Кикуми Тоторо охинд тохиолдсон аймшигт явдал

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

 Токиогийн галт тэрэгний өртөөн дээр 2002 оны хавар вагонуудын нэгэнд гэнэт түймэр гарч зорчигчдыг яаралтай буулгасан байна. Хэдэн цагийн дараа албаны хүмүүс зорчигчдын орхисон ачаа тээшийг цэгцэлж байгаад нэг цүнхэн дотроос цус царцаам аймшигтай зүйл олжээ. 4 мөчөө тайруулсан өсвөр насны охиныг зөвхөн амьсгал авах төдий нүх гаргасан гялгар уутаар битүү ороогоод хийсэн байлаа. Орилж хашгируулахгүйн тулд дууных нь хөвчийг авчээ. Хачирхалтай нь, бие махбодь нь зэрэмдэглэгдсэнээс өөр ямар нэг хүчирхийллийн шинж тэмдэг байсангүй, эв эрүүл байв. Боодол дээр нь маркераар 72 гэсэн дугаар тавьжээ. Охины харшил, сарын тэмдгийн хуанли зэрэг эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг жагсаан бичсэн дэвтэр цүнхэн дотроос гарсан байна. Хэн түүнийг ийм болгосныг цагдаагийнхан охиноос хичнээн асуугаад ч нэмэр байсангүй. Охин ярьж ч, бичиж ч, бусад маягаар харьцаж ч чадахгүй байлаа. Ингээд 6 жилийн дараа 20 настай болсон бүсгүй сая болсон явдлын талаар мэдээлэл өгч чадахтайгаа болжээ.

Түүнийг Кикуми Тоторо гэдэг бөгөөд 1999 онд ор сураггүй алга болжээ. Эцэг эх нь түүнийг үхсэнд тооцож байв. Сургуулиасаа гараад явж байсан охинд үл таних эр хандаж ээж аав чинь чамайг аваад ир гэж явууллаа гэхэд охин санаанд орсонгүй машинд нь суугаад явсан байна. Тэр эр нүдийг нь таглаж байгаад нүүр рүү нь ямар нэгэн юм шүршихэд Кикуми ухаан алджээ. Хурц гэрэлтэй цайвар өнгийн том тасалгаанд ухаан ороод хартал өөр хоёр охины хамт торон дотор хоригдсон байв.
Өрөөний голд мэс заслын том ширээ байсан бөгөөд эмнэлгийн хувцас өмсөж гартаа цахилгаан хөрөө барьсан хүн өмнөө хэвтээ охины хөлийг тайрахаар завдаж байлаа. Охины нэг хөл аль эрт тайрагдсан, харин боосон боолтыг нь харвал гарыг нь саяхан тайрсан бололтой байжээ. Хамгийн аймшигтай нь, нөгөө талын хананы дагуу яргалуулсан бусад охид харагдаж байв. Тэд хөдөлж дуугарч чадахгүй ч амьсгалж, нүдээ цавчиж байжээ. Ийм зүйл харсан Кикуми дахиад л ухаан алдав. Нэг сэхээ ортол орон дээр хүлээтэй хэвтэж байлаа. Орилж хашгирахыг оролдсон ч дуу нь огт гарсангүй. Түүний зүүн гар нь тайрагдаж, шархыг нь нямбай гэгч оёсон байгааг охин мэдэрчээ. Тэр өрөөнд ганцаараа биш, тэнд байгаа охид бүгд 1-3 мөчөө тайруулсан, бүгд ярих чадваргүй болсон байв. Зарим нь гав гинжнээсээ салахыг оролдон мушгиралдаж, зарим нь зүгээр л дээш харан хэвтээд нулимсаа асгаруулж байлаа. Эргэн тойрон нам гүм. Тэдэнд өдөр бүр мансууруулах бодис тарьж байсан тул Кикуми өдөр, цагийн баримжаагаа бүрмөсөн алджээ. Тэднийг өдөрт 3 удаа хооллодог байлаа. Охины үлдсэн гарыг гавнаас суллаж савх бариулсан байна. Эхлээд хоолыг нь шал руу шидэж байснаа сүүлдээ иддэг болжээ. Ингэсээр эрүүл ухаанаа ч алдаж эхэлсэн байна. Тэр тамлагчийнхаа нэр усыг ч мэдсэнгүй, зорилгыг нь ч ойлгосонгүй. Үе үе охидын нэг алга болж удалгүй аль нэг мөчгүй болоод эргэж ирдэг байв. “Мэс засал” хоорондын хугацаа хэдэн 7 хоног байх ёстой авч охин цаг хугацааны баримжаагаа нэгэнт алджээ. 4 дэх мөчөө алдсаны дараа Кикуми “үзэсгэлэнгийн танхим”-д шилжжээ. Энэ нь харьцангуй цэвэр агаартай, дугуй хэлбэртэй тасалгаа байлаа. Ханын дагуух тавцан дээр охиныг хэвтүүлэв.
Энд Кикуми анх удаа тамлагчийнхаа нүүр царайг харжээ. Энэ нь буурал сахалтай жирийн нэг “өвөө” байв. Нүд нь тогтуун дөлгөөн, нүүрэнд нь өрөвдөх шинж тодорно. Ирээд гавыг нь тайлтал охин хазах гэв. “Өвөө” үүнд бэлэн байсан бололтой, охиныг буцаан түлхээд дагз, ташаанд нь тусгай механизмаар бэхлэгддэг металл ялтсыг нуруун доогуур нь хийжээ. Ингэснээр охин хөдлөх ямар ч боломжгүй болов. Дараа нь метр хагас орчмын урттай, ардаа тогтоогч бүхий хавтгай самбар авчирч охиныг дээр нь тавьж ялтсаар нь бэхлээд хананд өлгөж орхив. Эргэн тойрон түүн шиг өлгүүлсэн олон охид байх нь тэр. Ингээд яргачин гэрэл унтраан гарч оджээ. Энэ шөнө хамгийн аймшигтай нь байлаа. Эргэн тойронд дуугарч чадахгүй, нүдээ цавчихаас цаашгүй амьд хүүрнүүд. Нүдээ цавчих чимээ хамгийн чанга орилооноос ч илүү аймшигтай сонсогдож байлаа.
Охин хэд хоног огт унтсангүй. Эцсийн эцэст өөрийн эрхгүй нойронд дарагдав. Сэрээд хартал өрөөнд хурц гэрэлтэй, бусад охидын нүүрийг будаж янзалсан байв. Тэднийг хамгийн багаас нь эхлээд насны нь дэс дарааллаар байрлуулсан байлаа. Эдгээр охидыг удаан хугацааны туршид цуглуулсан болохыг Кикуми ойлгов. Бүгд л урт хар үстэй, цайвар царайтай жирийн япон охид харагдав. Тамлагч ямар нэгэн савтай шингэн барьсаар орж ирээд ээлж дараалан охидын ам руу хийлээ. Дараа нь бүгдийг нь тойрч ус уулгаад 3 дахь тойролтондоо биеийн байдлыг нь шалгав. Харин 4 дэх тойролтондоо зүгээр л цуглуулгаа шохоорхон харж зарим нэгнийх нь үсийг засаж, заримынх нь будаг шунхыг сэргээж байв.
Үе үе аль нэгэн охиныг хананаас буулган авч гялгар цаасаар ороон хайрцагт хийгээд авч явдаг байлаа. Кикумигийн ээлж ирэхэд түүний боолтон дээр № 72 гэж бичжээ. Хайрцагны дотроос моторын чимээ, дараа нь бусад хүмүүсийн ярилцахыг сонсов. Хэдэн цагийн дараа түүнийг олжээ.
Хэдэн жилийн дараа яргачинг барьж чадсан ч, тэрээр гэнэт ойлгомжгүй байдлаар үхжээ. Харин бусад охидыг ч, хэргийн газрыг ч олж чадсангүй.

Жич: Энэ сэтгэл шимшрэм түүх интернетээр өргөн тархсан ч бодит эх сурвалж байхгүй юм байна. Харин Dan Kubo нэрт хөгжимчний №72 (The Story of Kikumi Totoro) гэдэг трэк байдаг аж. Иймээс дээрх түүх энэ хөгжимчний маркетингийн нэг хэлбэр байж магадгүй л юм.
Гэхдээ л жил бүр Японд хэдэн арван мянган хүн ор сураггүй алга болдог, үүний 70 хувь нь насанд хүрээгүй охид байдаг гэсэн статистик судалгаа байдаг аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munhnar (66.181.188.238) 2018 оны 03 сарын 07

MUNHNAR EEJ

0  |  0
Zochin(64.119.26.79) 2018 оны 03 сарын 06

Yrgachin yum be

0  |  0
Top