Энтрепренёрууд бэлтгэгдэж байна

2018 оны 03 сарын 13

Мэдээлэл технологийн эрин үеэс дижитал технологийн эрин үе рүү шилжиж буй энэ үед бид улс орныхоо хөгжлийн бодлогыг дэлхийн хөгжилтэй уялдуулан тодорхойлох нь чухал юм.

 

Сүүлийн жилүүдэд улс орнууд урьд өмнө нь туулаагүй технологийн хурдацтай хөгжил болон инновацид суурилсан өрсөлдөөнтэй нүүр тулж байна. Технологийн хөгжил хурдaсхын хэрээр уламжлалт бизнесийн орчин өөрчлөгдөж технологи болон инновацид суурилсан өрсөлдөөн улам нэмэгдэж инновацийн удирдлага, энтрепренёршип сэтгэлгээ, мэдлэг чадварыг гарааны бизнес, жижиг дунд бизнесүүд шаардахаас гадна уламжлалт бизнес загвараа өөрчлөх шаардлагатай болсныг томоохон корпорациуд чухалчилж буй нь орчин үеийн энтрепренёр удирдагчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. 

Энтрепренёрууд нь аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй байдаг бөгөөд бүх цаг үеийн суутнууд, сэтгэгчид, бизнесменүүд байсан. Бизнесийн ширүүн өрсөлдөөний энэ үед эрэлтийг хангах энтрепренёруудыг бэлтгэх нь чухал юм.

Сүүлийн 3 жилд манай улсад энтрепренёршип, старт-ап бизнесийн талаар ихээхэн яригдах болж энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах болсон.

Харин их дээд сургуулиудын хувьд энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулж дорвитой ажлууд хийгдэхгүй байгаа. Улсын хэмжээнд  Монгол Улсын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Этүгэн их сургууль, Рояал академи, Монголын Үндэсний Их Сургуулиуд энэ чиглэлээр 2016 оноос эхлэн их бага хэмжээгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр сургуулиудаас хамгийн түрүүнд Этүгэн их сургууль оюутнууддаа хичээлийнхээ хажуугаар өөрийн шинэлэг санаанд тулгуурласан бизнес санаагаа бодит ажил хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлэх, хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг олгох, энтерпренёршип ойлголтыг түгээн дэлгэрүүлж инноваци дээр суурилсан шинэ бизнесийг бий болгож санхүүжилт олгох зорилгоор “Стартап Маркетинг Спэйс” төвийн боловсруулсан удирдамжийн дагуу 
“ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох “Стартап Маркетинг Спэйс” төв нь гарааны бизнес эхрлэгчдийг дэмжиж тэдэнд төрөл бүрийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, бизнесээ эхлүүлэх таатай орчинг бүрдүүлсэн иж бүрэн оффисын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. 

Хөтөлбөрийг 2020 оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд энтрепренёршип, гарааны бизнесийн төрөл бүрийн сургалт, уралдааныг зохион байгуулж байна. Хөтөлбөрийн эхний ажил болгож өнгөрсөн долоо хоногт 50 оюутныг энтрепренёршип, гарааны бизнесийн 32 цагийн сургалтанд хамрууллаа. Тэдний шилдэг бизнес санааг хөгжүүлэн хооронд нь өрсөлдүүлж, шилдгээр шалгарсан 4 багт 4,000,000 төгрөгийн гарааны санхүүжилтыг хийхээр боллоо.

Цаашид сар бүр 50 оюутныг сургалтанд хамруулж шалгарсан шилдэг бизнес санаанд сургуулийнхаа зүгээс хөрөнгө оруулалтыг хийнэ. Хоёр жилийн турш нийт 1,000 оюутныг уг хөтөлбөрт хамруулж 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оюутан залуучууддаа зориулан оруулна. Их дээд сургуулиуд дундаас анх удаа оюутныхаа хөгжил, гарааны бизнесийг дэмжих ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй сургууль одоогоор байхгүй байна.  Элсэлт болгоноос шалгарсан багуудыг 1-3 сарын турш “Хурдасгуур хөтөлбөр”-т хамруулан бизнес санааг нь бодит бизнес болгоход тус төвийн  мэргэжлийн зөвлөхүүд ажиллах болно.

Хөтөлбөрийн үр дүнд инноваци дээр суурилсан шинэлэг бизнесүүд олноороо төрөн гарч нийгмийг өөрчлөх, удирдан манлайлах шинэ үеийн энтрепренёрууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Этүгэн энтрепренёр” оюутны гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн эхний элсэлтийн ялагч багууд:

  1. Био Хондро баг - Малын мөгөөрсөөр үе мөчний өвчин намдаах бэлдмэл гаргах төсөл 
  2. Донаман баг - Уламжлалт эм бэлдмэлээр хийсэн хамрын дусаалга төсөл 
  3. Нэгүн - Эмчлүүлэгчийн хувцас төсөл, 
  4. MPR баг - Этүгэн брэнд сторе төсөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top