10 жилийн хугацаанд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

 2014 онд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь-Инвест ҮЦК”-ийн байгуулж байгаа “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэжээ. Тус сан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30 сая ширхэг нэгж эрхийг хөрөнгө оруулагчдад санал болгож, ирэх 10 жилд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө татахаар, үүний 10 орчим хувийг  2018 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ оны зургадугаар сард багтаан 5,0 тэрбум төгрөг болгох тухай  2016 оны 236 тоот тогтоолын дагуу компаниуд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр байгаа ажээ. Үүний хүрээнд “Хаан даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөө 860 сая төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэн зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн бүтцийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар тогтжээ.

“Монгол микрон капитал ББСБ” ХХК-ийг “Нексус финанс инвестмент ББСБ” ХХК-д нэгтгэх асуудлыг хэлэлцэн зөвшөөрлөө. Ингэснээр “Нексус финанс инвестмент ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн нэг хүнээр нэмэгдэн, бүтцийн бүртгэлд өөрчлөлт орж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.3 тэрбум төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор “Монгол микрон капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top