Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулсан шүлгийн уралдаанд яруу найрагч Л.Ганзул түрүүллээ

2018 оны 03 сарын 07

 

Монголын сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулах Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авцгаалаа.

Одоогоос яг нэг сарын өмнө Кёкүшюзан Д.Батбаяр Японы Окинава арал дээр гэргийн хамт авахуулсан зургаа найман мөрт шүлгийн хамт өөрийн пэйж хуудсанд оруулсан нь олон нийтийн сүлжээгээр нэлээд тархсан юм. Бөх хүн гэргийдээ зориулж шүлэг бичнэ гэхээр зарим нэгнийх нь хувьд тун сонин содон зүйлийн нэг байсан ч шүүмжлэх нэг нь ч байлаа. Харин олон нийтийн дэмжлэгт нэлээд урамшсан Кёкүшюзан Д.Батбаяр өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд гэргийдээ зориулж хайрын шүлгийн уралдаан зарлаж, мэргэжлийн хүмүүсээр шүүлгүүлсэн нь өнөөдөр ийн ялагчаа тодруулж, тун амжилттай болж өндөрлөлөө.

Хайрын шүлгийн уралдаанд 1000 гаруй уран бүтээлчид шүлгээ ирүүлснээс шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, Улаанбаатар зочид буудлын “Хөх Асар” танхимд шагналыг гардууллаа. Шагнал гардуулах арга хэмжээнд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан, Төрийн соёрхолт, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж,  СГЗ С.Эрхэмбаяр, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, Яруу найрагч Р.Эмүжин болон тэмцээний шилдгүүд оролцсон юм.

Мөн тэмцээнд ирүүлсэн нийт оролцогчдоос 400 шүлгийг шүүж ариутган “Ханьдаа” хэмээх номыг бүтээснээ арга хэмжээнд оролцсон нийт зочдодоо бэлэглэсэн юм.

Тэмцээний тэргүүн байрт Zindaa.mn сайтын сэтгүүлч, “Болорцом”-ын тавдугаар байр, яруу найрагч Л.Ганзул шалгарч, Япон улс руу зорчиж сүмо үзэх эрхээр шагнуулсан бол, удаах байранд яруу найрагч Л.Түмэнжаргал орж “iPhone X” утсаар, гутгаар байрт яруу найрагч Ш.Бадам орж Samsung J7 утсаар шагнууллаа.

Харин тусгай байрт орсон яруу найрагчид болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч, СГЗ Д.Дашдондов, яруу найрагч Х.Мөрөн, Б.Болдсүх, С.Шүрэнцэцэг, Б.Баттулга, Э.Бат-Эрдэнэ нарыг 32 инчийн өнгөт зурагтаар шагнаж урамшууллаа.

Тэмцээний шүүгч, яруу найрагч Р.Эмүжин: Алмаз мэт гялтганаж, алт мэт тунаж чадах хайрын сайхан мөртүүд  олон байсан

Энэхүү тэмцээнд маань нэлээн өндөр түвшний яруу найрагчид хамрагдан оролцсоноороо их онцлогтой боллоо. Монгол орон даяар 3000 шахам хүн оролцсон нэлээн далайцтай, өргөн хүрээнд зүрхнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд жигүүрлэн хүрэх хайрын шүлгийн уралдааны үр дүн бидний барьж байгаа энэ ном, өнөөдөр бид нэгэн мөчид нэгэн дээвэр дор цуглаад сууж байгаа ховорхон алтан агшин юм гэдгийг хэлмээр байна. Оролцсон хүн болгоны шүлэг, хэдийгээр эхний байруудад ороогүй ч алмаз мэт гялтганаж чадах, алт мэт тунаж чадах хайрын сайхан мөртүүд  байсан шүү. Энэ нь юуг хэлж байна гэхээр монголын ард түмэн хайрлаж чаддаг юм шүү гэдгийг илэрхийлж байгаа юм болов уу гэж шүүгч бид үнэхээр талархалтай хүлээж авснаа хэлмээр байна. Уралдаанд ирсэн шүлгүүдийг уншаад сууж байхад шүлэг бүхэнд өөрийн гэсэн амь байсан. Өөрийн гэсэн хайр оршиж байсан. Чухам юунаас үүдэлтэй юм бэ гэдгийг бодоод үзэхээр энэ бүхэн хайр юм, сэтгэл юм, дурлал юм. Хүний хайраас гарсан үг  хайранд хүрдэг, сэтгэлд очиж жигүүрээ амраана. Зүрхнээс гарсан үг зүрхэнд очиж үүрээ засна шүү дээ. Монголчууд бол зөн билгийн, аман билгийн олон зуун мянган жилийн түүхтэй, ардын аман зохиолын хэдэн зууныг гаталсан арвин сан хөмрөгтэй ард түмэн. Тэгээд Кёкүшюзан Д.Батбаярын хайрын шүлгийн уралдаан бол монголчуудын аман билгийн, зөн билгийн сэрэл мэдрэмжийг сэрээж чадав уу даа хэмээн би хувьдаа бодсон.

Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж: Сошл ертөнцөд гэрэл гэгээ авчирлаа

Манай Кёкүшюзан монголын эрчүүддээ ханьдаа хэрхэн хүндлэл үзүүлж болохыг, ханьдаа ямар бэлэг барьж болдгийн үлгэр жишээг өнөөдөр харууллаа. Нөгөөтэйгүүр сошл ертөнцөд гэрэл гэгээ авчирсан ийм сайхан давалгаа, цалгиа үүсгэсэнд тун талархаж байна. Ер нь хүний сэтгэлээс гарсан үнэ цэнэтэй шүлэг, үгсийг хооронд нь харьцуулаад хэмжих бололцоо үнэхээр байдаггүй зүйл шиг санагдсаныг энд онцлон хэлмээр байна.

Кёкүшюзан Д.Батбаяр: Хайртай ханьдаа 1000 сарнай биш 1000 шүлгээр бэлэг барина гэдэг миний хувьд их аз завшаантай зүйл

Ханьдаа зориулж бичсэн хэдхэн мөрт маань өнөөдөр олон мянга дахин үржигдэж, олон түмэнд хүрч байгаад их баяртай байна. Монголчууд маань бөхчүүдийг ер нь бол хээ хаагүй, ичимтгий, гэр бүл, найз нөхдөдөө хайртай ч гэж хэлж чаддаггүй, бүрэг улсууд гэсэн ойлголттой байдаг. Тэр ойлголтыг өөрчилье, мөн залуучууд маань хайртай хүндээ зөвхөн цэцэг, сарнай авч өгөх биш хайраа зоригтойхон илчлээд, монгол хүний тэр сайхан яруу найрагч сэтгэлгээгээр сэтгэлийнхээ үгийг шүлэглээд хэлчихдэг байя гэж уриалах үүднээс энэ шүлгийн уралдааныг зохион байгуулсан. Шүлгийн уралдаанд маань маш олон хүн оролцсонд үнэхээр баяртай байна. Хамгийн гол нь 1000 гаран шүлгээс 400 орчим шүлгийг “Ханьдаа” зориулсан номонд оруулж гаргаад байгаа маань их сайхан үйл явдал. Дээрээс нь хайртай ханьдаа 1000 сарнай биш 1000 шүлгээр бэлэг барина гэдэг миний хувьд их аз завшаантай зүйл л дээ. Нийт шүлгээ ирүүлж, оролцсон та бүхэндээ баярлалаа.

МУГЖ, дуучин Т.Баясгалан: Ханиараа маш их бахархаж байна

Энэхүү сайхан хайрын шүлгийн уралдааныг санаачилж, өнөөдрийн энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа ханьдаа маш их баярлалаа. Дуу болохоор их олон сайхан шүлгийг С.Эрхэмбаяр ах маань онцолж надад уншиж өгсөн.  Бидний санаанд ч оромгүй их сайхан шүлгүүд ирсэн байна. Үүгээр бол монголчууд ямар сайхан яруу юм, ямар сайхан уянгатай, үгийн баялагтай юм, сайн сайхан зүйлд уриалж чадвал ямар сайхан давалгаалж чаддаг вэ гэдгийг харуулж чадлаа хэмээн би бодож байна. Санаачилсан ханиараа үнэхээр их бахархаж, баярлаж байна. Энэ цаг мөчөөс эхлэн, магадгүй 2018 оны эмэгтэйчүүдийн баяр бол 1000 сарнайнаас илүүтэй 1000 үсгийг холбосон, чин сэтгэлийн угаас гарсан тийм сайхан шүлэгтэй, яруутай, амьтай, үгийн шидтэй тийм сайхан үгийг хайртдаа, ээждээ, ханьдаа, бүсгүйдээ бэлэглэсэн, ийм сайхан бэлгээр бялхсан баяр болох байх. Бүх бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Зөвхөн надад зориулахаас гадна хоёр, гурван ч залуу би ханьдаа зориулж бичиж байсан, энэ шүлэг маань түрүүлнэ, шалгарна гэж бодож байсангүй гэж байна. Тэгэхээр сайн санааны үзүүрт тос гэж байдаг даа. Тэр хүний ханьдаа зориулж бичсэн шүлэг ханьдаа бэлэг болж очихоос гадна биднээс шагнал аваад гэртээ харьж байгааг харах илүүтэй сайхан байлаа. Мөн ханиараа бахархахаас гадна монгол түмнээрээ маш их бахархаж байна. Энэ сайхан зүйлийг олж хараад өө би ч бас оролцъё гээд шүлгээ явуулж байгаа тэр эрмэлзлээр нь бахархаж байна даа.

Кёкүшюзан Д.Батбаярын гэргий Т.Баясгаландаа зориулж явуулсан хайрын шүлгийн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн яруу найрагч Л.Ганзул: Энэ наадам хүний зүрх сэтгэлийг хөглөж, гэрэлтүүлэх юмсан гэсэн хүслийн минь илэрхийлэл боллоо

Маш олон хүн оролцож байгааг пэйж хуудсаас нь харж байлаа. Манай гэргий харин энэхүү наадамд оролцоочээ, ийм сайхан наадам болж байгаа юм байна, нэг сайхан дуу төрөө ч билүү гээд санал тавьсан. Би ч мөн гэргийдээ зориулсан бас нэг сайхан дуутай болох ч юм билүү гээд энэ наадамд оролцсон. Тэгээд тэр 1000 гаруй шүлэг дундаас түрүүлсэндээ маш их баяртай байна. Өнөөдөр хүн бүр зүрх сэтгэлээ шүлгээр илэрхийлэх гэж оролдож байгаа нь монгол түмний оюун санаа тунгалаг байгааг харуулж байна. Хайрынхаа төлөө зүрх сэтгэлээ нээж, хайртдаа зориулж энэ хоёр хүний сайхан наадмыг улам өргөжүүлж, хөгжүүлж оролцсон бүх хүмүүстэй баяр хүргэе, баярлалаа гэж хэлье. Яагаад гэвэл би яруу найрагт маш их хайртай. Маш багаасаа шүлэг бичсэн. Мөн миний хэд хэдэн дуу бий. Хамгийн гол нь энэ наадам хүний зүрх сэтгэлийг сайхан хөглөөд, гэрэлтүүлэх юмсан гэсэн хүслийн минь илэрхийлэл боллоо.

Тэргүүн байрын шагнал хүртсэн Яруу найрагч Л.Ганзулын шүлэг

Гэргийн гэгээ

Дэргээд өнгөрдөг өдөр хоногуудад

Дэргэд гийсэн энхрийхэн минь дээ

Дэлхийн саран үзэсгэлэн гоо ч

Гэргийн гэгээтэй яахан дүйх вэ

Хатираад оддог хоног саруудад

Хажууд мандсан танхилхан минь дээ

Хаан тэнгэрийн наран илчтэй ч

Хайрын дэргэд юухан ч билээ дээ

Галигуулж холддог улирал жилүүдийг

Хамтдаа элээсэн гэгээн тавилан минь дээ

Гараг одод нь тэнгэрийн тэртээд дээ

Харин чи минь миний л зүрхэнд дээ

Дахилт:

Сэтгэлийн тэнгэрээс зөөлсөн асгарсан

Энэрлийн цагаан бороо гэж боддог доо, чамайгаа

Итгэлийн энгэрийг түшиж нялхарсан

Ээлтэй цагийн цэцэг гэж хайрладаг даа, чамайгаа

2018.02.02 Улаанбаатар хот.

Дэд байрын шагнал хүртсээн яруу найрагч Л. Түмэнжаргалын шүлэг

Бурханы цэцэг

Эхнэр бид хоёр гэртээ гурван цонхтой

Ээлжлэн ээлжлэн нар дагуулж зөөдөг нэг цэцэгтэй

Цэцэг минь, нэгэн өнгөнд сул ууссан

Гоо үзэсгэлэнтэйгээр орших хоёр хос навчтай

Ургамалын зөгийг өөртөө урин дуудах Бадамлянхуа мэт

Учралт ханиар минь тэд,тоосоо арчуулах дуртай

Бодьсадва, Цагаан дарь эхийн, төгс нигүүсэлийг олсон

Бурхадын цэцэгчин гэж ханийгаа би магтах дуртай

 

Эхнэр бид хоёр гэртээ хоёр сандалтай

Ээлжлэн ээлжлэн эрхлүүлж суудаг нэг л цэцэгтэй

Тэр минь, мунхаглал шуналын энэ хорвоод өөрийн биеэр амьсгалж

Нарны туяанд дэлгэрэн баясах онцгой түмэн увидастай

Бурхан завилгаанаар ургаж амиралдаг, Бадамлянхуа мэт

Буй биеийг минь нялхамсуулж, надаар услуулах дуртай

Гэгээрлийн гэрэлт наранд, дэлгэрэх хүмүүний сэтгэлийг олсон

Гэргий минь, усны мандал дээр мацаг барин хөвөх дуртай

 

Эхнэр бид хоёр гэртээ, нэг ортой

Ээлжлэн ээлжлэн зүүдэлдэг үр ганцхан цэцэгтэй

Ариун үнэрт тэр минь, оюун билэгт,мөнх төлөвийг илэрхийлсэн

Асрал нигүүслийн Бодьсадва азийн уугуул чанартай

Найман адислалт эрхэм тэмдгийн нэг, Бадамлянхуа мэт

Нарны туяагаар өөрийгөө арцалж, туршлагын усыг туулан хөгжөөд

Төгөлдөр Лянхуа нэрийг гэгээрүүлэн дэлгэрүүлвээ

 

Эхнэр бид хоёр гэртээ нэг л хүсэлтэй

Энэ цэцгэндээ өгөх нэг л нэртэй

Сэтгэвээс

Сэрэл мэдрэхүйг оюун ухаан ялан дийлсэний тэмдэг

Манзушир бурханы цэцэг хэмээвээ.

Гутгаар байрын шагнал хүртсэн яруу найрагч Ш.Бадамын шүлэг

1. Тэнгисийн дундах цор ганц мод чинь би

Тэвэрт чинь борхон бүжингүүд бий!

Үнэр болоод сэтгэлийн чинь зайд

Үүднээс нь л замчилдаг борхон бүжингүүдэд

Үнэнийг заах, үгүй дээ л хөлөөс нь толгой хүртэл цэцэг зулаад

Хөөрхөн алганд нь

Хоёулаа багтах ёстой!

2. Алганы чинь хонхорхойд тольддог ганц л шувуу бий

Аашныхаа зоргоор амиа хорлодогийг нь чи мэднэ

Нисэх нисэхгүйн завсар тэлчлээд

Нэрээр чинь дуудаад уйлдгийг ч чи мэднэ

Тэртээ өндрөөс шунган унахдаа 

Тэвэрт чинь багтаж л амьд үлддэгээ тэр шувуу мэднэ

3. Анхалж  чиний минь зурсан бидний хөрөг

Амилчхаад зүрхэн дундуур минь нисэлдэнэ

Хөнжилдөө булхсан ч харагдахгүй  гэдэгтээ итгэдэг

Хөөрхөн үрс минь

Нуруун дахь бяцхан далиараа

Нуугдаж тоглон байгааг хараач,

Тэмдэгт хуруудаа нийлүүлчихээд

Тэнгэрийн цүнхээлд хөлөө дүрэн суудаг

Амьдрал минь,

Аз жаргалын бүлээхэн арал минь!

Тусгай байрын шагнал хүртсэн оролцогч МУСГЗ яруу найрагч Дамбийн Дашдондовын шүлэг

ЧАМДАА ДЭНДҮҮ ХАЙРТАЙ

Ханийнхаа сэтгэл шингэсэн бүхэнд би хайртай

Харихаар чамруугаа яарч явахдаа дуртай

Харцнаас чинь энхрий хайр унших дуртай

Хайрын чинь өгөөмөрт өдөр бүхэн жаргалтай

 

Ханийнхаа дуулсан дуу бүхэнд би хайртай

Хааяа цугтаа аяланхан суухдаа дуртай

Хацрын чинь хонхрыг өхөөрдөн үнсэх дуртай

Хайртай үрсээ хоёулаа энхрийлэх жаргалтай

 

Ханийнхаа бүхий л сайхнаар гоёх би дуртай

Халимаг үсээ гараар чинь илбүүлэх дуртай

Хааяа дэвэхэд аргадах ухаанд чинь хайртай

Халуун хүйтнийг ч хамтдаа туулах жаргалтай

 

Ханийхаа өөдрөг ариун сэтгэлд би хайртай

Хатангоо биеэнд чинь уусан жаргах дуртай

Халуун бүлээн амьсгалд чинь эрхлэх таатай

Хажууд чинь дандаа эрхлэн залуужих жаргалтай

Хайртай даа чамдаа дэндүү хайртай, хайртай

Ханийн хорвоог хайрлах тусмаа жаргалтай.

PS: Ханьдаа хайрын шүлгээр бэлэг барина гэдэг их гэгээлэг сэтгэл байна. Д.Баятбаяр, Т. Баясгалан хоёртоо болон эвсэг сайхан гэр бүлд чинь аз жаргал сайн сайхныг ерөөе. Миний шүлгээр бүтсэн “Уулзах юм сан чамтайгаа” дууг минь Т.Дэлгэрмөрөнтэй хамт дуулж түмний дуртай дуу болгосон МУГЖ Түвшинжаргалын Баясгаландаа би баярлаж явдаг. Батбаярынхаа зарласан уралдааныг дэмжиж ийм нэгэн шүлгийг илгээж байна. Дуу болгох боломжийг бодолцов. Дараа шүлэг илгээнэ ээ. Амжилт ерөөе.

Тусгай байрын шагнал хүртсэн оролцогч МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулгын шүлэг

Зөнгөөр учирсан хайр

Эртний хорвоог залуухан санагдуулж

Эгшиглэнт хайраа өглөө дөө,амраг минь

Эрийн хиймориор жигүүрлэж явахад

Энхрий сэтгэлээ дэлгэлээ дээ, хонгор минь

Дахилт:

Усгал харцаараа зүрх хөгжимдсөн чи минь

Уянгын дуу наддаа л гэж дээжлээч ээ

Дүүлэн дүүлэх шонхорын дэвэлтийг

Дүүрэн аялгуунаас чинь мэдэрч л сууя

 

Хуучны орчлонг шинэхэн бодогдуулж

Хувиршгүй сэтгэлээ өглөө дөө, амраг минь

Сүлдний гал шиг дүрэлзэж явахад

Сүүтэй итгэлээ дэлгэлээ дээ,хонгор минь

Дахилт:

 

Цагийн жамыг дуугаар гэрэлтүүлж

Цайлган зөнгөөр учирлаа даа,хоёулаа

Ханийн заяагаа нийтгэн холбож

Халуун хайраар ижилслээ дээ, хоёулаа

Дахилт:

Усгал харцаараа зүрх хөгжимдсөн чи минь

Уянгын дуу наддаа л гэж дээжлээч ээ

Дүүлэн дүүлэх шонхорын дэвэлтийг

Дүүрэн аялгуунаас чинь мэдэрч л сууя

2018:2:12

Тусгай байрын шагнал хүртсэн оролцогч “Мөрөн Хөвсгөл” фэйсбүүк хаягтай оролцогчийн шүлэг 

Гэгээвчний чинь дор

ямар нэгэн ургамал

болох сон

Гэрэлт нар ургахын

сацуу хөшигөө

нээхдээ чи намайг

харж байг

Хэрсүүхэн нүдэн чинь

өртсөн би бээр

баярлан

сугсалзаж

Хээр нуга хөндий рүү

үнэрээ тарааж

байг

Довжооны чинь

ойролцоо ямар

нэгэн чулуу

байх сан

Дотнохон чи минь

борооны тунараан

дунд намайг

гишгичин дэгдэг

Өлмий мэлмий

юунд чинь өртөн

жаргасан би бээр

Өглөөний нарыг

хальтаруулан

гялтганаж байг

Тархи зүрх хоёрыг чинь

төөнөсөн ямар нэгэн

дулаан байх сан

Таавар оньсого болон

чамд би уусаг

Тал сар бүтэн нарны

дор амь ганц

боловч

Тавилан заяа минь

гагцхүү чамд

уягдан бүүдийг ээ

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рмххрх(203.91.115.41) 2018 оны 03 сарын 08

эдгээр шүлгүүд үнэхээр сул байна а. том яруу найрагчид шүү дээ

0  |  0
сүрэн(66.181.182.148) 2018 оны 03 сарын 08

Өнөөгийн Монголын зохиолчид гэж ямар өчүүхэн амьтад болоо вэ? Очиж, очиж нэг хөгшин авгайд зориулж, маанаг махан толгойтынх нь захиалгаар шүлэг бичиж эргүүтэж байх гэж. Мөнч хөөрхийлэлтэй байна даа.

0  |  0
Зочин(59.153.113.36) 2018 оны 03 сарын 07

Үнэхээр уран сэтгэсэн, үнэнч хайраас урган гарсан уралдаан байна. Гавьяатуудынхаа гэр бүлд болон уралдаанд оролцсон, зохион байгуулсан бүх хүмүүст сайн сайхныг хүсье. Сайхан хайр байдаг юм шүү гэж сайхан үг шүү.

0  |  0
tugalhan (202.72.245.165) 2018 оны 03 сарын 07

battulga ganzul hoeriin shuleg javar garsan shuleg yumaa nuguu heden shulguud bol jinhene hognuud Hog bichdeg humuus uuriiguu tanisai bilee dee

0  |  0
Zochin(202.9.41.155) 2018 оны 03 сарын 07

Oligtoi beleg ogoh heregtei sh dee

0  |  0
Дуламсүрэн(66.181.161.78) 2018 оны 03 сарын 07

Аймаг сумтай нь тодорхой бичмээр юмаа.Орон нутгаас байр эзэлсэн үү

0  |  0
Яруу(202.179.6.70) 2018 оны 03 сарын 07

Баясгалан даа зориулсан шүлгээс нь шалгаруулах гүй. Хүмүүсийн эхнэртээ зориулж бичиж байсан шүлэг нь шалгараад байдаг. Утга нь алдагдсан тэмцээн боллоо.

0  |  0
Тбоб(59.153.113.127) 2018 оны 03 сарын 07

ЯРУУ НАЙРАГ Ч ГЭЖ ХОШНОГО БОЛЖДЭЭ. САНААНД ХҮРСЭНГҮЙ. КЮКШЮ нэрээ бодоод шагнаа биз

0  |  0
Заяа(202.9.44.66) 2018 оны 03 сарын 07

Баясгаландаа хайртай шуу гэр булд нь аз жаргал хусэе

0  |  0
Zochin(66.181.161.58) 2018 оны 03 сарын 07

Ehnii 1r bairiin shuleg onts bish ymaa

0  |  0
ооо(66.181.178.183) 2018 оны 03 сарын 07

Хосуудад үлгэр жишээ болох сайхан арга хэмжээ болжээ.Баяр хүргье.

0  |  0
Zochin(202.180.216.7) 2018 оны 03 сарын 07

Ehnii shulgeesee daraagiin shulguud ni changa, aytaihan sanaatai, tsagaan bish shulguud bna.

0  |  0
11(66.181.169.66) 2018 оны 03 сарын 07

saihan ger bul baina. hania bayarluulah gesen taniar baharhaj suuna

0  |  0
Muugi(27.123.214.103) 2018 оны 03 сарын 07

Mash saihn

0  |  0
Top