Н.Минжинсайхан ”АМУХУЛАН”

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Н.Минжинсайханын "АМУХУЛАН" шүлгийг сонордуулъя.


АМУХУЛАН

Аяласан дуундаа уярч нүдээ анихдаа чи

Альхан газарт очдог юм бэ ?

Амухулаан

Очсон газрын чинь хаа нэгтээ миний босгосон

Ойн чөлөөн дэх дүнзэн байшин харагддаг уу, үгүй юу ?

Амухулаан

Ирэх зүгийг чинь тосож модод бүхэн нь бөхийсөн

Ийм нэгэн жимээр чи алхдаг уу, үгүй юу?

Амухулаан

Аяласан дуундаа уярч нүдээ анихдаа би

Альхан газарт очдогоо хэлмээр байна аа

Амухулаан

Ур хийц муутайхан модон гүүрэн доогуур

Ус голын чимээ нэгэн жигдээр урсаж

Усны мандалд хоёр навч өдөржин хөөцөлдөх нь

Усан будгаар зурсан мэт уран тансаг харагддаг шүү Амухулаан

Энэ хоёр навч надад итгэл хайрыг төрүүлээд зогсохгүй

Ижилсэн хөвж яваа нь эгнэт хагацашгүй мэт санагддаг аа

Цэнхэр саран доогуур хоёр шувуу дэрхийгээд нисэх нь

Цээлийн уснаа хөвж явсан өнөөх хоёр навч байдаг аа

Энэ л хоёр шувууг хоёр биенээ гэж бодохоор

Элэг зүрхний чигтээ халуу дүүгээд ирдэг ээ

Амухулаан

Чиний зөөлөн алганд борооны эхэн бууж байна гэж

Чимээгүйхнээр аньсан нүдэндээ үргэлж төсөөлөх минь сайхан байдаг шүү

Аяласан дуундаа уярч нүдээ аниад нээхдээ

Аанай л чиний гараас би дандаа атгасан байдаг шүү

Аяласан дуундаа уярч нүдээ анихдаа чи

Альхан газарт очдог юм бэ ?

Амухулаан 

Хүрч очсон газрын чинь эргэн тойрон

Хөг эгшгээр тэгээд дүүрэн байдаг уу?

Чамд зориулж урласан

Миний баянхуурын аялгуу

Чанад холоос цэцгийн дэлбээтэй хийсч ирдэг үү ?

Амухулаан 

Сар тунарч, одод гялалзсан нуурын минь усанд хөлөө дүрж

Сар жилээр хадгалсан овъёосны минь дарсанд уруул хүргэхдээ чи хэний тухай боддог вэ?

Амухулаан

Аяласан дуундаа уярч нүдээ анихыг чинь харахаар

Адилхан би нүдээ анихаас өөр аргагүй болдог шүү Амухулаан

Дотор сэтгэлдээ чамтай цуг дандаа байна гэж бодох минь

Долоон бурханы доорх хамгийн дээд ариусал байдаг шүү Амухулаан

2017.12.09


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page