Банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад ипотекийн зээл олгож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Улаанбаатар хотод 381 мянган өрхийн 1,4 сая иргэн амьдарч байна. Нийт өрхийн 40 хувь нь инженерийн шугамд холбогдсон орон сууцанд, 60 хувь нь гэр хороололд амьдардаг. 

Нийслэлийн 252 мянган өрхөд орон сууцны хэрэгцээ байгаа ч дөнгөж 13% нь арилжааны банкны шалгуурыг хангахаар байгаа талаар судалгаа гарчээ.

2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож ирсэн байдаг.  Өнгөрсөн хугацаанд нийт 92  мянган хүн ипотекийн зээлд хамрагдаж, 4,2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Гэвч зээлийн шалгуур иргэдэд хүртээмжтэй бус. Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангаж чадахгүй иргэд зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл 220 мянган өрх урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй, эсвэл орлогоо нотлох боломжгүйгээс ипотекийн зээлийн шалгуур хангахгүй байгаа юм.

-ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД ЭНЭ ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА-

Өнөөдөр зах зээлд 32 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байна гэсэн судалгаа бий. Үүнээс  стандарт  буюу энгийн орон сууц 26  мянга орчим, үлдсэн 6 мянга нь тансаг зэрэглэлийн орон сууц байна гэж судалгаанд дурдагджээ.  Ипотекийн зээлийн сангийн эргэлтийн хөрөнгө нэг их наяд төгрөг байж чадвал нийслэл, орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хэрэгцээг хангах боломжтой ч гэж үздэг ч эдийн засаг, төсвийн байдлаас хамаарч энэ оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгасан. Мөн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр сард 16 тэрбум төгрөг, жилд 200 тэрбум гаруй төгрөг нийтдээ 300 тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдах юм. Цаашид дээрх хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон сууцны худалдан авалтыг хүртээмжтэй болгох үүднээс салбар яамнаас ажлын хэсэг байгуулагджээ.

  -БАНКУУД ӨӨРСДИЙН САНХҮҮЖҮҮЛСЭН БАРИЛГУУДАД ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА-

Ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа гэж Засгийн газар болон Монголбанкнаас мэдээлж байгаа ч зээл олголт арилжааны банкууд дээр удааширалтай байна гэдгийг иргэд хэлж буй. Арилжааны банкууд  өөрсдийн эрслээ даагаад тухайн сард хичнээн хүнд ипотекийн зээл олгох эсэхээ өөрсдийн дотоод журам, шалгуурыхаа дагуу олгодог байна. Үүний дагуу арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож байгаа эсэхийг тодруулахад: 

Зарим арилжааны зарим банк зөвхөн өөрийн эх үүсвэрийн зээл олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл тухайн  банк хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна. Тухайлбал, "Голомт банк" өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна. 

Хаан банк- Зээл хэвийн олгогдож байгаа. Өөрийн санхүүжүүлсэн орон сууцанд зээл авбал илүү давуу талтай. Энгийн зах зээлээс авч байгаа тохиолдолд шалгуур өндөр. Хаан банктай хамтран ажилладаг хотхон, хорооллын тухайд “Тайгам-Алтай”,  “Өгөөмөр Монгол” ХХК, “Өгөөмөр бор Хужирт” ХХК, “Бэрэн групп” ХХК, “ Хурд” групп, “Талын язгууртан” ХХК, “Цог-Тулга” ХХК зэрэг компаниудын орон сууцнаас худалдан авбал иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэнэ.

Хас банкны тухайд- "Ипотекийн зээлийн материалыг хүлээн авч байгаа".

Худалдаа хөгжлийн банк- Зээлийн материалыг хүлээн авч байгаа. Гэхдээ Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт авсан барилгуудад  олгох нь нийтлэг байна. Зээлдэгчдийн хүсэлт дарааллын дагуу явагдаж байгаа учир удаашралтай байгаа аж.

 Төрийн банкны тухайд -Хамтран ажилладаг  хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдэд ипотекийн зээл олгож байна. Энэ төрлийн зээлийг нийслэлд дөрвөн салбараараа дамжуулан олгож байна.

 Улаанбаатар банк -Бүх салбартаа ипотекийн зээлийн материал хүлээн авч, зээл хэвийн олгогдож байгаа. Ингэхдээ энгийн зах зээлээс орон сууц худалдан авах тохиолдолд заавал өөрийн банкаар нь дамжуулан цалингаа авдаг байх шаардлагыг тавьж байна.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xxx(66.181.160.36) 2018 оны 03 сарын 02

Иргэд хоорондоо байраа зарахад ипотек мөн үйлчлэх ёстой

0  |  0
Ххх(66.181.160.36) 2018 оны 03 сарын 02

Ипотекийг банк мушгин гуйвййлж өөрсдийн ашиг олох арга болгосон

0  |  0
Ккк(66.181.160.36) 2018 оны 03 сарын 02

Ипотек бол иргэдийг орон сууцтай болгох хөтөлбөр болохоос биш банк мөнгө зээлээд тэрийг нь дарах хөтөлбөр биш шүү

0  |  0
Top