Б.Билэгт тэргүүтэй нэр бүхий албан тушаалтнууд ХОМ-ээ хугацаа хожимдуулж мэдүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд АТГ-аас улсын хэмжээнд энэ оны мэдүүлгийн бүрдүүлэлтийг явуулж дуусаж улсын хэмжээнд нэгдсэн тайлан дүн мэдээг гаргахаар  АТГ ажиллаж байгаа.  

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан. Эндээс хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна.

Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстой. 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлжээ. Нэг мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт аж. Тодорхой шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй. АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг мэдээллээ.

Мөн Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ. Дээрх нэр дурдсан зургаан албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй аж. 

-Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол ямар хариуцлага хүлээлгэх вэ-

13.8.1. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

13.8.2. Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.3. Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.4. Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

13.9. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.183.93) 2018 оны 02 сарын 28

Хөрөнгө орлогын мэдүүлэг бол ор нэр төдий ажил.Хөрөнгө орлогоо зөв мэдүүлдэг албан тушаалтан гэж байдаг юм уу.Баярцогт 1 сая доллороо нуугаад мартчихсан байсан биз дээ.

0  |  0
зочин(202.179.25.251) 2018 оны 02 сарын 27

Но-той болоод л тэр ш дээ,

0  |  0
Top