Хариуцлагатай нь үнэн үү !!!

2018 оны 02 сарын 28

Монгол Улс, тэр тусмаа өмнийн говь гүрэн дамжсан акул групп, компаниудын хөлд нэрвэгдэж дуусах нь хэмээсэн айдас хаа хаанаа байдаг ч томоохон хөрөнгө шаардагдах стратегийн орд газруудад өнөөх л акул компаниуд орохоос өөр аргагүй байдал үүсдэг. Учир нь уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон компани байдаг ч тэдний бэл бэнчин дутдаг учраас гүрэн дамжиж хөлжсөн том акулуудыг оруулахаас өөр арга байдаггүй аж.

Оюутолгой, Тавантолгой гэх мэт стратегийн орд газарт дэлхийн олон улсад үйл ажиллагаа явуулж байсан туршлага бүхий компаниуд орж ирснээр бид хоосон хар нүхтэй, цөлжсөн байгалтай үлдэх нь гэсэн маргаан ч мөнхийн сэдэв болсоор байна. Үнэний хувь ч бий байх. Харин уул уурхай эрхэлдэг, үүнд тулгуурласан эдийн засагтай 51 орны дунд уул уурхайн зөв зохистой олборлолт, хариуцлагтай эсэхэд судалгаа хийхэд Монгол Улс хариуцлагатай уул уурхай эрхэлдэг, зөв зохистой хэрэглээг бий болгосон гэх дүгнэлт гаргажээ. Тэр ч бүү хэл дэлхийн 51 орноос хоёрт жагссан гэрэл гэгээтэй мэдээллийг өгч байна. Тэртээ тэргүй уул уурхайд суурилсан эдийн засагтай орон учраас зөв зохистой хэрэглээг чухалчлах нь зүйн хэрэг байх.

Монгол Улсад ашиггүй гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг гэх Оюутолгой үйл ажиллагаа явуулаад 10 орчим жил болж байгаа ч түүнийг дагаж боссон хот суурин гэх бат бөх зүйл лав байхгүй. Цаашид хөгжих эх үүсвэргүй, насгүй барилга байгууламж л үлдэнэ. Нөөц ашиглаж дууслаа л бол тэнд хүн амьдрах аргагүй нөхцөл байдал үүснэ гэх мэргэжилтнүүдийн үгнээс харвал тэнд зөв зохистой олборлолт, хариуцлагатай уул уурхай гэж байх учиргүй. Гэхдээ манай улс уул уурхайн чиглэлд туршлага хуримтлуулж, хариуцлагаа өндөр болгох хангалттай цаг хугацааг туулсан учраас болохгүй зүйл алга. Шинжээчдийн ярьж байгаагаас харвал африкийн улс орнуудтай зүйрлэх аргагүй зөв зохистой олборлолт явуулдаг юм байх.

Ямартай ч стратегийн орд газар түшиглэсэн хот суурин босоогүй байна. Тухайлбал, Эрдэнэт шиг хот алга л байна. Гэтэл Эрдэнэтээс хэд дахин их нөөцтэй Оюутолгойд амьдрах нөхцөл алга, итгэл төрөхгүй байгаа нь шинжээчдийн хариуцлагатай, зөв зохистой хэрэглээ гэдэг нь арай л өрөөсгөл санагдана. Өнөөдөр Оюутолгойд ажиллаж байгаа ажиллах хүчин тэндээ амьдраад ажиллаж байгаа нь бараг үгүй. Улаанбаатараас болон бусад сум суурин, аймгаас орон гэргүй дамжин өнгөрөх замаар ажиллаж байгааг дурдсан. Хэрвээ тэнд хот суурин босгох төлөвлөгөөний дагуу орон сууцны хороолол барьж, түүнийг дагасан сургууль цэцэрлэг гээд дагалдах бүхий л зүйл байвал хүн амьдарна. Зардал чирэгдэл болж ар талд үлдсэн гэр бүл рүүгээ яарах хэрэггүй, ая тухтай амьдрах боломж бүрдэх юм. Гэтэл манай стратегийн орд бүхий газарт ийм тав тух үгүй нь аанай л хариуцлага, зөв зохистой хэрэглээг хөндөхөд тулна. Дэлхийн шинжээчид чухам ямар учраас дэлхийн хэмжээний улс орнуудаас авсан судалгаагаар Монгол Улсыг хоёрт жагсаав гэдэг нь сонирхол татаж байна.

Өнөөдрийг хүртэл Оюутолгой нь БНХАУ-аас эрчим хүчээ авч, үүний төлбөрт жилдээ 200 шахам тэрбум төгрөг төлдөг аж. Оюутолгой, Таван толгой орд газарт үйл ажиллагаа, олборлолт явуулаад арав гаруй жил болж байхад Эрчим хүч үйлдвэрлэх станц бариагүй нь ч хоёр талын буруу.

Харин 2014 онд “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г Засгийн газар болон "Оюутолгой" компани үзэглэсэн. Энэ гэрээнд тусгаснаас харвал 450МВт-ын хүчин чадалтай Тавантолгой станц, "Оюутолгой" компанийн эзэмшлийн цахилгаан дамжуулах төв шугамыг төр эзэмших асуудлыг гэрээнд тусгаж байжээ. Үүгээрээ зөвхөн стратегийн орд газрыг бус өмнийн говийг цахилгаанаар хангах болон яваандаа эрчим хүч экспортлох боломж нээгдэж байгааг ч дуулгаж байсан нь өнөөдөр хүртэл биелэлээ олоогүй байна.

Тэгэхээр шинжээчид Монгол Улсыг дэлхийн 51 орноос хариуцлагтай хэмээн хоёрт жагсаасан нь зүгээр л Монгол Улсад тал зассан, дулдуйдсан зохион байгуулалттай ажиллагаа биш байгаа гэсэн хардлагыг дагуулж байгаа юм. Учир нь гүрэн дамжсан акулууд ямар ч ажлыг өндөр түвшинд зохион байгуулаад дадчихсан улс шүү дээ. Тэр тусмаа иргэний нийгмийн байгууллагууд олонтой, тэмцэгчид олонтой жижигхэн улсад энэ мэт мэдээллээр гэрэлтүүлэх оролдлого ч байхыг үгүйсгэх арга алга.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
akul(103.212.119.73) 2018 оны 02 сарын 28

MUNHNAR EEJ

0  |  0
Зочин (66.181.183.93) 2018 оны 02 сарын 28

Газрын баялагаа үндэстэн дамнасан корпорациудад алдаад дуусч байгаа болохоос ирээдүй хойч үеэ бодож байгаа юм ер алга.Энэ их газрын баялаг чинь ард түмэнд наалдах нь битгий хэл хэдэн луйварчид гадныхантай нийлж сүйтгэж байгаа нь үнэн биз дээ.

0  |  0
йыбө(202.70.44.238) 2018 оны 02 сарын 28

Сэтгүүлчээ хууль бус алт олборлогчид яаж туйлж юу үлдээж байгааг судлаад, сурвалжлаад бичээч. Сэндийчүүлсэн аймгуудаар нэг яваад үзээч. Жинхэнэ болохгүй байгаа талбарт нь очоод сурвалжлах зориг байхгүй л дээ. ОТ бол улсад хамгийн их татвар төлдөг, нөхөн сэргээлт хийдэг, хөрөнгө оруулалт хийдэг. Удахгүй манайх 34% орлого авна

0  |  0
Уурхайчин(202.131.225.197) 2018 оны 02 сарын 28

Шарынгол, Эрдэнэт, Багануур, Шивээговь, Хөтөл, Борөндөр..., тэгээд л дуусаа. Социализмын үед чинь МОНГОЛ харин ард түмнээ бодсон хэдэн уурхайтай болсон юм биш үү? Өнөөгийн уурхайнууд чинь яг үнэндээ гэр бүл салалтын УУРХАЙ болоод ч байгаа мэт...

0  |  0
Top