Тойм: Шүлхийгээс сэргээш хүртэл

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 11

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн “татварын шинэчлэл”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулснаа танилцууллаа. Энэ бизнес эрхлэгчдэд гэрэлтэй мэдээлэл болж түглээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална. Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа болохыг онцолсон юм. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгасан. 

-Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно.

Татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг хааж, бизнесийг нь гарах гарцгүй болгон, улмаар аж ахуйн нэгж, бизнесийг дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдах нөхцлийг бүрдүүлэх явдлыг бид цаашид таслан зогсооно.
 Мөн татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөжээ.

Сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлав

 “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд 31 бөхийг шинжилгээнд хамруулахад эхний “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлсэн. Тус холбоо сэргээшийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарласан ч сэргээш илэрсэн бөхчүүдийнхийг үлдээсэн.  Харин  Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа.  

-Аймгийн хурц арслан Б.Номиндалай,

-Сумын заан С.Майнбаяр,

-Улсын начин Э.Даш,

-Улсын гарьд Ө.Бат-Орших нар ийнхүү бүдэрлээ.  Гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нар хариу тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийсэн юм. 

Улсын гарьд Ө.Бат-Орших  Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. 2017 оны 12дугаар  сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү” хэмээжээ. 

Шүлхийн тархалт анхаарал татав

Манай улсад шүлхийн тархалт урд байгаагүйгээр гарсан. 2018 он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий гарсан нь бүртгэгдсэн.

Найман аймагт хорио цээрийн дэглэмтэй, бусад аймгийн хорио цээрийн дэглэм буураад байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон, Төв аймаг харьцангуй гайгүй болж, хяналтад орсон гэж зарим мэргэжлийн хүн хэлж байна. Өмнөговь, Булган, Дундговь, Архангай аймгуудын хувьд хяналтад оруулахаар ажиллаж байгаа. Хяналтад орсон аймгуудад зурвас тогтоож вакцинжуулалт хийж байна. Гуравдугаар сарын 5-аас өмнө нөхцөл байдал хүнд байсан учраас Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хоёр бүсчлэлийн дагуу ажиллажээ. Урьдчилан сэргийлэх вакциныг оруулахад холбогдох яамнаас шуурхай ажилласан юм билээ. ОХУ-аас 500 мянган тун вакциныг авч, халдварын хүрээг хааж, хязгаарлалт тавин ажиллаж буй.   Хорио цээрийн дэглэм, хязгаарлалт зурвас тогтоож вакцинаа хийгээд явах юм бол ирэх дөрөвдүгээр сарын 15-нд гэхэд шүлхий тархалтыг зогсоох боломжтой гэж төлөвлөжээ.

Солонгост хөдөлмөр эрхлэх иргэдийг бүртгэв

БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдийн шалгалтын бүртгэлийг энэ сарын 6, 7, 8-ны  өдрүүдэд хийлээ. Бүртгэлийн хураамж 24 доллар байсан нь шүүмжлэл дагуулав. Хамгийн гол нь Төрийн банкны данс руу оруулсан эл мөнгө эргэж эзэндээ очихгүй.

Тухайн бүртгүүлсэн өдрөө авч болохоор тайлбарласан байна.  Улаанбаатарын 9 дүүрэг, бүх аймагт бүртгэл явагдсан. 10 мянган иргэнийг бүртгэсэн ч БНСУ-аас ирүүлсэн хөдөлмөрлөх гэрээний квотын тоо 2100 гэсэн мэдээлэл тархлаа. БНСУ-д хөдөлмөрлөх гэрээний дагуу 10 мянган иргэн иргэнийг бүртгэхэд 240 мянган доллар бүрдэнэ. Харин 2100 иргэний л квот бий. 50400 доллар төлсөн 2100 иргэн Солонгос улс руу гарах бол, 7900 иргэн 189600 долларыг зүгээр салхинд хийсгэнэн гэсэн үг. Иргэдийг дугаарлуулж, 2000 гаруйхан тоон дээр 10 давуулж бүртгэсэн нь иргэдийнхээ хүсэл дээр “тоглож” мөнгө оллоо гэж хардахад хүргэсэн юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

-

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДОО(202.9.42.202) 2018 оны 03 сарын 12

Энэ шүлхий 2 замаар тархаж бна гэж боддог. 1. Ямар нэгэн хорлон сүятгэх ажиллагаа бж болох. 2. Вакцинтай холбоотой чанаргүй вакцин хийснээс болж, шүлхий хавтгайдаа тархаж бна. Илт нийтэд зарлагдсан асуудлыг ч шалгахгүй бгаа нь дээдэстэй их холбоотой бна гэж боддог. Одоо бүүр шүлхий бизнес болж хувирлаа.

0  |  0
Top