”Хотын соёл”-д хүн бүхэн суралцацгаая

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 16

Та нийслэлийн иргэн мөн үү? Энэ асуултыг нийслэлийн уугуул, суугуул бүх иргэдэд тавимаар санагдлаа. Манайхан нийслэлийн иргэн гээд бичихээр "чи хөдөөнийх, би хотынх" гээд хоорондоо талцдаг гэм бий. Үүнээс улбаалан зарим хүн хариуцлагаас төвөггүйхэн мултрахыг оролддог. Тиймээс хэнд ч ийм "боломж" олгохгүйн тулд уугуул, суугуул хэмээн тодотгож байгаа билээ. Учир нь хот, хөдөөгийнх ялгаагүй нийслэлд амьдарч л байгаа бол хүссэн ч эс хүссэн ч та хотын иргэн болж байгаа хэрэг.

Гэвч өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотод харьяалалтай л бол хотын иргэн гэж хэлэгдэх нь учир дутагдалтай байгаа юм. Яагаад гэхээр хүн нэгэнт л нийслэлийн иргэн болохоор шийдсэн бол хийж байгаа үйлдэл, хэлж буй үгнээсээ эхлэн хотын соёлд суралцах хэрэгтэй. Гэтэл монголчууд ингэж чаддаггүй. Бүр хүсдэг ч үгүй гээд хэлчихвэл хатуудахгүй биз ээ. Гудамжинд алхаж явахдаа шүлсээ хаяж, нусаа нийж, авч идсэн чихрийнхээ цаасыг хэнэг ч үгүй хаяж орхидог хүмүүс бидний дунд
бий.

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хэрүүл хийж, тамхи татах бол энүүхэнд. Машинаа жолоодож хөдөлгөөнд оролцохдоо ч хараал хэлж, хашгирч байдаг. Согтуугаар нийтийн тээврээр үйлчлүүлж, ойр орчимдоо бухимдал үүсгэгчид ч багагүй. Хамгийн гутамшигтай нь гудамжиндаа бие засдаг гээд бодохоор нийслэлчүүд хамгийн соёлгүй хүмүүсийн тоонд багтах нь зүйн хэрэг юм шиг.

Олны дунд соёлтой хүн байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг л болж, энэ байдлаас үүдэн нийтээрээ соёлгүйгээрээ дуудуулж байна. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь буюу нэг сая 500 гаруй мянган хүн оршин суудаг гэсэн судалгаа бий. Үүнээс харахад Улаанбаатар хот сая давсан хүн амтай болж, метрополис хотын эгнээнд шилжээд байна.

Дэлхийн метрополис хотуудын жишгээс харахад хүмүүс нь гудамжаар зугаалж, тухайн хотыг зорьж ирсэн жуулчид нь тэр хотын сайхныг бахдан, буцаж ирэх сайхан дурсамж үлдээдэг. Гэтэл манай хотод ирж байгаа жуулчдын дийлэнх нь "Ийм хот бас байдаг аа" гээд Улаанбаатарыг сонгосондоо амаа барих нь бишгүй. Тэд эх орондоо очоод "Монголыг зорьсны хэрэггүй. Хайран цаг, мөнгө. Нийслэл хот нь хогондоо дарагдсан, заваан, хүмүүс нь бүдүүлэг гээд л бичиж эхэлдэг.

Үнэндээ манайд зочилсон жуулчдын сэтгэгдэл дэлхийд монголчуудыг төлөөлж байна. Ингэхээс ч аргагүй юм. Гэтэл нийслэлийн иргэн бид хотынхоо хөгжлийн төлөө юу хийж байна вэ. Тухайлбал, та гэрийнхээ ойр орчмыг хэзээ цэвэрлэж, хаана мод тарьж, хамгийн сүүлд юуг засч, сэлбэв. Гудамжинд шүлсээ нулимсан хүнд шаардлага тавьж, дахиж битгий ингээрэй гэж хэлж, хэн нэгний халааснаасаа гарган шидсэн хогийг зориулалтын саванд нь хийлгэсэн бэ. Хэрэв та энэ бүгдийн алиныг ч хийгээгүй бол "Би нийслэлийн иргэн мөн үү" гэж өөрөөсөө асуугаарай. Бас өөрийгөө дүгнээрэй. Тэгээд би нийслэлд амьдрах эрхтэй юу гэдгээ эргэцүүлээрэй.

Хэрэв танайд хэн нэгэн орж ирээд гэрт чинь хог хаяж, шалыг чинь авах юмгүй шавхай болгон дураараа дургисан бол та яах байсан бол. Ямар ч л байсан нүдэн балай, чихэн дүлий суухгүй байсан даа. Дураараа аашилсан хүнээр гэрээ цэвэрлүүлж эс дөнгөдөг юм аа гэхэд ядаж та өөрөө цэвэрлэх нь тодорхой шүү дээ. Яагаад гэхээр энэ таны гэр учраас тэр. Яг ийм сэтгэлгээгээр бид нийслэл хотдоо хандах учиртай. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хот нийслэлчүүдийн гэр. Миний гэрт хэн ч хүссэн газраа нус, шүлсээ хаяж, хог цаас овоолохгүй, бас тамхи татаж, архидан согтуурахгүй. Хэн нэгэнд ийм эрх өгөх эсэх нь зөвхөн миний шийдэх асуудал байвал хот хогтой, нийслэлчүүд бүдүүлэг гэсэн шүүмжлэлээс ангижрахад ойрхон байна.

Бид амьдарч буй хотдоо өөриймсгөөр хандаж чадахгүй байгаад л нийслэлчүүд шүүмжлэлд өртөж байгаа хэрэг. Хэн нэгний тарьсан хогийг цэвэрлэх нь тийм ч муухай ажил бас биш. Харин ч хог цэвэрлэж байгаа хүмүүсийг хамгийн соёлтой, ажилсагт тооцох байтал манайхан дээгүүр харж, хөл дороо юу болж байгааг үл тоогсдыг хотын иргэн хэмээн "өргөмжлөх" хандлага ажиглагддаг. Хотын иргэн гэхээр их зантай, хямсгар бай гэсэн үг шиг хүлээж авдаг сэтгэлгээгээ одоо өөрчлөх цаг болсон.

Түүнчлэн хотын соёл гэхээр манайхан ямар нэгэн дүрэм, журам дагаж мөрдөх мэтээр ойлгодог. Гэвч тийм биш. Хувь хүн та хүн чанараа уландаа гишгэлгүй, ахмадаа хүндэлж, хүүхдийг дэмжиж, олон нийтийн газар биеэ зөв аваад л явчих. Энэ чинь хувь хүний соёл. Ийм соёлууд нэгдсээр хотын соёлыг үүсгэдэг гэдгийг та гадарлаж буй нь ойлгомжтой.

Харин тулгар биетэй бүсгүй хажууд чинь зогсож байхыг хараад суудал тавьж өгөхгүй гэсэндээ нүдээ аньж, унтсан мэт дүр эсгэж, би соёлтой хүн хэмээн монгол, орос, англи үг хольж ярьж, хог хаясан хүнийг болиулж чадахгүй, надад хамаагүй ээ хэмээн сэтгэж яваа бол танд "Би нийслэлийн иргэн" гэж бардамнах эрх байхгүй. Та яг одоо хэн нэгнийг гоочлох гэж байна уу. Тийм бол түр азнаарай. Учир нь та ч бас нийслэлийн иргэн.

С.Баяр

Эх сурвалж: zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(112.72.11.118) 2018 оны 03 сарын 17

ZAVAAN ORKUUDAD YU CH HELEED SURAHGUI.UHER MALNAAS DOR UHAMSARTAI.YUM HELBEL YUN SURTEI IIN GEJ TENEGTENE.MAL BOL ALAAD IDEHED BAGADNA GEDEG UG N YAG TOHIRNO.USAND ORJ MEDEHGUI END TENDEES N ELDVIIN UNER HANHLUULCHAAD HERUULCHIIG N YANA.

0  |  0
ЧИНГИСИЙН УДАМ (202.179.24.173) 2018 оны 03 сарын 16

СУУРИН ИРГЭД ХУЦАЖ Л БАЙ. ТА НАРЫГ ХОНЬ МЭТ АМЬДААР НЬ ӨРӨЛБӨЛ ТААРНА.

0  |  0
Top