Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ой

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр "Шинэ толь хэмээх бичиг" сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын сэтгүүлзүйн түүхэнд тодоор тэмдэглэгдэх түүхэн үйл явдал байлаа. Энэ түүхт өдрийг өнөөдөр МСНЭ-ээс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, ахмад, дунд, шинэ үеийн төлөөлөл болсон сэтгүүлчдээ хүлээн авч, шилдгүүдээ шалгарууллаа. Мөн энэ үеэр МСНЭ-ийн удирдлагууд 105 ойн арга хэмжээний хүрээнд хийгдэх бүтэн жилийнхээ бүтээлч ажлуудыг танилцуулсан бол сэтгүүлзүйн салбарын эрдэмтэн багш нар тулгамдаж буй асуудал болон энэ түүхт өдрийн үнэ цэнийн талаар өөр, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

 Х.Мандахбаяр:  105 жилийн ойгоор олон бүтээлч ажил хэрэгжүүлэх болно

 МСНЭ-ийн Ерөнхийлөгч

-Юуны өмнө Монгол оронд Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн мэндийг нийт сэтгүүлчиддээ хүргэе. МСНЭ-ийн хувьд энэхүү түүхт ойн жилдээ олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал, Орон нутгийн салбар зөвлөлүүдийг чадавхижуулах хүрээнд 21 аймгаараа явж, орон нутгийн сэтгүүүлчдийнхээ ажил байдалтай танилцаж, МСНЭ-ийн салбар зөвлөлүүдийг байртай болгох, компьютер, техник хэрэгслээр хангах зэрэг ажлыг хийж хэрэжүүлнэ. Мөн редакторуудын улсын зөвлөгөөнийг зохион байгуулах, Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг Орхон аймагт зохион байгуулах, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Чадварлаг сэтгүүлзүй” төрөлжсөн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн 105 жилийн ойн хүрээнд “Хараат бус сэтгүүлзүй-Үндэсний форум” болон “Монгол-Хятадын сэтгүүлчдийн есдүгээр форум”-ыг зохион байгуулна. Түүнчлэн "Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон Улсын өдөр"-т зориулсан нөлөөлөл, сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн "Өргөн нэвтрүүлгийн хууль батлуулах" зэрэг сэтгүүлзүйн хууль эрхзүйн орчныг сайжруулах тал дээр ажиллахаар төлөвлөж, Ажлын хэсэг байгуулсан байгаа гээд маш олон ажлыг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна.

М.Зулькафил: Мэргэшсэн сэтгүүлчдийг л төрүүлэх нэн чухал асуудал 

Холбоотой Зураг

/МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, МУИС-ийн багш, доктор, профессор/

-Монгол орноо Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөн түүхт өдрийн мэндийг үе, үеийн шавь нар болон Монголын нийт сэтгүүлчиддээ хүргэе. Өнөөдөр Монголын сэтгүүлзүйд тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй сэтгүүлзүйн салбарын боловсон хүчин, сэтгүүлчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварын асуудал хурцаар яригдаж байна. Сургуулиа төгсөөд олон жил болж байгаа сэтгүүлчдийг давтан бэлтгэх ажил нэлээн хоцрогдсон байгаа. Энэ ажлыг ихээхэн шинэ шатанд гаргаж, сэтгүүлчийн ур чадвар мэдлэгийг дээшлүүлэхээс гадна суурь мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна.  Энэ тал дээр МСНЭ-ийн шинэ удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллах байх.

Ер нь миний бодлоор Монгол Улсад сэтгүүлч бэлддэг тав, зургаан чанартай сайн сургууль байхад л хангалттай. Нээх олон чанартай, чанаргүй сургууль байхын оронд сургууль болгон өөр, өөрийн онцлогтой мэргэшсэн сэтгүүлчийг бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, МУИС академик сургалтад түлхүү анхаарах ч юмуу, өөр нэг сургууль телевиз радиогийн, өөр нэг нь цахим сэтгүүлзүйн чиглэлээр мэргэшүүлэх гээд нэг чиглэлд анхаарлаа хандуулаад төрөлжүүлээд явчих юм бол ихээхэн ахиц дэвшил гарна гэж бодож байна. Цаашдаа төрөлжсөн, мэргэшсэн сэтгүүлчдийг л төрүүлэх нэн чухал асуудал байна.

Д.Сарангэрэл : Сэтгүүлзүй, сошиал орчин хоёрын ялгаа заагийг тоох ёстой

/МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, УИХ, Засгийн газрын гишүүн/

Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн анхны хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдэн гарсан түүхэн өдөр. Уг сониныг тухайн үеийн төр нийгмийн нэрт зүтгэлтэн хэмээн алдаршсан Ж.Цэвээн хэмээх эрхэм хүмүүн гардан гаргасан байдаг. Энэ түүхэн  өдрийг тэмдэглэх санал санаачлагыг анх Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Т.Баасансүрэн  гуай гаргаж байлаа. Үндэсний сэтгүүлзүйн өдрийг Монголын сэтгүүлзүйн эцэг болсон энэ “Шинэ толь хэмээх бичиг” сониныхоо ойгоор тэмдэглэж байх  саналыг гаргаж байсан тэр цагаас хойш Үндэснийхээ сэтгүүлзүйн өдрийг тэмдэглэж ирсэн ийм сайхан үйл явдал уламжлал болгон зохиогдож ирснийг хэлэхийг хүсэж байна.  Дараагийн нэгэн онцолж хэлэхийг хүссэн зүйл бол манай Монголын сэтгүүлчид үнэхээр нүдээ олсон сонголт хийж, Ерөнхийлөгчөөрөө Х.Мандахбаярыг сонгожээ. Манай Х.Мандахбаяр бага залуу наснаасаа сэтгүүлзүйд зүтгэж яваа ийм сайхан хүүхэд ээ. Сэтгүүлзүйдээ юм хийхсэн, бүтээхсэн,  сэтгүүлчийнхээ эрх ашгийг   хамгаалахсан, нийгмийн асуудлыг нь шийдэхсэн, ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг нь бүрдүүлэхсэн гэж энэ залуу хичээж ажиллаж байгааг байнга ажиглаж байгаа. Тэр дундаа хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр чармайн ажиллаж байгаа. Би УИХ-ын гишүүний хувьд энэ ажил дээр нь хамтарч ажиллах болно. Мөн нэг зүйлийг захиж хэлэхийг хүсэж байна. Тэр нь юу вэ гэвэл, сэтгүүлзүй, сошиал орчин хоёрын ялгаа заагийг тогтоож, сэтгүүлч нарынхаа эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ МСНЭ нэр төртэй биелүүлэхийг захиж хэлмээр байна.

Т.Баасанхүү: Чөлөөт хэвлэлийн ухралтыг урагшлуулмаар байна

МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, МУСГЗ

-“1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргаснаар Монголын сэтгүүлзүйн түүх эхэлсэн юм. Үүнээс хойш 105 жил өнгөрч байна. Ингээд Монголын сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа 30 мянга гаруй сэтгүүлчиддээ түүхэн өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Манай сэтгүүлзүйд нэг  онцлог байдаг гэдгийг голлож хэлмээр байна. Монголын сэтгүүлзүй анх үүсэхдээ 1913-1917 онд гарсан “Шинэ толь хэмээх бичиг” сонин, залгаад 1915-1920 он хүртэл  гарсан “Нийслэл хүрээний сонин бичиг” гэсэн энэ хоёр сонин хоёулаа чөлөөт байдлаар гарсан. Энэ бол хамгийн бахархалт түүх юм. Мэдээж 1921-1990 он хүртэл намч сэтгүүлзүй явсан. Түүнээс хойш  өнөөдрийг хүртэл Манай  сэтгүүлзүйн анхаарах ёстой тулгамдсан асуудал бол чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх. Чөлөөт нийгмийг, ардчилсан нийгмийг хамгаалахад хамгийн чухал үүргийг чөлөөт хэвлэл биелүүлдэг. Монгол Улс уг нь чөлөөт хэвлэлтэй орны тоонд ордог байсан ч сүүлийн жилүүдэд хагас эрх чөлөөтэй орны тоонд орж ухраад байгаа. Энэ ухралтыг л урагшлуулмаар байна. Энийг бол УИХ хууль эрхзүйн орчныг нь л сайжруулах замаар нэвтрүүлж өгөх ёстой.

Л.Норовсүрэн: Сэтгүүлчдийн ур чадвар  жилээс жилд өсөж байх ёстой


/МУИС-ийн багш, доктор, профессор/

-Юуны өмнө Үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхэн өдрийн баярын мэндийг хэвлэл мэдээллийнхэндээ хүргэж байна. Өнөөдөр миний онцолж хэлэхийг хүсэж байгаа зүйл бол сэтгүүлчдийн ур чадвар. Сэтгүүлчдийн ур чадвар  гэдэг зүйл бол жилээс жилд л өсөж байх ёстой л доо. Манай сэтгүүлчдийн хувьд шинэ залуу үе бий болон гарч ирж байна. Шинэ шинэ зүйлийг эрэлхийлж, шинийг хийхийг эрмэлзэж байна. Энэ утгаараа орчин үеийн сэтгүүлчдийн ур чадвар өсөж байна гэж би хувьдаа боддог.

Түүхэн ойгоор шагнагдсан сэтгүүлчид

Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн энэ өдөр Монголын сэтгүүлзүйн түүхэнд үнэтэй хувь нэмрээ оруулж, залуу хойч үедээ үлгэр дууриал, үнэт сургаалиа хайрлаж яваа ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болсон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, шог зохиолч, сэтгүүлч Г.Дамба нарыг МСНЭ-ийн "Алтан өргөмжлөл"-өөр шагналаа. 

Мөн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын Мэдээний шилдэг сэтгүүлчид олгодог ур чадварын дээд шагнал болох МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит "Мэдээний шилдэг сурвалжлагч" шагналын эздээр  NTV телевизийн сэтгүүлч, ахлах редактор М.Батхишиг, "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Б.Баяртогтох, МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Мөнгөнтуяа нар тодорч “Алтан дүрмийн эзэн” цол тэмдэг гардлаа. Мөн энэ түүхэн өдрөөр Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал, "Өдрийн сонин"-ы Улс төрийн албаны дарга Э.Энхболд, тус сонины сэтгүүлч Д.Гансаруул нар шагнагдаж, "Ган үзэгтэн"-ээр Etv телевизийн сурвалжлагч М.Мөнгөнчимэг  нар тус, тус тодорлоо.

Түүнчлэн түүхэн энэ өдөр Анхдагч хэмээх нэр хүндтэй батламжийг "Цахим сэтгүүлч"-ийн бакалаврын ангийг анхлан нээсэн Отгонтэнгэр их сургуулийн "Сэтгүүлзүй, Олон Улсын харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон санаачилсан Монголын сайтын холбооны хамт олонд гардуулан өглөө.

 

 

 

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новш(124.158.110.82) 2018 оны 03 сарын 07

би 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. муусайн банди нар иймэрхүү арга хэмжээнд урина гэж байхгүй юмаа

0  |  0
Top