”Тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт” сэдэвт зөвлөгөөн боллоо

2018 оны 03 сарын 14

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг хамтран "Тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга болон хороодын засаг дарга, цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.

Дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Цэцэгмаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, хошууч Я.Батгэрэл нар эрүүгийн хуульд заагдсан эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, төрөл, түүнийг хэрэгжүүлэх арга зам, прокуророос тавих хяналт зэрэг сэдвээр оролцогчдод мэдээлэл хийж, тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст хяналт тавихад дүүрэг, хороодын засаг дарга, цагдаагийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны талаар сургалт ярилцлага зохион байгуулжээ.

Налайх дүүргийн хэмжээнд байгаа тэнсэгдсэн болон хорих ялаас тэнсэн суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан 24 иргэнийг зөвлөлгөөнд хамруулан дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний эрх үүрэг, хязгаарлалт, анхаарах асуудлуудын талаар яриа таниулга хийж, дүүргийн болон өөрсдийн харьяа хорооны засаг дарга нартай уулзан санал хүсэлтээ илэрхийлэх боломж олгожээ.

Зөвлөгөөний явцад хяналтанд байгаа иргэдээс ажлын байраар хангагдах, гэр, хашааны газар олгох, нийгмийн халамжийн тусламж дэмжлэг авах зэрэг асуудлуудаар Дүүрэг, хороодын засаг дарга нарт санал хүсэлт тавьсаны дагуу дүүргийн засаг даргын тамгын газраас зарим иргэдийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх, нийгмийн халамжийн асуудал дээр тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top