Ж.Батмөнх агсны гэргийд хүндэтгэл үзүүллээ

2018 оны 03 сарын 14

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 92 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын зүгээс түүний гэргий, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор МАН-ын Удирдах зөвлөлөөс Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаад хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өдгөө 86 насыг зооглоод буй юм.  

Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлж, өнөөгийн төр нийгмийг цогцлоон бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгээр нь Ж.Батмөнх агсныг мэдэх хүн цөөнгүй. Тэгвэл тухайн үеийн эрчим хүч, уул уурхай геологийн хөгжлийн түүхийг ч түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.  

Жамбын Батмөнх нь 1948 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ. 1984 оныг хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв. Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техникийн бааз байгуулахыг уриалснаар 1970-аад оноос эдийн засаг, нийгмийн хөгжил хүчээ авсан гэж үздэг.


 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.4.54) 2018 оны 03 сарын 14

яаж амьдардаг юм болоо настай хүн. төр засгаас харж үзээсэй

0  |  0
ЗОЧИН(183.177.98.238) 2018 оны 03 сарын 14

сОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН дарга нар шиг шударга дарга одоо үед алга. Дандаа шуналтай, луйварчингууд. Энэ настай хүнд төрөөс 1 тэрбум төгрөг өгсөн ч багадна. Дарга нар одоо сая сая доллар идэж байна. Энэ эх орон хэзээ босох вэ? Ард түмэн босно шүү?

0  |  0
zochin(202.9.40.168) 2018 оны 03 сарын 14

МАХН-д элссэн он 1948 гэнүү,

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 03 сарын 14

Улс орон, ард олны төлөө чөмгөө дундартал ажилласан Ахмадуудаа цаг алдалгүй баярлуулж байх хэрэгтэй. Хорвоогийн жамаар улам л цөөрөөд байна.

0  |  0
Top