Цэвэрлэгчийн хүү дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болсон түүх

"Алдартнуудын амжилтын түүх" булангийнхаа энэ удаагийн дугаарт дэлхийн хамгийн шилдэг, өндөр үнэтэй хөлбөмбөгчин, саятан, бизнесмен болж чадсан Португалийн жижигхэн хотоос гаралтай нэгэн залуугийн түүхээс өгүүлье. Уншигч та хэний тухай гэдгийг аль хэдийн мэдсэн байх.

АНУ-ын Ерөнхийлөгчийн нэртэй хүү

Криштиану Роналду в детстве с родителями

Португалийн боомт хот Фуншалын жирийн нэгэн гэр бүлд 1985 оны хоёрдугаар сарын 5-нд Криштиану Роналду гэх хүү мэндэлжээ. Тэрбээр айлын дөрвөн хүүхдийн хамгийн бага нь. Хүүхдүүдээ тэжээх гэж хоёр ажил зэрэг хийдэг байсан ээж, армиас халагдаж ирсэн аав хоёр нь хүүдээ шүтдэг хүнийхээ нэрийг өгчээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Роналд Рейганы нэрийг бэлгэдэж Роналду гэх нэр өгсөн нь магадгүй түүнд амжилт авчирсан байх гэж Криштиану Роналду дурсч байсан удаатай.

Роналдуд байсан цорын ганц тоглоом нь түүнийг алдартай болгосон

Холбоотой Зураг

Роналдугийнх ядуу тарчиг амьдралтай, дөрвөн хүүхдээ арай ядан тэжээдэг байв. Хөлбөмбөгчний ээж Мария Долореш душ Сантуш Авейру зоогийн газар тогооч, цэвэрлэгчийн ажлыг зэрэг хийж дөрвөн хүүхдээ хоолтой залгуулдаг байжээ. Аав Жозе Диниша Авейру нь Африкт алба хааж ирээд ажлаа орхин архи уух болсон хүнд үед бяцхан Роналду Зул сараар бэлгэнд авсан, өөрт нь байдаг цорын ганц тоглоом болох бөмбөгтэйгөө өдрийг өнгөрүүлдэг байжээ. Түүнийг дэлхийн хүн болгосон уг бөмбөг одоо ч Роналдугийн шүтээн нь.

Удалгүй аав нь ажилдаа эргэн орсноор Роналду уйдахаа больсон байна. Аав нь хотынхоо “Андоринья” хөлбөмбөгийн клубт ажилладаг байжээ. Гэхдээ л тэрээр ажлаа тараад уушны газар хэсэн уугаад явчихдаг байв. Харин Роналду ахынхаа хамт хөлбөмбөг өшиглөн өдрийг өнгөрүүлдэг байжээ. Тэрбээр ганцаараа ч хэдэн цагаар бөмбөг хөөж, баян айлын хүүхдүүдийн хийдгээс огт өөр зүйлээр өөрийгөө зугаацуулдаг байв.

Найман настайгаасаа “Андоринья” клубийн хүүхдийн багт тоглож эхэлсэн Роналдуг алдаа оноо, уналт босолтынх нь бүхий л цаг үед дэмждэг байсан ганц хүн нь түүний ээж Мария Долореш. Криштиану удалгүй томоохон клуб “Насьональ”-д тоглох болжээ. Улмаар Лиссабоны залуусын академийн “Спортинг” багт элссэнээр түүний амжилтын гараа эхэлсэн байна. Тэдний гэр бүлээс алдарт хүрсэн бас нэг хүүхэд нь Роналдугийн эгч Лилиана Катя. Тэрбээр Португальд алдартай дуучин. Тайзны нэр нь “Ronalda”.

Клубийнхээ насанд хүрэгчдийн багт тоглох болсон Роналдугийн техник, ур чадвар нь алдартай дасгалжуулагч нарын анхаарлыг татах болов.

Алдарт 7 номероо авсан түүх

“Ливерпүүл”-ийн ерөнхий дасгалжуулагч Жерар Улье 16 настай Криштиануг зоригтойгоор багтаа авчээ. “Манчестер Юнайтед”-ын Алекс Фергюссон ч мөн түүний адил сонголтыг зоригтой хийсэн билээ. 2003 онд “Спортинг”, “Юнайтед” хоёр 3:0-ээр тоглоход “Манчестер”-ын хөлбөмбөгчид өрсөлдөгч багийнхаа португаль залуугийн тоглолтыг биширч байжээ. Тэд тоглолтын дараа дасгалжуулагчдаа Роналдуг багтаа урихыг санал болгосон гэдэг. “Манчестер Юнайтед”-д орсон анхны португаль залууд 7 номертой өмсгөлийг өгөхөд Роналду дургүйцэж, 28 номерыг гуйж байжээ. Удалгүй “Манчестер”-ийн өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан 1000 дахь гоолыг 7 номертой португаль залуу Криштиану Роналду хийсэн байлаа. 2005 онд тоглолтын үеэр Роналдугийн аав нь хорвоог орхиход залуу нүдэндээ нулимстай чигээрээ тоглолтоо үргэлжлүүлж байв.

Түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болсон нь

Удалгүй “Шилдэг залуу хөлбөмбөгчин”, “Оны шилдэг хөлбөмбөгчин” зэрэг олон шагнал Роналдугийнх болов. Испанийн алдарт “Реал Мадрид” клуб 2009 онд Роналдуг 80 сая фунт стерлингээр “Манчестер Юнайтед”-аас авчээ. Энэ нь алдарт Зинедин Зиданы өртгийг давсан тоо юм. “Манчестер”-аас явахынхаа өмнө Роналду Алекс Фергюссонд маш их талархаж байгаагаа илэрхийлж, түүнийг спортын амжилтынхаа эцэг нь гэж үргэлж хүндэтгэж явахаа илэрхийлж байсан гэдэг.

Криштиану Роналду с Алекс Фергюссон зурган илэрцүүд

“Роналду бол өөрөө өөрийгөө бүтээсэн төгс хүний жишээ” - Алекс Фергюссон.

Роналдуг юу амжилтад хүргэсэн бэ

Судлаачид Роналдуг амжилтад хүргэсэн, одоо ч дэлхийн од болгож байгаа хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэсэн байдаг. Нэгт, ядуу гэр бүлээс гаралтай нь. Учир нь хүмүүс өрөвдмөөр хувь тавилантай хүмүүсийг ихэд сонирхдог. Хоёрт, мэдээж түүний нөр их хөдөлмөрийнхөө ачаар үзүүлсэн спортын амжилт. Гуравт, Роналду цахим сүлжээнд их идэвхтэй. Дөрөвт, түүний гадаад төрх. Мэдээж түүнийг амжилтад хүргэсэн хамгийн чухал хүчин зүйл бол хөдөлмөрч байдал нь. Клубийнхэн нь түүний энэ шинж чанарыг бишрэн ярьдаг. Роналду бэлтгэлийнхээ дараа ч өөртэйгөө их ажилладаг аж.

Роналду дансанд нь хэдэн доллар байгааг мэддэггүй

Криштиану Роналду “CR7” зурган илэрцүүд

Дэлхийн номер нэг хөлбөмбөгчин, хувийн бизнестэй, “CR7” гэх өөрийн хувцасны бренд нь алдартай яваа Роналду дансанд нь байгаа мөнгөний тоонд ач холбогдол өгдөггүйгээ хэлдэг. Банкинд хэдэн доллартай байх нь түүнд огтхон ч хамаагүй аж. Харин хөлбөмбөгийн ертөнцөд мөрөө үлдээх нь түүний хүсэл. “Эхлээд надад мөнгө хөрөнгө чухал байсан. Ядуу гэр бүлд өсч, Зул сараар бэлэг авахгүй байх үе ч байсан болохоор надад, миний гэр бүлд мөнгө чухал байлаа. Дараа нь хүнд хөрөнгө мөнгө огт чухал биш болохыг ойлгосон” гэж Роналду “Daily Mirror”-т өгсөн ярилцлагадаа хэлж байсан юм.

Тэрбээр 40 хүртлээ тоглохыг хүсдэг

“Би хөлбөмбөгт хайртай. Энэ бол миний амьдрал. Хөлбөмбөггүйгээр би юу хийхээ мэдэхгүй байна” гэж тэрбээр ярьж байв. Роналду өөрт нь бөмбөг өшиглөх жил цөөхөн үлдсэн гэдгийг мэдэж байгаа ч “Хөл минь надад 40 нас хүртлээ тоглох боломж олговол би маш их баярлах болно. Нэгэн гайхамшигтай өдөр би Марадона, Пеле нартай хамт хөлбөмбөгийн түүхийн эхний хуудсанд бичигдэх байх гэж найдаж байна” гэж Роналду ярьсан билээ. Тэрбээр спортын карьераа дуусгасан ч Марадона, Пеле нар шиг хүн байхыг хүсдэг аж.

Дөрвөн хүүхдийн жаргалтай аав

Холбоотой Зураг

Өдгөө 33 настай Роналду дөрвөн хүүхдийн жаргалтай аав билээ. Тэрбээр хоёр ихэр хүүхдээ төрөхөд ОХУ-аас тэмцээнээ орхин хүүхдүүд дээрээ очиж байв. 2010 онд тээгч эхээс төрсөн том хүүгээ тэрбээр Криштиану гэж өөрийнхөө нэрээр нэрлэсэн. Бага Криштиану одоо аавынхаа хувцасны брендийн рекламны нүүр царай болж явна. Хөлбөмбөгчин өнгөрсөн зун тээгч эхийн тусламжтайгаар эрэгтэй, эмэгтэй ихрүүдтэй болсон бол өвөл түүний сүйт бүсгүй Жоржина Родригес нь охин төрүүлж өгсөн билээ. Одоо тэрбээр бүхий л чөлөөт цагаа дөрвөн хүүхдэдээ зориулдаг жаргалтай аав.

“Өөр ертөнцийн хөлбөмбөгчин”

Роналдугийн талаар хамтран зүтгэгчид нь болон алдартай хүмүүс юу гэв?

“Роналду бол өөр ертөнцийн хөлбөмбөгчин. Түүний авьяасыг илэрхийлж хэлэх үг олоход бэрх байдаг” - Карло Анчелотти.

“Роналдуг дасгалжуулах нь миний ажлын хамгийн сайхан үе байсан. Тэр бол миний мэдэх хамгийн мэргэжлийн хөлбөмбөгчин. Түүнийг өөр ертөнцийн хөлбөмбөгчин гэсэн Карло Анчелоттигийн үгтэй би санал нийлэх байна” - Жозе Моуринью.

“Роналду шиг төгс тоглогч байхгүй. Тэр ямар ч нөхцөл байдалд тоглодог” - Вэйн Руни.

“Түүнийг юу хийх гэж байгааг таахад бэрх. Ялангуяа хурдаа авсан үед нь” - Мартин Шкртел

“Тэр их хүчтэй, гайхалтай техниктэй. Түүнд бүх юм байдаг” - Руд ван Нистелрой

“Роналду бол миний тоглосон хамгийн гайхалтай хөлбөмбөгчин. Тэр хүн биш, машин” - Зоран Тошич

“Түүнд сул газар гэж байхгүй. Хөл, толгой, агуу хурдыг нь биширмээр. Тэр бүхий л авьяасаа багтаа зориулдаг” - Жуан Мотинью

“Минийхээр бол Криштиану дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин. Бид нөхөрлөж, хамт тоглодогтоо ингэж хэлж байгаа юм биш. Зүгээр л Роналду талбайд бүгдийг чаддаг. Тэр төгс хөлбөмбөгчин” - Пепе.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Мөрөн [ 66.181.161.73 ]      |     2018 оны 3-р сарын 13 -нд, 11:37 минутанд

Ээж нь гайхалтай.

Go to top of page