Д.Жаргалсайхан: Бидний муу хэлээд байдаг солонгос киноноос казахууд Монгол хэл сурч байна шүү дээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Цагаан сарын өмнөхөн Монголын баруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудаар “Хөхөөтай Хүүндээн” аялан тоглолтоо толилуулаад ирсэн яруу найрагч шог зохиолч Дагвын Жаргалсайхантай ярилцлаа. Түүнийг уншигчид маань Тал бичээч нэрээр нь таних биз ээ.

Зураг дээр: Ховд аймаг. Баруун гар талд Д.Жаргалсайхан

-Идэр есийн жавар тачигнасан, оргил хүйтний үеэр Монгол нутгийн гол хүйтэн цэгүүдэд очиж тоглолтоо хүргээд ирж. Явсан газрын сониноос дэлгэвэл?

-Манай тоглолт бол бусад уран бүтээлчдийнхтэй адил мөнгө төгрөг чухалчилаагүй, зорилтот тоглолт л доо. Бичгийн бөгөөд ярианы хэл аялга ялгаатай, олон ястан үндэстний өлгий нутгаар ямар байна вэ. Би хэрхэн ойлголцох бол гэсэн нэгдүгээрх сонирхол буюу судалгаа. Хоёрдугаарт 1700-1800 км алслагдсан жижиг ястан үндэстнүүд маань ямархуу аж төрж байна вэ гэдгийг биеэр үзье гэдэг зорилгодоо хөтлөгдөөд гарсан. Гуравдугаарт 50 хүртэлх хэмийн эрс тэс нөхцөлд насаараа амьдарч байгаа хүмүүсийн амьдралтай нүүр тулаад ирье гэдэг санаагаар зориуд ирдэр есөөр явлаа. Хүйтний хувьд үнэхээр хүйтэн байлаа. Зарим газарт шөндөө хасах 53 хэм хүрч хүйтэрч хонож байсан. Мэдээж цас их байлаа. Увс нуурынхаа ай савыг тойроод их цастай. Бид Увсын Давстаас Тэс хүртэл 80 км замыг мөсөөр туулсан. Нуурынхаа зүүн хойд талаар явсан. Урлаг соёлын судалгаа шинжилгээ янз бүрийн зүйл ажиглаж явдаг хүнийхээ хувьд соёлын төв, номын сангуудаар нь орж гарч яваад ирлээ. Түүнээс хоёр чухал зүйл анзаарагдсан л даа. Нэгдүгээрт сүүлийн жилүүдэд Соёлын төв нэртэй спорт комплесууд их баригдаж. Ямар ч акустикгүй. Хөгжим тавихаар цуурайтна. Халаалттай бол бүр ярилтгүй. Яаж ч галлаад нэмэр байхгүй. Ямар сайндаа би Тэсд явж байхдаа, “Тэс аргагүй хүйтэн газар юм. Хасах 25 хэмийн хүйтэнд тоглолт үзээд дажгүй тарлаа...” гэж фэйсбүүк хуудсаараа дамжуулж хошигнохов дээ. Ваакум цонх нэртэй хүйтэн нэвтрүүлэх, дулаан алдахдаа гаргуун эд хөдөөгүүр их болж. Тийм учраас тэр Соёлын төв нэртэй спорт заалыг өвөл ашиглалтгүй юм байна гэдгийг мэдэрчихээд ирлээ. Тэр мэтчилэн янз янзын асуудал их байна.

-Тэнд явах үедээ “Улаанбаатараас 30 жил хүн ирээгүй сум байна” гэж жиргэсэн байсан. Баян-Өлгийн Алтай, Цэнгэл... гэсэн билүү?

-Бүр хүн очоогүй гэж бичээгүй л дээ. Урлагийн тоглолт очоогүй сумууд бол байна. Алтай, Цэнгэл цаашаагаа Булган сум гэж байгаа юм. Монголын хамгийн баруун хязгаар гэсэн үг л дээ. Дээрээс нь Сагсай, Алтанцөгц гээд Баян-Өлгийн казах, урианхай үндэстнүүд холмиг оршдог сумууд бий. Ер нь Баян-Өлгийн сумдаар Улаанбаатраас тоглолт очдоггүй юм байна. Аймгийн төвөөр нь нэг дайрвал дайрна. Тэгээд замаа хөөгөөд давхицгаачихдаг юм байна л даа. Тоглолтоор явж байгаа уран бүтээлчид маань нэгдүгээрт Баян-Өлгийг Казах аймаг байна гээд ойлгочихдог. Хоёрдугаарт нь сумдаар нь явсан маршрут нэг ч гаргаж байгаагүй байна. Янз бүрийн судалгаа хийж хаана нь хэн амьдардаг тухай тодорхойлсон зүйл гаргацгаасан юм алга. Яахав баруун аймгуудын театрын тоглолтууд очдог. 1990 оноос хойш үнэндээ Улаанбаатраас нэг ч тоглолт очоогүй гэж байна билээ л дээ.

-Монгол хэл мэдэхгүй гэж бодоод орхиод явчихдаг гэсэн үг юмаа даа?

 -Тийм л хэрэг. Тэгэхээр тэнд урлаг соёлоор ангасан, урлаг соёлоос хоцрогдсон хүмүүс байна билээ гэх гээд байна. Дээр нь өөр нэг анхаарал татсан асуудал байна. 1990 оноос өмнө Баян-Өлгий аймгийн хэмжээнд Монголоор ярьдаг, Монголоор бичдэг, уншдаг байж. Харин түүнээс хойш мартагдсаар өдийд залуу үе нь бол бүр ойлгохоо ч байсан байна. 1990 оноос хойш ганц Монгол суваг гарч байгаад 2000 он гарснаас хойш хэд хэдэн Монгол суваг нээгдэж орон даяар цацагддаг боллоо шүү дээ. Тэр телевизүүдээр цацагддаг, бидний муу хэлдэг солонгос кинонууд гарч, тэдний Монгол хэл овоо сэргэсэн гэж байна. Казахууд өөрсдөө ярьж байна л даа.

-Ер нь үүгээр дамжуулж хэлэх гэсэн таны гол санаа юу юм бол?

-Тэд тэгэхээр юу гэж хэлж байна вэ гэхээр... Бид Монгол нутагт амьдарч байгаа. Манай эндээс сургууль соёл төгсөөд явж байгаа хүүхдүүд, Монголын аль ч нутагт очсон сайхан Монголоор ярьдаг, бичдэг, уншдаг боловсролтой болгохын төлөө бид тэмүүлж байна. Гэтэл тийм боловсрол суулгах Монгол төрийн бодлого алга... гэж байна. Өөрөөр хэлбэл аймгийнх нь төвд 12 ерөнхий боловсролын сургууль байхад 11 нь казах хэл дээр сургалт явуулж байх жишээтэй. Тэр ганц Монгол сургуулийнх нь ачаалал дийлдэггүй, анги дүүргэлт энэ тэртэй бол бүр ярилтгүй гэж байна. Хоёр ээлжээр яваад ч дийлдэггүй болчихсон байх жишээтэй. Тэгэхээр тус аймагт Монгол боловсрол, урлаг соёлын бодлого алга гэж л хэлэх гээд байна. Баян-Өлгий чинь Монгол Улсын нэг аймаг шүү дээ. Казахстаных бол бүр ч биш. Манай Үндэсний олон нийтийн телевизээр казах хэл дээр мэдээ явж байна л даа. Тэр бол үнэндээ ямар ч сонин биш байдаг юм байна. Казахын өчнөөн сувгууд гарч байдаг юм байна.

-Тоглолтыг зорьж олон үзэгч цуглаж байв уу. Хүйтэн, дээрээс нь цас зудтай байлаа шүү дээ?

-Хэдий хүйтэн ч айлууд өвөлжөөндөө буучихсан, завтай талдаа байлаа шүү дээ. Тэгэхээр үзэгчид бол сум болгон дээр л ирж байлаа. Нөгөөтэйгүүр тэд хүйтэндээ дасчихсан учраас нэг их тоохгүй ирцгээж байгаа юм л даа. Бид нар л даараад байхаас өнөөдүүл маань тоохгүй талдаа шүү дээ. Жинхэнэ оргил хүйтэн байсан. Ялангуяа Увсын Давст, Тэс, Зүүнговь, Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан гэсэн Хяргасыг хамарсан тэр том ай сав бол тэр чигээрээ 40-60 см зузаан цастай байна. Машин замаас өөр ямар ч мөр байхгүй. Малчид нь ихэнхдээ отор нүүдэл хийгээд Ховдын Дөргөн, Увсын Өмнөговь, Завханы Бөхмөрөн чиглээд нүүцгээсэн. Суурин маягаар үлдсэн хэсэг нь хотондоо хэдэн үхэр тэжээсгээд амьдарч байгаа юм. Энэ цас хэзээ хүртэл байх вэ гэхээр дөрөвдүгээр сарын 20 хүртэл хөдлөхгүй гэж байна.   

-Малчдын тухай хот суурингийнхны бодол төсөөлөл өөр л дөө. Зун амарч очоод их жаргалтай хүмүүс юм байна гэж боддог шиг. Тэгээд малчид баян тансаг гэж хараад, өвлийн хүнд хахир үеэр туслая, дэмжье гэсэн нэгэн рүүгээ дайрч доромжилж байгаа харагддаг?

-Тэр үнэн. Тэгээд энэ дашрамд хэлэхэд тийм юм бол тэр жаргал руу яагаад тэмүүлэхгүй байгаа юм бэ. Очоод мал маллаад, сааль сүү, өрөм тараг, айраг цагаагаа өөрсдөө боловсруулаад ид л дээ. Чадахгүй, мэдэхгүй дээрээс нь залхуу хойрог, учраас ийшээ ирцгээсэн л байхгүй юу. Хөдөөд малчин залуус бас цөөрсөн байна. Тэнд байгаа залуу малчдад хань ижил болох эмэгтэйчүүд нь эрдэм номын мөр хөөгөөд хот орон бараадсан байна.  Энэ хүйсийн ижил тэгш тогтвортой байдал зөвхөн баруун аймаг гэлтгүй нийт Монгол орны хэмжээнд алдагдсан. Бодлогын хувьд анхаарахгүй бол маш аюултай зүйл л дээ.

-Ярилцсанд баярлалаа

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.56.13.98) 2018 оны 02 сарын 28

Үнэн вм бичжээ. Баян өлгий монголын аймаг гэдгийг эрх баригчид ямагт санаж төрийн бодлогоо боловсруулж монгол хэл соёлыг түгээж баймаар. Ядаж л идэж уудаг мөнгөөрөө монгол сургууль барьмаар юм аа. Монголын иргэн байж монголоор ярьу чадахгүй харин оросоор яриад байх нь эмгэнэл шүү дээ. Ийм казакуудтай зөндөө таарч байсан шүү

0  |  0
Top