон нийтлэг үйлчилгээний зардлаас бүрддэг аж. УИХ-ын гишүүний төсөвт зардалд гишүүний үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцөл болон эрдмийн зэргийн нэмэгдлүүд, сонгогдсон тойрогтоо ажиллах албан томилолт, унааны зардал, хот доторх албан ажлын унаа хэрэглэх зардал, хэвлэл захиалга болон сурталчилгааны материал хэвлүүлэх, гэрээний үндсэн дээр ажиллуулах туслахын цалингийн зардал багтдаг байна.  Харин нийтлэг үйлчилгээний зардалд нийгмийн даатгалын шимтгэл, сонгогдсон тойргоос өөр газар буюу УИХ-ын болон байнгын хорооны ажлаар орон нутагт ажиллах албан томилолтын, УИХ-ын шугамаар зохиогдсон баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний унааны, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааны амь нас, гэнэтийн ослын даатгалын, холбогдох шийдвэрийн дагуу төсөвлөгдсөн зардал багтдаг байна. Гэхдээ нийтлэг үйлчилгээний зардал нь гишүүний төсөвт тооцогддоггүй аж.

УИХ-ын гишүүний үндсэн цалин дээр онцгой нөхцлийн нэмэгдэл үндсэн цалингийн гучин хувьтай тэнцэнэ. Эрдмийн зэргийн нэмэгдэл 10-15 хувь. Харин УИХ-ын гишүүнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллах туслах ажилтан нь гишүүний үндсэн цалингийн 30 хувь, хоол, унааны мөнгө өдөр тутамдаа тооцуулж авдаг.  Гишүүдийн албан томилолтын ор хоногийн зардлыг аймаг орон нутагт очих, ирэх замын зардалд амь насны даатгалын зардлыг хамруулж тухайн үеийн тарифаар тус тус тооцон олгодог байна.

Ер нь сонгууль гээч зүйл манай улсын хийдэг гол ажил болжээ. Сонгууль зохион байгуулахад зориулан төрөөс гаргадаг зардлаар жишээ авъя л даа. УИХ-ын 1992 оны сонгуульд 13.0 сая төгрөг зарцуулж байсан бол 1996 онд 189.2 төгрөг, 2000 онд 359. 7 сая төгрөг, 2004 онд 566.6 сая төгрөг тус тус зарцуулсан. Энэ тоо 2008 онд бүр найман тэрбум болтлоо нэмэгдсэн нь стратегийн ач холбогдолтой ордуудтай холбоотой. 

Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 40.0 сая төгрөг, 1997 онд 150.0 сая төгрөг, 2001 онд 358.0 сая төгрөг, 2005 онд 518.1 сая төгрөг зарцуулжээ. Гэтэл өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан мөнгийг эдгээртэй харьцуулахад үнэхээр толгой эргэм өсөлт харагдана. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвөөс гарах зардал нийтдээ 14.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан юм.  

Эндээс бид улстөрчдийг сонгохын тулд, тэднийг ажилтай, албан тушаалтай байлгахын тулд асар их зардал төлдөг юм байна гэсэн дүгнэлт гарна. Гэвч тэдний барьж буй хариу, хийж буй үйл ажил бидний санасан, хүссэнд хүрэхгүй байгаа нь чухам юуны учир вэ.

Олноо “Малыш” гэж нэршсэн Б.Энхтүвшин саяхны нэг ярилцлагадаа “Тэрбум хүнтэй Хятадыг хөгжүүлж болоод байхад гуравхан сая хүнийг сайхан амьдруулах яагаад хэцүү байдаг хэрэг вэ. Энэ бол зүгээр сонирхлын л асуудал” хэмээн өгүүлж байсан билээ. Үнэхээр ч бид улстөрчдөд өнгөрсөн 28 жилийн туршид хамаг л өнгөтэй өөдтэй бүхнээ барьж гүйлээ. Хариуд нь тэд биднийгээ сонгуулийн хэдхэн хоногт л санах юм даа.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Унжаад байхаар унаад(122.201.20.190) 2018 оны 02 сарын 26

Таван толгой малыг идшэнд хэрэглэдэг, 3 сая монголчуудыг ”сонгууль”-д ашигладаг, бусад үед нь ... Тэгээд ч тэд нар нь идэхээс өөр ид шидгүй болж гүйцэж байна.

0  |  0
Top