Шадар сайд Ө.Энхтүвшин: Хэлэлцэж тохирсноо бодит ажил болгох үлдлээ

2018 оны 03 сарын 02

 

ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан өндөрлөв

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 21 дүгээр хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 26-28-нд ОХУ-ын Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.

Комиссын ээлжит хуралдааны хүрээнд талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, санхүү, зээл тусламж, хүрээлэн буй орчин, түлш, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13, Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа. Мөн Эрчим хүчний яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар уулзалт, Барилга, хот байгуулалтын яамд хоорондын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, олон чухал асуудлыг хэлэлцэв.

Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний сацуу Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төслийг үзэглэж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохирсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаанаар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хороонд 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг үзэглэж, соёлын салбарт 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар тохиролцов.

Комиссын Монголын хэсгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон бусад албаны хүмүүс орж ажиллалаа. 

Гурван баримт бичигт гарын үсэг зурлаа

Өчигдөр (2018.02.28) хуралдсан нэгдсэн хуралдааны төгсгөлд ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны төгсгөлийн баримт бичиг буюу Протокол, Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгууллаа.

Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ эхэнд ЗГХК-ын хуралдааныг мэргэжлийн өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулахад Монгол, Оросын талууд хүчин чармайлт гарган идэвх зүтгэлтэй ажилласныг онцлов. “2016 онд Улаанбаатар хотноо хуралдсан 20 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүд үндсэндээ амжилттай хэрэгжиж байгаа ч хэрэгжилт нь хоцорч буй зарим асуудалд талууд цаашид анхаарч ажиллах шаардлага байгаа. Зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа харьцангуй идэвхтэй хөгжиж ирсэн байна. Харин барилга, соёл, эрүүл мэнд зэрэг чиглэлд илүү анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж ажиглагддаг. Хоёр улсын хооронд нэг удаагийн уулзалтаар шийдэгдэхгүй маргаантай асуудлууд байгаа. Бидэнд шийдлээ олох бүрэн боломж бий. Олон жил хуримтлагдаад байсан зарим асуудлыг энэ удаагийн хуралдаанаар ойрын хугацаанд ойлголцох түвшинд хүргэлээ. Одоо ярьж тохирсноо бодит ажил хэрэг болгох л үлдэж байна. Ингэж чадвал 21 дүгээр хуралдааныг “маш амжилттай боллоо” хэмээн үзэж болно. 21 дүгээр хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бид чармайн ажиллах болно” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын сэтгүүлчдэд хэллээ. 

Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшиний хийсэн мэдээллээс ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үр дүнг товчлон тоймолъё.

-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохирсон.

-Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талыг хамарсан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцсон.

-УБТЗ-ыг хөгжүүлэх чиглэлээр өмнө тохирсон арга хэмжээний үр дүнд УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэлээд нэмэгдсэн. УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцсэн.

-Эрчим хүчний салбарт Оросын талаас хамтын ажиллагааны тодорхой санал дэвшүүлсэн. Энэ чиглэлээр манай холбогдох компаниуд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон.

-Хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монголын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон.

-Хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай талын саналыг тус холбооны нөлөө бүхий гишүүний хувьд дэмжиж өгөхийг Оросын талд тавьж, энэ асуудлаар ажил хэргийн хэлэлцээ цаашид үргэлжлүүлэхээр тохирсон.

-Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спортын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхээр тохиролцсон байна.

Шадар сайд Ө.Энхтүвшинээс Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч Монгол Улсад усан цахилгаан станц байгуулах төсөл зогссон, эсэх талаар асуухад тэрбээр “Усан цахилгаан станцын талаар бид олон жил ярьж байгаа. Ажлын хэсгүүд судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж байна. Ялангуяа хоёр талын эрдэмтдийн судалгааны үр дүн яаж гарахаас бидний цаашдын алхам шалтгаална” хэмээн хариуллаа.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв

Шадар сайд Ө.Энхтүвшин ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааг дуусмагц Москва хотын Братьев Фонченкогийн гудамжнаа орших Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирж “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв.

 

Энэхүү хөшөөний суурийн хананд “Монголын ард түмэн аугаа эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн сийлжээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top