Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2018 оны 03 сарын 06

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Марк Кэйнигийг өнөөдөр (2018.03.06) хүлээн авч уулзлаа. Ноён Марк Кэйнигт Азийн сангийн суурин төлөөлөгчөөр томилогдсонд профессор Н.Лүндэндорж баяр хүргээд, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Азийн сан Шүүхийн ёс зүйн хороотой Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу хамтран ажиллаж байгаа. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын программыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулсан. Цаашид шүүгчийн сонгон шалгаруулалтын программыг боловсронгуй болгох, шүүгчийн сургалтыг олон улсын түвшинд ойртуулах, хариуцлагыг дээшлүүлэхэд Азийн сантай хамтран ажиллах боломж, хүлээлт байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцоллоо. Мөн Шүүгчийн ёс зүйн дүрэмд олон улсын экспертээр мониторинг хийлгэж, зөвлөмж гаргах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдэд сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Тэрбээр "Шүүгчийн хариуцлага гэдэг хийсвэр ойлголт бий. Шүүгчийн хариуцлагыг хараат бус байдалд нь халдах утгаар ойлгох тохиолдол их. Тиймээс шүүгчийн хариуцлага, хараат бус байдлын зөв харьцааг олох нь чухал. Хараат бус байдлын ард хариуцлага нуугдаж байдаг. Шүүгчид хариуцлага тооцдог механизм байхгүй” гээд энэ асуудалд анхаарч ажиллахыг хүслээ.

 

Азийн сангийн суурин төлөөлөгч, ноён Марк Кэйниг "Азийн сан Монголын Засгийн газартай урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Шударга ёсыг бэхжүүлэх, авлигын эсрэг болон шүүгчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж эхлээд удаагүй байгаа” гээд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр "Шүүгчийн хувийн ашиг сонирхлыг Ёс зүйн дүрмээс ангид байлгах, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох тогтолцоо шаардлагатай байгаа. Шүүгчийн ёс зүйн дүрмийг Монголын нөхцөл байдалд тохируулан гаргах асуудал ч зайлшгүй. Азийн сан эдгээр асуудалд цаашид ч анхаарч ажиллана” гэсэн юм.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар байлцлаа. 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top