Шүлхийн өвчний голомтод эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлэх зөвлөмж

Шүлхий өвчнийг үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн Афтовирус зүйлд хамаарна.  Үүсгэгч нь 7 хэвшил (А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3),  60 гаруй дэд хэвшилд хуваагддаг.

Шүлхий өвчнөөр тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга зэрэг салаа туурайтан өвчилдөг. Өвчтэй мал, амьтны өтгөн, шингэнээр вирус ялгарч малын хашаа саравч, ус, бэлчээр, эд зүйлсийг бохирдуулан богино хугацаанд дэгдэлт хэлбэрээр тархдаг.

Шүлхий өвчний үүсгэгч вирус нь орчны хэм, нарны гэрэл, чийг, рН төвшрүүлгээс хамаарч гадаад орчинд нэг сар хүртэлх хугацаанд халдварлах чадвараа хадгалдаг. 

Уг вирус нь цууны хүчлийн 2 хувь, нимбэгний хүчлийн 0,2 хувийн уусмал зэрэг хүчиллэг эсвэл идэмхий натрийн 2 хувь, карбонат натрийн 4 хувийн уусмал зэрэг шүлтлэг уусмалд тэсвэргүй, иодын нэгдэл, хлорын шохой, фенол, аммонийн нэгдэлд харьцангуй тэсвэртэй болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг өвчнөөр хүн өвчлөх эрсдэл маш бага гэж үздэг. Гэхдээ бага насны хүүхдийг өвчтэй мал, амьтнаас хол байлгах, мах, сүүг сайтар буцалгаж хэрэглэхийг зөвлөдөг.

Шүлхий өвчний голомтод орон нутгийн засаг захиргаа болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Голомтын бүсэд байгаа 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, эрүүл мэндийн тусламж үзүүлэх;
  2. Голомтын хүрээний хүн ам болон голомтын хариу арга хэмжээнд оролцож байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндэд үзлэг хийж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх;
  3. Ард иргэдэд хорио цээрийн дэглэмийг чанд баримтлах, хувийн ариун цэвэр сахих талаар мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах. Үүнд:
    • Мал, амьтантай харьцахдаа хувийн хамгаалах хэрэгсэл, халад, амны хаалт, бээлий, халдваргүйтгэхэд хялбар усны гутал эсвэл хулдаасан улавч хэрэглэж хэвших;
    • Гарын ариун цэврийг сайн сахих, савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
    • Амны хөндий, хоолой залгиурыг 2 хувийн давс, содын уусмал, 1:5000 фурациллин, 0.2 хувийн нимбэгний  уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн зайлуулах;
    • Сүү, мах, хоол хүнсийг сайтар чанаж боловсруулж хэрэглэх.
  4. Голомтын бүсээс гарч байгаа зорчигчдын гадуур хувцсыг 4 хувийн содын уусмалыг ашиглан уур-камерын аргаар буюу дезокамераар халдваргүйтгэх;
  5. Голомтоос гарч байгаа автомашиныг угаах,  халдваргүйтгэл хийх;
  6. Зорчигчдын гутлыг 0.2 хувийн жавелион болон бусад уусмалаар шүршиж, цэвэрлэх, халдваргүйтгэлийн бодис бүхий тусгай замаар гишгүүлэн явуулах;
  7. Зорчигчдын эд хэрэгслийг халдваргүйтгэлийн бодис бүхий сальфеткаар арчих;
  8. Биеийн ил хэсгийг 2 хувийн содын уусмалаар арчиж халдваргүйтгэх;
  9. Голомтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг орон нутгийн захиргаа, онцгой байдал, мал эмнэлгийн болон бусад салбар хоорондын байгууллагуудтай мэдээ, мэдээлэл тогтмол солилцох;
  10. Голомтод ажиллаж байгаа болон өвчтэй мал, амьтантай харьцсан хүнд ядрах, халуурах, ам, хамрын орчимд шарх гарах, шүлс ихсэх, тэнцвэр алдагдах, гуйвах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай тусгаарлаж, оношийг  тодруулах арга хэмжээг авна.

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

f [ 49.0.144.67 ]      |     4-р сарын 18 -нд, 06:04 минутанд

fff

Go to top of page