”Очир” төв зочид буудлыг амиа алдсан 13 настай охины хэргийн хариуцагчаар татлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай Л.Майлс охин амиа алдсан хэрэг гарсан юм. 

Өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 11.00 цагаас зочид буудалд амиа алдсан 13 настай охинтой холбоотой хэргийн шүүх хурал болсон юм. Хуралдаанаар “Очир төв”-ийн удирдлагуудыг 21 нас хүрээгүй хүүхдийг буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан. Харин дүүргийн прокурор үүнтэй холбоотой эсэргүүцэл гаргасан юм. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ эсэргүүцлийг буцаасан байна. 


Энэ талаар хохирогч охины өмгөөлөгч Г.Батбаяр “Дүүргийн прокурорын зүгээс эсэргүүцэл гарсан. Хоёр сарын дараа хурал болж, бодитой хандаж, бодитой шийдвэр гарлаа гэж үзэж байна. Прокурор яллах дүгнэлтдээ даажигнан тохуурхах, харгис хэрцгий хандсаныг тодруулж өгөөгүйгээс ял хөнгөрсөн.

Мөн Эрүүгийн хуулийн 10.1.2-т өөр хэргийг нуун дарагдуулах замаар хүний амь хөнөөсөн, бага насны хүүхдийг ёс бус аргаар бэлгийн харьцаанд орсон эсэхийг тодруулсны дараа шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Харин хэрэг гарсан газар болох “Очир төв”-ийн үйл ажиллагааг түр зогсоон, торгох арга хэмжээ авсан бөгөөд одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг өмгөөлөгчид онцлоод байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОНИГОО(202.179.27.88) 2018 оны 03 сарын 07

УДИРДЛАГУУД БИШ ЭЗНИЙГ НЬ ХАРИУЦАГЧААР ТАТАХ ЁСТОЙ.ЭЗЭН УДИРДЛАГУУДЫГ УДИРДДАГ.

0  |  0
Top