Н.Ариунбилэг: Дэлхийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Манай сэтгүүл үндэсний онцлог, уламжлалыг шингээсэн аливаа үйлдвэрлэл, үзэл санаа бүхнийг сайшаан дэлгэрүүлж, дэмжин танилцуулах бодлогынхоо хүрээнд “Үндэсний үйлдвэрлэгч” буланг тогтмол хөтөлдөг.

Монгол үндэстний язгуурын гайхамшигт соёлыг дэлхийн дэвжээнд өрсөлдүүлэхийг эрхэм зорилгоо болгож, үндэсний хувцас урлалын чиг хандлагад дэвшилтэт санаа, шинэлэг өнгө аясыг оруулж буй “Silk capital” салоныг энэ дугаартаа онцолж байна.

Үндэсний хувцас үйлдвэрлэлийн салбарт тэсрэлт хийж буй “Silk capital” салоны үүсгэн байгуулагч, захирал Н.Ариунбилэгтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.


Наадмын уухай ойртох тусам үндэсний хувцасны эрэлт хэрэгцээ улам нэмэгддэг. Зуны халуун өдрүүдэд хөнгөн нимгэн атлаа чамин тансаг загварын үндэсний хувцсаар гоёдог монголчууд маань наадмын гоёлоо хаанаас авах вэ хэмээн хайж буй нь лавтай. Танай салон ямар гоёлыг санал болгож байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.  

Бид наадмын гоёлд зориулж цэвэр даавуун болон тааран материал, ялангуяа нимгэн торгон /силк/ материалаар үндэсний хувцас урлаж хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ нийлүүлж байна. Наадмын гоёлыг нимгэн хөнгөн, биед эвтэйхэн сууж өгөх үлэмж тансаг материалаар өнгө, загварын өргөн сонголттойгоор урлаж байгаа гэдгээ танай сэтгүүлийн хуудсаар дамжуулан хэлье.  

Танай хамт олон “Үндэсний хувцас-үндэсний бахархал” уриатай юм байна. Яагаад заавал үндэсний хувцас урлалаар дагнан үйлдвэрлэл эрхлэх болсон юм бэ?

Аливаа үндэстэн өөрийн гэсэн онцлог хэв маягтай хувцсыг өмсөж, түүгээрээ бусдаас ялгардаг онцлогтой. Олон мянган жилийн түүхтэй үндэсний хувцас нь тухайн үндэстний нэгэн том бахархал байдаг. Тухайлбал, Солонгосын ханбок, Японы кимоно, Арабын кандура гээд улс үндэстнийхээ өмнө нэр төртэй, үнэ цэнэтэй байдаг. Японы сайн чанарын кимоно гэхэд, манайхаар бол олон зуун сая төгрөгийн үнэтэй байдаг. Энэ нь тухайн үндэсний хувцас нь үндэстэндээ ямар их үнэ цэнэтэйг харуулж буйн нэг жишээ. Монгол үндэстний өмсөж эдэлдэг үндэсний хувцас ч өөрийн гэсэн хэв маяг, түүх намтар, үнэ цэнийг агуулсаар ирсэн. Түүхэн он цагийг туулж өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн, энэхүү нандин өв соёлоо улам хөгжүүлж, илүү төгс загвартай урлахын төлөө хүчин чармайлт гаргах үүрэг өнөөгийн бидэнд бий. Иймд бид өөрийн үндэсний хувцсаа дэлхийн брэнд хувцаснаас дутахааргүй хэмжээнд үйлдвэрлэх ёстой гэж би үздэг. Үндэсний хувцас гоёл маань Монгол Улсын нүүр царай, монголчуудын маань бахархал шүү дээ.

SILK CAPITAL

Энэ зун тод өнгөнөөс гадна, завсрын намуухан өнгөнүүд тренд болон зонхилж байна. Хэлбэр хийцийн хувьд, өргөн, сул, эрх чөлөөтэй, хөнгөн маягийн өнгө аяс илүү давамгайлж байгаа. Үүний дагуу дэлхийн загварын чиг хандлагын жижиг деталь хэсгүүдийг үндэсний хэв маягтай хослуулах замаар энэ жилийн загварын цуглуулгаа гаргаж ирсэн. Нэг торгоор нэг хүнд нэг л загвар гаргадаг бөгөөд тэр нь давтагдахгүй. Энэ бол манай онцлог гэж болно.


МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС Ч ЧАНАРТАЙ, ҮНЭТЭЙ, ӨӨРИЙН ГЭСЭН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ.

Танай салон хэзээ анх үүсэн байгуулагдаж байв?

Үндэсний хувцас үйлдвэрлэх санаа анх 2009 онд төрж, 2011 оны 1-р сарын 9-нд “Силк капитал” салон нээлтээ хийж байлаа. Үндэсний хувцасны салон нээхдээ, монгол үндэсний хувцсыг чанар, өнгө, загвар зохион бүтээмжийн хувьд дээд зэрэглэлийн болгох гол зорилгыг өмнөө тавьсан. Монгол үндэсний хувцас нь дэлхийн брэнд хувцаснуудаас юугаараа дутах ёстой юм бэ гэсэн чинхүү бодлыг өвөртөлж  энэхүү салоноо нээж байлаа. Дээр нь, тухайн үед үндэсний хувцсаа өмсөх нь нэр төрийн хэрэг гэдгийг ард иргэд ойлгож эхэлж байсан үе. Энэ үед бид чанартай, өнгө үзэмж төгөлдөр үндэсний хувцас үйлдвэрлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг сайтар ойлгосон.

Манайд үндэсний хувцас урлалын цөөнгүй салон байдаг. Танай салоны онцлог давуу тал нь юу вэ?

Монгол үндэсний хувцас бол Монгол Улсын маань нүүр царай юм. Би анх энэ салоныг нээхдээ л “Чанар, чанар гол нь юм байна” гэдгийг ойлгосон. Бидний хийсэн хувцас чанараараа бусад салоныхоос ялгардагийн гол учир нь, бид 10 ширхэг чанаргүй хувцас хийснээс 1 ширхэг чанартай хувцас хийе гэсэн бодлого баримталдагтай холбоотой. Чанартай хувцас хийхийн тулд чанартай бөс даавуу, торго ашиглах ёстой. Дизайнер, эсгүүрчид, оёдолчид бүгд чанарыг эрхэмлэдэг байх нь чухал. Төгс загвар, төгс эсгүүр, төгс оёдол, төгс материал нийлж байж төгс хувцас үйлдвэрлэгдэнэ. Аль нэг нь дутуу бол дутуу л хувцас гарна. Тиймээс бид зөвхөн өөрсдийн сонгож авсан материалаар өөрсдөө үйлдвэрлэдэг.

Захиалагчид хэдэн төрлийн торго, даавуунаас сонголт хийх боломжтой вэ?

Манай салонд Япон, Солонгос, Хятадын 450-500 төрлийн торго, бөс бараанаас сонголтоо хийж захиалга өгөх боломжтой. Бид аль болох чанартай, эдэлгээ сайтай торго бөс барааг сонгож оруулж ирдэг. Энэ дашрамд хэлхэд өнөө цагт дуураймал торго элбэг болсон тэгэхээр жинхэнэ торго хуурамч торгыг ялгаж сурах хэрэгтэй.

Танай загвар хэр их давтагддаг вэ?

Манай загварыг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт, уламжлалт загвар. Энэ загварыг бид аль болох уламжлалт арга барилаар үйлдвэрлэдэг. Жишээлбэл, монгол дээл, хантааз, хүрэм, монгол цамц гэх мэт. Энэ нь нэг л үндсэн загвараар үйлдвэрлэгддэг. Хоёрдугаарт, шинэчлэгдсэн загвар. Энэ загвар дээр бид дизайнерууддаа чөлөөтэй сэтгэх, урлах боломжийг олгодог. Би өөрөө ч бас зарим загварыг гаргадаг. Өнөөдрийн дэлхийн загварын чиг хандлагыг хослуулж цоо шинэ дахин давтагдашгүй загваруудыг гаргадагаараа манай салоны онцлог юм.

Хувцас загвар, ялангуяа үндэсний хувцасны загварын талаарх таны үзэл баримтлалыг сонирхъё.

Миний баримталдаг үзэл бодол бол уламжлалт хэв маяг, шинэчлэл хоёулаа байх ёстой гэж үздэг. Уламжлалгүйгээр шинэчлэл, шинэчлэлгүйгээр уламжлал байж болохгүй ээ гэсэн үг. Дээр нь дэлхийн хувцасны чиг хандлагатай мөр зэрэгцэх хэрэгтэй. Бид хоцорч болохгүй, загварыг цаг тухайд нь хэрэглэгчдэд мэдрүүлж байх ёстой. Мода Монголоор дуусч болохгүй, Монголоос эхлэх ёстой гэж би мөрөөддөг.

ЭНЭ ЗУНЫ ТӨГС ТӨГӨЛДӨР ЗАГВАР SILK CAPITAL


Хамгийн үнэтэй, хамгийн өвөрмөц загвараар хийгдэж байсан бүтээгдэхүүнээ манай уншигчдад сонирхуулна уу?

Хамгийн гол нь чанар, өнгө үзэмж, хийц маяг, дизайн гээд бүгд төгс төгөлдөр байх ёстой. Би дээр хэлсэн. Япон, Арабын үндэсний хувцаснаас эхлээд олон үнэтэй цэнэтэй үндэсний хувцаснууд бий. Гэтэл Монгол үндэсний хувцас яагаад хямдхан байх ёстой гэж? Зарим нэг хүмүүс “Танай хувцас арай үнэтэй юм биш үү” гэж асууж байдаг. Би бол дотроо хямдхан байна даа гэж боддог. Яагаад гэхээр, манай салонд хамгийн чанартай материалыг ашиглан, хамгийн сайн дизайнер, эсгүүрчид, оёдолчид ажиллаж үндэсний хувцас урладаг. Бид ямар нэгэн гологдолтой бүтээгдэхүүн нэгийг ч үйлдвэрлэдэггүй. Ер нь монгол хувцас нь энгийн нэг брэнд хувцаснаас үнээрээ ч, өнгө үзэмж, хийц маягаараа ч дутах ёсгүй гэж би боддог. Бид үндэсний хувцсаа дээдлэхгүй, үнэлэхгүй юм бол өөр хэн үнэлэх юм бэ. Энэ л өнцгөөс нь би хардаг. Монгол үндэсний хувцас чанартай, үнэтэй, өөрийн гэсэн үнэ цэнэтэй байх ёстой.

Энэ зуны трендийг “Silk capital” тодорхойлно

Манай голлох материал япон торго. Гол давуу тал нь өмссөн байлаа ч өмсөөгүй мэт тийм хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг онцлогтой. Хээ нь гэхэд, гараар зурсан, давтагдашгүй, зөвхөн тэр торгон дээр л байх жишээтэй. Зарим хээ нь бүр хатгамал ч байдаг. Манайх тайз урлагийн авангард чиглэлийг бус, зөвхөн сонгодог загвараар хувцсаа урладаг учраас түүнийгээ баримталж бүтээгдэхүүнээ урладаг. Иймд энэ жилийн наадмын трендийг “Silk capital” тодорхойлно.

Танай бэлэн бүтээгдэхүүнийг сонирхон, үйлчлүүлэхийг хүсвэл хаана хандаж болох вэ? Нэрийн барааны дэлгүүр бий юу?

Байгаа. Манай салон дэргэдээ нэрийн барааны дэлгүүрээ ажиллуулдаг. Манай дэлгүүрт бэлэн бүтээгдэхүүнээс гадна олон төрлийн торго, бөс бараагаар үйлчлүүлэх боломжтой.

Танай хамт олон захиалга ихтэй байдаг бололтой. Оёдолчид, мэргэжилтнүүдээ хэрхэн шалгаруулж авдаг вэ?

Манайх дизайнер, оёдолчдоо бүгдийг нь нарийн сонгон шалгаруулалтаар авдаг. Бид сайн бүтээгдэхүүн хийхийн тулд сайн гүйцэтгэгч нартай байх хэрэгтэй. Би үнэхээр гүйцэтгэл сайтай хамт олон бүрдүүлж чадсандаа бахархдаг. Манай салоны шаардлагад тааруулж ажиллана гэдэг барагтай оёдолчдын хийж чадах ажил биш. Бид маш өндөр шаардлага тавьдаг. Олон оёдолчид ирж ажиллахыг хүсдэг ч бидний шаардлагыг давах нь цөөхөн байдаг.

Байнгын хэрэглэгчид нэлээн их биз?

Байгуулагдаад долоон жил шахам ажиллах хугацаанд олон тооны байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Миний нэг бахархах дуртай зүйл бол: нэг хүнд санаанд нь таарсан сайхан дээл урлаад өглөө гэхэд, тэр хүний араас 10 хүн дагаж ирдэг. Ер нь бидний урласан хувцсыг төрийн түшээд, олны танил эрхмүүд өмсдөг гэж бодохоор өөрсдөөрөө бахархах сэтгэл төрдөг юм. Мөн гадаадад суугаа монголчууд маань бидэнд их ханддаг. Тэд олон нийтийн сүлжээ хуудсаар дамжуулан хувцсаа захиалдаг бөгөөд манай бүтээгдэхүүн яг стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийгддэг учраас өнгөрсөн хугацаанд ямар нэгэн гомдол санал огт гарч байгаагүй. Манай салон дээр зөвхөн Наадам, Цагаан сар гэлтгүй, өдөр бүр захиалга олноор ирж байдаг. Мөн сүүлийн үед Шинэ жилээр монгол үндэсний хэв маяг агуулсан хувцас өмсөхийг хүсэгчид олшроод байгаа. Иймэрхүү загварыг гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань их захиалж байна.

Үйлчлүүлэгчдэдээ хандаж юу хэлмээр байна?

Манайхаар үйлчлүүлдэг, үндэсний хувцсаа дээдэлдэг нийт үйлчлүүлэгчдээрээ би бахархдаг. Тэд маань надад дандаа урам хайрлаж, шинэ эрч хүчтэй ажиллахад минь нөлөөлж байдаг. Тэгээд ч би итгэл найдвар хүлээлгэсэн энэ олон үйлчлүүлэгчдийнхээ урам зоригийг хугалахгүйн төлөө өдөр бүр хичээж ажилладаг. Нийт үйлчлүүлэгчдэдээ хандаж: “Хамтдаа Үндэсний хувцсаа Үндэсний бахархал болгоно оо” гэж хэлэхэд үнэхээр таатай байна. Та нартаа баярлалаа. Бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе! Сайхан наадаарай. Наадмын гоёлоо “Silk capital”-аас сонгоорой.

Давтагдашгүй, өвөрмөц хийц загвартай үндэсний хувцас урладаг “Silk capital” салоны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

Байршил: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 1-р хороо “Шинэ өглөө” цогцолбор. Энхтайвны гүүрний урд талд /төв зам дагуу баруун гар талд/

Дэлгүүрийн утас: 70140707

Гар утас: 99102504, 99221272, 99160496

И-мэйл: info@silkcapital.mn

Website: www.silkcapital.mn

www.facebook.com/silkcapitalstore

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top