Ж.Бат-Эрдэнэ сайдыг Булганд шүлхийтэй өвс тараасан гэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Булган аймагт өвөлжилтийн байдал хүндэрч 11 суманд зудын байдалтайгаар өнгөрсөн сарыг 20-ны өдрийг угтсан. Тэр үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ малчдад туслах зорилгоор сонгогдсон тойрогоо зорьжээ. Гэвч тэр үеэр малын гоц халдварт шүлхий өвчин Булган аймагт гарсан байна. Түүгээр далимдуулан Ж.Бат-Эрдэнэ сайдыг шүлхий өвчин тараасан мэтээр бичиж нийтлэн олон нийтийн сүлжээгээр тараажээ. Харин түүний хариуд Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд,

-Булган аймагт өвөлжилт хүндэрч, 11 сум зудын байдалтай болж, 2 сарын 20-ны байдлаар 11300 мал хорогдож, аймгийн эдийн засгийн гол тулгуур хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учруулж, малчдын амьдралд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн билээ.

Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд нөхцөл байдлыг харгалзан  “Малчдад туслах аян”-ыг санаачилж, өвөлжилт хүндэрсэн сумдад 2000 боодол өвс, 10 тонн уурагт тэжээлийг хүргүүлэн ажиллаж байна.

Гэтэл нийгмийн цахим сүлжээнд зарим нэр бүхий хүмүүсийн хувийн цахим хуудасболон зарим мэдээллийн сайтууд дээр “Малчдад туслах аян”-ы хүрээнд тараагдсан өвсөөр дамжиж, шүлхий өвчин тарсан мэтээр  зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж, олон нийтэд ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье.

Улсын болон аймгийн Онцгой комисс, хууль хяналтын байгууллагууд өвчний голомт, гарал үүсэл, тархац, шилжилт хөдөлгөөнийг тандан шалгаж байгаа бөгөөд бидний өрнүүлсэн аяны хүрээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн, шүлхий өвчин тараасан гэх мэдээллийг надад ирүүлээгүй байна.

Урьд өмнө миний бие Улсын онцгой комиссийн гишүүнээр ажиллаж байсны хувьд учирч болох эрсдэл, хүчин зүйлүүдийгурьдчилан тооцожэнэхүү малчдад туслах аяныг зохион байгуулалтаар хангаж ажилласныг албан ёсоор мэдэгдье.

Олон нийтийн цахим сүлжээг ашиглан зориудаар худал мэдээлэл түгээж, Булган нутгаа гэсэн хүмүүсийн хичээл зүтгэлийг үгүйсгэж, гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдаж, талцуулан хагаралдуулах бусармаг үйлдлээ таслан зогсоохыг нэр бүхий хүмүүсээс шаардаж байна. гэжээ

Л.Зул

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top