ТОЙМ: Эрдэнэтийн 51 хувийг хөөн хэлэлцэх хугацаа ДУУССАН УУ?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 04

МАН-ын даргын цочмог мэдэгдэл

Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Эх орончдын баярын өмнө  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд болон МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр намынхаа анхан шатны үүрийн дарга нартай уулзалт хийсэн. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг нийгэмд багагүй шуугиан тарилаа.  

У.Хүрэлсүх: МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд  мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэйг хэллээ.  МАН-ын  их хурлаар  намын дарга болсоноос хойш  гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж,авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна “ гэдгийг онцолсон юм. Энэ нь иргэдийн сэтгэлд багагүй нийцсэн юм.  Мөн Засгийн газраас сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулна. Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласнаар чамлахааргүй үр дүнд хүрч байна”  хэмээн Ерөнхий сайд онцолсон юм.   

Эх орончдын өдрийг тэмдэглэлээ

Энэ долоо хоногийн гол үйл явдлын нэг  Монгол Улсад улстөрийн нам байгуулагдсаны 97 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэсэн нь байлаа. Улстөрийн ууган хүчин МАН-ын 97 жил, Эх орончдын баярын өдрийн хурлын үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн. Тэрбээр, “Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй.

Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын Тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг.  Эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэхээ урьтал болгох бус, эвлэлдэн нэгдэж, эдийн засагаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, иргэн бүрийнхээ ажил амьдралыг дэвжин дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Монгол Ардын Намын даргын хувиар төрийн нам, хүчнүүдэд уриаллаа. Энэ үеэр МАН-ын шилдэг байгууллагуудыг тодруулж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх зэрэг уламжлалт арга хэмжээнүүд үргэлжиллээ.

Эрдэнэтийн 49 хувийг төр авсан  нь Үндсэн хууль зөрчөөгүй гэв

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон 51 хувийн маргаантай холбоотой асуудал ч олны анхаарлаас хөндий байсангүй. Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын  23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тэд үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Үүний  дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан бөгөөд  Үндсэн хуулийн цэц "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Харин түүнийг ийнхүү танилцуулсаныг зарим иргэн шүүмжилж байлаа. Учир нь, тэрбээр 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан хамсаатан хэмээгддэг.

Эрдэнэтийн 51 хувийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан уу?  

Авлигатай тэмцэх газраас Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Гадаадын банкинд барьцаалсан гэхээс илүүтэй тухайн үед Жастын Ш.Батхүүд гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн гэгдсэн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал нарыг шалгаж байгаа гэдгийг АТГ үгүйсгэсэнгүй. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гишүүд нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой байсан юм.

Тэд “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг 2009 онд гадны банкинд барьцаалсан. Одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд холбогдох этгээдүүд хариуцлагаас мултарч, төр энэ мөнгийг татвар төлөгчдийнхөө мөнгөөр барагдуулах юм биш биз. Хариуцлага хүлээлгэхдээ тулвал, МАН, АН гэхгүй үүрэх ёстой” гэдгийг ч хатуухан мэдэгдлээ. УИХ-ын гишүүд мэдээлэл хамгийн ойр байдаг. Тиймээс ийнхүү 51 хувийг барьцаалсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм биш үү хэмээн зүгээр ч нэг санаа зовоогүй байх, тэд.  Шударгаар дуугарч нам дотроо хүртэл хариуцлага ярих болсон тэдний Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн таван сум хэмээн зарим хэвлэлээр бичих болжээ.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын  хуралдаан боллоо

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 21 дүгээр хуралдаан ОХУ-ын Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохирсон.

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талыг хамарсан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцсон.УБТЗ-ыг хөгжүүлэх чиглэлээр өмнө тохирсон арга хэмжээний үр дүнд УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэлээд нэмэгдсэн. УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцсэн зэрэг томоохон асуудлуудл орсон байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.155) 2018 оны 03 сарын 04

Уг нь Хэрэг хуучирдаггүй ээ л гэдэгсэн дээ,

0  |  0
Top