Т.Төгөлдөр: Байтаг богдын тулалдаанаас амьд гарсан 3 хүнийг амьд гарсанд нь буруутгасан

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 18

Өнөөдөр Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн бүрийн бахархлын өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан манай zindaa.mn сайт Байтаг богдод болсон тулалдааны 10 баатрын нэг болох Д.Чойжингийн ач хүү Т.Төгөлдөртэй ярилцлаа.

- Байтаг богдод болсон тулалдаанд оролцож явсан өвөөгийнхөө дүрийг кинонд өөрийн биеэр мөнхөллөө. Сэтгэгдэл ямар байна?

- Манай өвөөг Доржийн Чойжин гэдэг. Байтаг Богдын тулалдаанд оролцсон 10 баатрын нэг юм. Баянхонгор аймгийн уугуул хүн. Харамсалтай нь намайг дөрвөн сартай байхад өөд болсон. Байтаг богдын дайны талаар өвөөгөөсөө сонсож, амьд харилцаа үүсгэж чадаагүй юм. Бага байхдаа өвөө, эмээгээ маш их  санаж үгүйлдэг байсан. Гэхдээ өөрийн эзэмшсэн мэргэжлээ ашиглаад өвөөгийнхөө дүрийг бүтээж, кинонд мөнхөлнө гэдэг миний хувьд маш том завшаан. Тухайн үед өвөөгийнхөө дүрийг бүтээсэндээ итгэж чадахгүй байсан.

- “Маш нууц 2” кинонд анх өвөөгийнхөө дүрийг бүтээнэ гэдгээ хэрхэн мэдсэн бэ?

- Анх дүрийн сонголт хийгдээгүй байхад манай киноны багийнхан дунд “ганцхан дүр баталгаатай сонгогдсон байгаа” гэх яриа гарсан. Би ч тухайн үед хэн юм болоо гэж бодож байсан. Ерөнхий найруулагч Тамираа ах, бусад гол дүрийн ах нар маань над руу инээгээд “Төөгөө гол дүр бүтээнэ” гэж байсан юм. Тэгээд л би өвөөгийнхөө дүрийг бүтээхээ мэдээд, итгэж ядаад байж байлаа. Анх зохиолын уншлага хийгээд дүрээ хуваарилж авахад надад Гончиг-Зэв гэдэг дүрийг  уншуулсан. Харин Алдараа ахад Чойжин гээд дүрийг уншуулсан. Би их гайхаад ерөнхий найруулагч Бат-Өлзий ахад хандаж "манай өвөө Чойжин гэдэг хүн нь" гэж хэлсэн юм. Найруулагч маань андуурсан байсан. Дүрийн хувцсаа тааруулаад, Ховдод очиж зураг авалт эхлэхэд л өвөөгийнхөө дүрийг бүтээнэ гэдэгтээ итгэж эхэлсэн. “Маш нууц 2” киноны зураг авалт 2017 оны долдугаар сараас наймдугаар сарын хооронд хийгдсэн.

"Зураг авалтын үеэр нүдээ сохлох шахсан"

- Дүрээ бүтээхэд хэцүү зүйл тохиолдож байв уу?

- Олон байсан. Би хотод өссөн морь унаж чаддаггүй. Өмнө нь би “Зүрхний хилэн” кинонд маш жижиг хэсэгт орж байсан. Тухайн үед манжийн үеийн дээл, монгол гутал өмсөөд анх морь унахад маш их түүртэж байсан юм. Тэр явдлаас болоод ч тэр үү, мориноос хол өссөн болохоор "Маш нууц 2" киноны зураг авалтын үеэр мориноосоо унаж зураг авалтыг удаашруулахвий гэсэн айдас маш их байсан. Тэгээд ээжээсээ "зураг авалтын үеэр заавал морь унах шаардлагатай, яаж морь унаж сурах уу" гэж асуулаа. Ээж минь хэлэхдээ “Зүгээрээ миний хүү. Өвөө чинь моринд гарамгай байсан. Тэгээд ч Монгол хүний генд морь унах чадвар бий. Морин дээр хэд мордоод үзэхэд чаддаг болно. Битгий ай  зоригтой бай” гэж хэлээд явуулсан.

 Ховд явж байх замдаа гэрэлтүүлэгч ах нараасаа яаж морь унах тухай зөвлөгөө авч байсан. Морио сонгохдоо хариуцаж байгаа хүмүүст хэлээд хамгийн номхоныг нь сонголоо. Гэтэл яг зураг авалтын үеэр нөгөө морь маань явдаггүй. Миний морь л планд багталгүй үлдээд хоцроод байдаг. Зураг авалтын үеэр нэг хөгжилтэй зүйл болсон. Би мориндоо дасах гээд морио шогшуулаад нааш цааш явж байсан юм. Гэтэл хилийн цэргийн мал хариуцсан хүн ирээд “Алхуулаад ирэх байтал морь давхиулаад ядраалаа” гэж байна. Тэгэхээр нь би “Уучлаарай. Би моринд муу. Зураг авалтын үеэр ямар нэг асуудал гаргахгүй гээд бэлтгэл хийж байсан юм” гэлээ. Нөгөө хариуцагч маань “Юу яриад байна. Чи унаж чаддаг юм байна” гэсэн. Түүнээс хойш тайвшраад, дотор онгойгоод ирсэн юм. Бас морьтой зураг авалтын дараа Золбоот ах харчихаад “Төгөлдөр сайн морь унадаг юм байна” гэсэн. Хэлсэн үгэнд нь урамшсан. Мориноосоо унах явдал гараагүй. Яахав нэг удаа явж байхад эмээлийн жирэм тасрах гэх мэт зүйл байсан. Зураг авалтын хувьд олон зүйл тохиолдсон. Гадаа халуун байхад голын хүйтэн усанд 2-3 цаг сууж даарах, том том чулуутай голын эргээр гүйж халтирч унах, бэртэх гэх мэт. Зураг авалтын үеэр өвдлөө гээд орилж болохгүй. Гүйж байхад пакалны өсгий алга болох гэх мэт олон зүйл тохиож байсан. Нэг удаа голын дээгүүр тэгнэсэн модон дээр гүйх болсон. Би түрүүлээд л гүйлээ Араас Алдараа ах гүйсэн. Замаа сайн харалгүй нүүр лүүгээ бургасаар хатгуулсан. Тэр мөчид найруулагчаас зогс гэсэн дохио өгч таарсан.  Нүдний яг доор хатгуулсан байсан. Багш болон бусдадаа үзүүлэхэд “Ямар азтай юм бэ. Дахиад 2-3 миллиметр дээшилсэн бол нүд чинь сохрох байж” гэсэн юм.


- Өвөөгийнхөө дүрийг бүтээхдээ өөрийгөө оронд нь тавьж үзэв үү?

- Бид байнга тэр хадтай газраар дээш, доош гүйж байсан. Гэхдээ завсарлаж, ус ууж болно. Харин жинхэнэ тулаанд оролцсон хүмүүст амрах зав байгаагүй гэж бодохоор л өөрийн эрхгүй тэдгээр цэргүүдээр бахархах сэтгэл төрсөн. Ээж минь Байтаг Богдын байлдаанд орсон 10 цэргийн ахлагч Хаянхярваагаар тухайн үеийн дайны түүхийг яриулж бичиж авсан байдаг. Тус гар бичмэл дээр Хаянхярваа хэлэхдээ “Амьд үлдсэн гурван цэрэгт тусламж үзүүлэхэд ус ууж чадахгүй байлаа. Учир нь тэр дайны дарийн утаа, тоос шороо, халуунд улаан хоолой нь түлэгдсэн байсан. Тэгээд юм залгиж чадахгүй, уусан усаа буцааж цацаж байсан” гэж өгүүлсэн байдаг. 

            "Байтаг Богдын тулалдаанаас амьд үлдсэн гурван хүн улаан хоолойн хорт хавдраар нас барсан"

- Байтаг Богдын тулалдааны үеэр болж өнгөрсөн үйл явдлаас сонирхуулаач?

- Тухайн үед Байтаг Богдын тулалдааны үеэр болсон явдлын тухай өгүүлбэл. 10 хүнээс Пэлжээ гэх цэргийг холбоонд явуулсан байдаг. Харин 9 цэрэг нь үлдэж тулалдаад, 6 нь газар дээрээ амь үрэгдэж, 3 нь нэмэлт хүч иртэл тэсч амь гарсан байдаг юм. Харин амьд үлдсэн гурван хүн нь гурвуулаа улаан хоолойн хавдраар нас барсан. Хамгийн сүүлд Хаянхярваатай манай ээж уулзаж, тулалдааны тухай яриулж байхад юм ярьж чадахаа байсан, хоолой нь сааралтсан, хэлж байгаа юмыг нь бичихэд хүндрэлтэй, хэд дахин хэлүүлж байж бичүүлсэн гэсэн. Тулалдааны тухай олон сонирхолтой баримт байдаг. Тулалдаан болсны дараа акт тогтоож, дайсны тал хэдэн цэрэгтэй байсан, ямар төлөвлөгөөгөөр тулалдсан гэх мэт зүйлийг тодорхойлсон гэдэг. Тухайн үед Жамьяан генерал хэлэхдээ “Хэрэв дайсны талын шидсэн энэ гранат дэлбэрсэн бол энэхүү тулалдаанаас хэн  ч амьд үлдэхгүй байж. Үнэхээр ширүүн тулалдаан болжээ” гэснийг Хаянхярваа ээжийн бичсэн гар бичмэлд дурдсан байдаг. Тухайн гранатыг байдаг, байдаггүй тухайд хүмүүс маргадаг. Мөн амьд үлдсэн гурван цэргийн буу сум гээд бүх зүйл нь дуусч, гоменданы цэргүүдэд баригдахдаа тулаад яах вэ гэж байхад тэдний дээгүүр нэг онгоц нисч нэмэлт хүч ирсэн байдаг. Улмаар гомендан /дайсны тал/ ухарсан гэдэг. Нэмэлт хүчийг тулаан дууссанаас 1-2 цагийн дараа эсвэл үдээс хойш ирсэн гэх мэт янз бүрээр ярьдаг. Холбоонд явсан Пэлжээг маш хурдан явсан гэдэг. 30 гаруй километр газрыг Тэгшээгийн алдарт халзан хүлгээр 30 минутад туулсан гэж ярьдаг. Үүнээс үүдэн холбоо хурдан очиж байхад нэмэлт хүч яагаад удсан, гурван хүн хэрхэн амьд гарсан гэдэгт маргаан үүссэн. Ээжийн минь хэлснээр 1977 оныг хүртэл Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлд Байтаг Богдын тулалдааны тухай заадаг байсан гэсэн. Харин дараа нь түүхийн хичээлээс хассан гэдэг. Бидний үеийнхэн Байтаг Богдын тулалдааны тухай мэддэггүй. Би бол үр  удам нь болохоор ээжийнхээ ярьсныг сонсож өссөн учир гадарлана.

- Байтаг Богдын тулалдаанд дайсны талаас хэчнээн цэрэг тулалдсан юм бол?

- Энэ тухай янз бүрийн мэдээлэл байдаг. Гэхдээ дунджаар  150 дайсны цэргийн эсрэг есүүлээ тулалдсан гэдэг. Өөрөөр хэлбэл 15 дахин их хүчийг сөрөн тулалдсан гэсэн үг. Хаянхярваа гуайн хэлж бичүүлсэн гар бичмэлд сумны тусгалын тухай дурдсан байдаг. Дайсны талын 150 цэрэг манайх руу галлахад хоёр метр тутамд нэг сум тусдаг. Харин манай 10 цэрэг галлахад дайсны тал руу 5 метр тутамд нэг сум тусаж байх жишээтэй. Дайсны талаас сум манай тал руу ширүүн бороо шиг асгарч байсан гэсэн үг юм. Мөн эсрэг тал минимоттой /пуужин/ байсан гэдэг.

Эхлээд холбоонд явсан Пэлжээгийн араас пуужингаар галлаж байгаад тасраад явчихаар нь манай морьд руу пуужингаар галласан гэдэг. Өвөө маань ээжид хэлэхдээ нэг сумыг мориндоо зарцуулсан гэж ярьсан байсан. Учир нь дэлбэрэлтэд  өртсөн морьдын гэдэс нь цувсан, бие нь тасарсан бөгөөд зарим нь амьсгаатай байсан гэдэг. Тарчлаахгүйн тулд өвөө минь унаж явсан морио буудсан гэсэн. Байлдааны үеэр 10 цэрэг нэг оковт бүх сум зэвсгээ нуусан ба сум дуусахад хамгийн хурдан цэргээ явуулж зэвсгээ зөөлгөдөг байсан гэсэн юм. 10 цэргээр бахархахгүй байхын аргагүй тулаан болсон юм билээ.

- Дайсны талаас хэчнээн цэрэг үрэгдсэн болон тулалдаан хэр удаан хугацаанд үргэлжилсэн тухай мэдээлэл байдаг уу?

- Би тасралтгүй 30 минутын байлдааны зураг авалтад ороход хоолой минь хатаж, ус уухад хэцүү байсан. Гэтэл жинхэнэ байлдаанд орсон цэргүүд 1948 оны долдугаар сарын 8-ны өглөөний 8 цагаас өдрийн 12 цаг хүртэл тулалдсан гэх мэдээлэл байдаг. Тасралтгүй 3-4 цаг, ямар ч амралтгүй, ус ч уулгүй тулалдана гэдэг үнэхээрийн эр зориг гэж боддог. Дайсны талаас амь үрэгдсэн цэргүүдийн тухайд тодорхой тоо баримт байдаггүй. Хаянхярваа гуайн хэлж үлдээснээр ямар ч байсан эхлээд дайсны цэргийн толгойлогчийг нь унагаасан гэдэг. Хэсэг хугацаанд дайсны тал удирдлагагүй болоод сандралдсан гэсэн. Ам дамжсан яриагаар дайсны тал нэг ч цогцос үлдээлгүй бүгдийг нь чирээд аваад явсан гэсэн. Тулаан эхлэхэд манай талаас Баян, Дандархайдав, Архад нар амь эрсэдсэн байдаг. Тулалдааны явцад Гончиг-Зэв, Хаянхярваа, Чойжин болох манай өвөө амьд үлдээд баруун өндөрлөг дээр байгаа гурван цэрэгтээ тусалж бүслэлтийг нь сэтлэх гээд явсан байдаг. Гэтэл баруун өндөрлөг дээр гоменданы цэргүүд шавж байсан гэсэн бөгөөд тэднийг туслахаар очиж байхад гурван цэрэг амиа золиод дайсны цэргүүдтэй хамт дэлбэрсэн гэдэг. Ингэхээс ч өөр аргагүй байсан гэсэн. Учир нь баруун өдөрлөгийн гурван цэрэгт ямар ч зэвсэг үлдээгүй бөгөөд дайсны тал тэднийг амьдаар нь барих санаатай байсан юм. Тэгшээгийн өрөөсөн хөл нь тасарч бүгд хүнд шархадсан байсан. Даваадорж үлдсэн ганц гранатаа цээжин дороо нууж дайсны тал бөөнөөрөө шавах үед нь дэлбэлсэн байгаа юм. Дайсны талд амьд олзлогдохгүй, нууц мэдээллээ алдахгүй гэсэндээ амиа зольсон. Тиймээс ч Тэгшээ, Даваадорж, Гиваанд баатар цол олгосон байдаг.

- Зураг авалтыг тулалдаан болсон газар буюу Ховдод хийсэн. Байтаг Богдын тулалдааны тухай тус газрын хүмүүс ер нь хэр мэдэж байгааг ажив уу?

- Би Ховдын Үенч сумын нутгийн хүүхдүүд, залуус, цэргийн ангийн ганц нэг хүнтэй уулзаж Байтаг Богдын тулалдааны тухай асуухад бүдэг бадаг л мэдэж байсан. Зарим нь 11, зарим нь 9 хүн тулалдсан гэж ярьж байсан юм. Ядаж хилийн цэргийнхэн энэ тулалдааны тухай мэддэг болоосой гэж хүсч байна. Үенчийн 130-р цэргийн анги буюу баруун хязгаарыг хариуцсан хилийн цэргийн музейд Байтаг Богдын 10 баатрын хөшөө байдаг гэж сонссон юм. Би тус музей рүү өвөөгийнхөө хөшөөг харж, залуугийнх нь дүрийг мэдэх нь гэж маш баяртай орсон. Гэтэл буулгачихсан байсан. Дандаа улсын баатар цолтой цэргүүдийн хөшөө байсан. Энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. 10 баатрын тухай ярихдаа Тэгшээ, Даваа, Гиваан гэсэн гурван баатар цол авсан хүний тухай л яригддаг бусдынх нь тухай дурсаад байдаггүй. Байлдаанд 6 хүн нас барахад яагаад гуравт нь баатар цол өгөөд үлдсэн гуравт нь өгөөгүйг гайхдаг.  Нэгэнт цэрэг эх орноо хамгаалахаар зориглоод тулалдаж байгаа бол би баатар болно гэж тулалддаггүй.


"Тулалдаанаас үлдсэн гурван  хүнийг амьд үлдсэнд нь буруутгасан"

- Өвөө тань тулалдааныхаа талаар бахархаж ярьдаг байсан уу?

- Манай ээж аавыгаа хэлмэгдсэн хүн гэж ярьдаг. 1980-аад оны сүүлээр өвөө маань сэтгэл санааны хямралд орж эхэлсэн гэж ээж минь хэлж байсан. Өвөө минь залуудаа тулааныхаа тухай пионерын зуслангийн хүүхдүүд гээд хүмүүст бахархалтай ярьдаг байсан гэсэн. Мөн тулалдаан болсон газар очиж хүмүүст болсон байлдааны тухай ярьдаг байсан гэсэн. Харин 1970 оны сүүлээс байлдаанаас амьд гарсан 3  хүнийг амьд үлдсэнд нь буруутгаад эхэлсэн гэдэг юм билээ. Удирдлагаас нь байсхийгээд л дуудаж “Та гурав яаж амьд үлдсэн юм. Ер нь та гурав тулалдсан юм уу. Хадны араар нуугдсан юм биш үү” гэж асуудаг болсон гэсэн. Хаянхярвааг ахалж байсан болохоор стратегийн буруу тактик гаргасан. Тиймээс зургаан хүн нас барсан гэж шүүмжилдэг байсан гэдэг. Харин “Маш нууц 2” кино зураг авалтын үеэр Хаянхярваа гуайн гаргасан тактик хамгийн зөв нь байсан гэсэн дүгнэлтэд багийнхан маань хүрсэн. Зүүн, баруун, голын гэсэн 3 өдөрлөгт хуваагдаж 10 баатар байлдсан. Яагаад гурван хэсэгт хуваагдсаныг бодож үзэхэд хоёр захын өндөрлөгийн голоор дайснууд ороход Байтаг Богд тэр чигээрээ Хятадын газар нутаг болох байсан. Дайснууд манайх руу дайрах болсон шалтгаан нь газар доорх баялагт маань шунасандаа гэдэг. Учир нь Байтаг Богд хавийн газар ураны баялаг ихтэй байдаг.

- Та өвөөгийнхөө дүрийг хамгийн сайнаараа бүтээж чадсан гэж бодож байна уу?

- Би өөрийгөө дүр бүтээсэн гэж хэлэхгүй. Тоглосон л гэж хэлнэ. Чойжин бол миний анхны томоохон гол дүр. Тиймээс ч өөрийгөө хэтэрхий их хянасан гэж болно. Хэтэрхий их хичээчихсэн байж магадгүй. Киногоо үзэж байхад дараа нь тэгдэг байж гэж бодох ганц нэг зүйл байсан. Хүмүүс маш сайхан хүлээж авч байна. Эерэг сэтгэгдлүүд маш их ирж байгаа.  Киног маань 4-5 удаа ч үзсэн хүн байна лээ.

- Таны хувьд “Маш нууц 2”-оос өмнө өөр ямар кинонд дүр бүтээж байсан бэ?

- “Маш нууц 1” дээр хов хутгадаг цэргийн дүрийг бүтээсэн. “Саятан болох дамжаа” олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан.

- Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов?

- Багаасаа л жүжигчин болохыг хүсэж байсан. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа урлагийн үзлэгт байнга ордог байсан юм. Талхчин хүн бол талх хийнэ. Эмч хүн бол эмчийн ажлаа л хийнэ. Гуталчин хүн бол гутал л хийнэ. Харин жүжигчин хүн бол талх ч хийнэ. Гуталчин, эмч ч болж болно. Бүх мэргэжлийн зах зухаас нь сайхныг нь мэдэрнэ. Хэзээ ч уйдахгүй сонирхолтой байх болно. Би өнөөдөр өвөөгийнхөө дүрд тоглолоо. Маргааш ямар хүний дүрд тоглохоо хэлж мэдэхгүй.


"Монгол Улсын хамгийн анхны Оскарын шагнал авсан эрэгтэй жүжигчин болохыг хүсдэг"

- Та томоохон кинонд гол дүрийг бүтээлээ. Таны амьдралд өөрчлөлт гарав уу?

- Их өөрчлөгдсөн зүйл байхгүй. Сошиал орчинд л фэйсбүүк хаяг маань идэвхтэй болсон. Найзын хүсэлт их ирж байгаа.

- Киноны санал хэр ирж байна?

- Одоохондоо ирээгүй байгаа. Гэхдээ ирэх байх.

- Залуу хүний хувьд эмзэглэж явдаг зүйл бий юу?

- Өвөг дээдэс минь газар шороогоо хамгаалах гэж цусаа урсгаж байсан. Гэтэл үр хойч нь болсон бид тэрхүү амиараа хамгаалсан газар шороо, баялгийг нь зарж байгааг харах эмгэнэлтэй байдаг. Мөн хэтэрхий олон баяр тэмдэглээд байх шиг санагддаг. Нийгэм ядууралтай байна гэсэн хэрнээ баар цэнгээний газар дүүрэн хүмүүстэй харагддаг. Одоо шөнийн гудамж гээд 2-3 баар байршсан газар бий болчихлоо. Мөн бага насны хүүхдүүд архи хэрэглэж байгааг эмгэнэл гэж боддог. Би яагаад энэ тухай мэдэж байна вэ гэхээр зарим орой би таксинд явдаг. Намайг таксинд явж байхад энэ мэт дүр зургууд ажиглагддаг. Миний хувьд архи уухаас татгалздаг.

- Өнөөдөр цэргийн баяр тохиож байна. Та энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

- Миний хувьд цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан. ЕБС-иа төгсөөд шууд оюутан болсон. Одоо бодоход ЕБС-иа төгсөөд цэрэгт явдаг байж гэж бодож байна. Цэргийн алба хүнийг төлөвшүүлдэг гэж боддог. Цэргийн баярын өдрийг тэмдэглээд байдаггүй. Аав болон ах нартаа баяр хүргэдэг. Аав минь гурван жилийн хугацаатай цэргийн албыг хаасан.

- Та ээжийнхээ тухай ярьж болох уу. Ээж тань юу хийдэг вэ?

- Хүн гэр бүлээсээ хүмүүжлээ олж авдаг. Манай ээж сувилагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ удаан ажиллаагүй. Би дээрээ нэг ахтай. Эцэг эх маань биднийг хүний зэрэгтэй хүн болгох гэсэндээ ширхэгийн тамхи зарж байсан үе ч байдаг. Дараагаар нь торт хийж зарж байсан гэдэг. Улмаар булган малгай хийж зарж байсан. Гэвч аав будгийн харшилтай болоод больчихсон. Энэ мэт олон ажил хийж, ах бид хоёрыг их дээд сургууль төгсгөсөн. Ээж, аавдаа маш их баярладаг. Zindaa.mn сайтад ярилцлага өгч буй завшаанаа ашиглаад ээж, аавдаа маш их баярладаг, хайртай шүү гэж хэлмээр байна. Хүн хэзээ ч ээж, аавынхаа ачийг хариулж барахгүй гэж боддог. Миний хувьд ээж, аавынхаа сэтгэлтийг тайван байлгахыг хичээдэг.

- Цаашдын хүсэл мөрөөдөл зорилгоосоо хуваалцаж болох уу?

- Миний хүсэл мөрөөдөл нэлээн том. Би Монгол Улсын хамгийн анхны Оскарын шагнал авсан эрэгтэй жүжигчин болохыг хүсдэг. Одоо ч мөрөөдсөөр байгаа. Зорилгын хувьд олон бий.

- Ярилцсанд баярлалаа


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өө(103.229.176.130) 2020 оны 03 сарын 18

Минимёт ч биш , Миномёт юм шүү

0  |  0
зчсн(66.181.161.69) 2020 оны 03 сарын 18

Ядахдаа Уламбаярын Энхтайвны манаа гэж энэ 10баатарын тухай сайхан тууж байдаг түүнийг уншсан бол илүү их мэдлэг эх оронч бахархал омогшол төрнө.60 70аад оныхон бахархан уншдаг ...төв номын санд байдаг боловуу

1  |  0
zochin(202.179.26.6) 2018 оны 03 сарын 20

amjilt ,amjilt,bas dachin amjilt

0  |  0
Хорол(202.9.42.182) 2018 оны 03 сарын 20

Минимёт гэвэл үөв болно шүү.Пуужин биш мини шидэгч зэвсэг.Далд байг устгахад хэрэглэнэ.Уран бүтээлд чинь АМЖИЛТ

0  |  0
Boli(150.129.143.208) 2023 оны 10 сарын 31

Bitgii surjigneed bai. Tualdaan bish tulgaralt gedeg yum.

0  |  12
Зочин(212.253.253.8) 2023 оны 03 сарын 16

Цаашдын уран бүтээл,амьдралд нь амжилт,сайн сайхныг хүсье

2  |  0
darvin (202.55.180.2) 2018 оны 03 сарын 19

daicnuud hoer jiguuriig ni uctgah canaatai baij daraa ni gol ruu ni dairhad hugatsaa hojih gej baij shiruun tulaan bolcon bol daicnii tal tal hunee aldcan bolj taarch bn heg ugeer helbel manai tserguud neg dor bacan bol tegj ih udaan baildah bolmj baga caindaa l hoer tsag baildah baican baih darga ni zob taktik hegelj daicnii huchiig carniulcan bn ene bol mash cain taktik bn

0  |  0
Бат(202.9.43.22) 2021 оны 07 сарын 08

Америкийн сургуулиудад түүхээ ёстой л мэдүүлдэг юм байна лаа шүү. Бидний залуу үе Өвөр монголын залуучуудаас түүхээ муу мэддэг юм

1  |  0
Ргэн(202.9.43.22) 2018 оны 03 сарын 19

Одоогийн залуучууд дандаа нуугдаж хоцорч болох юм ярьдаг болсон байналаа, нэг хэсэг нь шүү. Өвгөдөд оронсууц өгөхөөр нуугдагчид авлаа ч гэж байх шиг. Энэ нь гадаадынхныг шүтэгчид олширсон,түүхээ мэдэхээ больсонтой холбоотой

0  |  0
Лут(202.9.43.22) 2018 оны 03 сарын 19

Ач хүүгийн хувьд сайн хүү байна. Харин ярьсан баримт нь хувийнх аж. Хилийн цэргийн удирдах газар гэж бий, хилийнцэргийн эрдэмтэн гэх хүмүүсч бий тэнднээс мэдээ,лавлагаа аваагүй юм байхдаа.

0  |  0
б(103.14.38.130) 2018 оны 03 сарын 19

миний алба хаасан газар сэтгэлд дотно байна амжилт

0  |  0
trtr(64.119.18.34) 2020 оны 09 сарын 09

baitagiin 10 baatar.tegshee davaadorj givaan 3 aas busdiig ni ogt dursdaggui baisan yum.gevch ted bas baatarlagaar tulaldsan l baih.tuuh budgerseer l.tuuhiig martuulahiig husegchid olshirsoor.

1  |  0
иргэн(202.21.106.151) 2022 оны 09 сарын 15

1990оноос өмнө соц үед түүхийн хичээл дээр эх орныхоо төлөө энэ мэт амь хайргүй тулалдаж явсан баатарлаг эрсийн тухай хичээл орж ахмад дайчидтай уулзалт зохиож цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжихэд нь хүүхэд залууст их нөлөөлдөг байсан даа. Одоо бол хятад Монгол 2 ах дүүс мэтээр ойлгуулахыг л хичээж тархи угаалт явагдаж боловсролын салбарыг түй чёрт гэж нулимах хэмжээнд очсон

2  |  0
Бахархал(124.158.113.3) 2023 оны 10 сарын 31

Ямар бахархалтай төөрөг тавилан бэ? Өвөө нь эх орныхоо төлөө халуун цус, бүлээн амиа зориулсан эрэлхэг баатар байж. Зээ хүү нь өвөөгийнхөө түүхэн дүрийг дэлгэцийн бүтээлд амилуууллаа гэж бодохоор үнэхээр сэтгэл огшоож аньсага чийгтүүлсэн үйл явдал болжээ. Амьдрал үнэхээр баян. Эрхэм дүүгийн цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсч мөрөөдөлдөө хүрэхийн ерөөл өргөе.

3  |  0
mongol(202.70.33.242) 2018 оны 03 сарын 19

bid ed nar shig mah tsusaaraa eh oron ard irgedee hamgaalsan humuusiin gaviyaa zutgeliig unelj aldarshuulahaasaa yagaad haramlaad baidag yam hen negnii ataa jutuu uund oroh esgui getel yu buteej yu hiisen ni medegdehgui nuhduud l baahan shagnal odon medali avah yam uneheer ter humuus ichmeer yam

0  |  0
Амжилт(103.26.193.79) 2018 оны 03 сарын 19

Сүүлийн үед гарсан монгол кинонуудаас хамгийн сайхан кино нь болсон. Энэ залуу ч зөв бодолтой сайн залуу байна, амжилт хүсье.

0  |  0
зочин(150.129.140.38) 2023 оны 10 сарын 31

Энэ залуу сайн л юм хийж. Азтай эр өвөөгийнхөө дүрв тоглоод. Гэхдээ захын нэг жүжигчин. найруулагч нар үнэн түүхийг дураараа ярьдаг болжээ. 1967.68 онд Хил дээр гэдэг яг энэ тулааны тухай сайхан зино бий. Тэр үед амьд гарсан хүмүүс болон тусламжаар очсон дарга цэргүүд бүгд амьд байсан. Түүхийг гуйвуулж болохгүй байсан. Бид их дуртай үздэг байлаа. Тэгшээ.Даваадорж гээд л дууриаж байлдаж тоглоод л. Хаянхярваа гуайг 2 цэргээ аваад ухарсан бараг зугтсн л гэж ярьдаг байв. Сүүлд Хаянхярваа гуайд баатар цол өгсөн юм. Хүн янз янз даа яг тэр үед нь харсан хүмүүс бас энэ цэргийн түүхч нар сайн мэдэх бх.

2  |  2
Батаа(59.153.115.34) 2018 оны 03 сарын 19

Ухаантай хүү байна.Сайхан аав ээжээ хайрлаж яваарай

0  |  0
Цэндсүрэнгийн Гансүх(64.119.24.201) 2018 оны 03 сарын 19

Тэгшээ Даваадорж Гиваан нарын амь үрэгдсэн газар одоо БНХАУ-ын нутаг дэвсгэр болсон. Энэ талаар дуугарах хүн байна уу

0  |  0
амжилт(203.91.118.180) 2018 оны 03 сарын 19

Сайхан кино болсон байна лээ амжилт

0  |  0
Нэргүй(27.123.215.222) 2023 оны 10 сарын 31

Дайнд эрэлхэгээр тулуалдаж байгаад амь үрэгдсэн Архад гэдэг хүн бол Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүн байгаа юм.Түүхийг ухрааж болохгүй ч сэргээж болдог амь үрэгдсэн Дандархайдав,Баян, Архад нарт Монгол улсын баатар цолыг нөхөн олгож болмоор санагдах юмаа.

1  |  0
Зочин(203.91.112.62) 2023 оны 10 сарын 31

Дайчин эрсийн гавъяаг Даанч тоохгүй юмдаа та нар...гээд өвөө маань шогширдогсон.Сайхан бүтээл хийсэнд баярлалаа.

1  |  0
7777777(202.55.191.205) 2023 оны 10 сарын 31

Тэр Пилжээ гэдэг хүн 1960-1972 оны үед Увс аймгийн Өндөрхангай суманд амьдарч байсан ..миний бие тэр үед 2-3 р ангийн хүүхэд байсан сайн мэдэж байна ...Манай аавтай их найз , их гоё юм ярьдаг даан ч хүүхдүүдийг гэрээс гар гээд гаргачихдаг байсан даа ... Сүүлд Сэлэнгэ аймагт амьдарч байгаад мөнх бусыг үзсэн гэсэн ...Хүүхд нь гэж одоо 60 нас жаахан гарсан хүн байх ёстой доо... нэрийг нь мартчихсан байна даа ...

2  |  0
Nz(103.229.123.28) 2018 оны 03 сарын 18

Ter dotor ni bsan my er em hoer tagnuulch unen yum boluu...

0  |  0
Зочин(103.212.117.231) 2023 оны 10 сарын 31

Бахархаж байна.Би 3 хүүтэй жирийн нэгэн монгол ээж байнаа.Өнөөдөр эр цэргийн баярын энэ өдөр байтаг богд киног үзээд эх оронч үзэл санаа минь дахин сэргэлээ.Эх орон дуудахад хэзээд бэлэн эрэлхэг хөвгүүд болгож үр хойчоо өсгөнөө би.Эцэг өвгөдийн минь амиараа хамгаалсан газар шороо эх орон минь үеийн үед мандан бадраг

1  |  0
Монгол(64.119.21.83) 2018 оны 03 сарын 18

Азтай залуу юмаа. Жинхэнэ монгол залуу бна, жинхэнэ монгол орны өнөөгийн эзэн

0  |  0
Ц.П(202.179.31.41) 2018 оны 03 сарын 18

Эд нарын цусаараа хамгаалж байсан Байтаг богд уул одоо Хятадын нутаг болсон байна

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 03 сарын 18

yamar saikhan yum ve oboogiin chuny suns yasan ix bayrlaj baugaa bol buyan ny irnee chamd

0  |  0
nasanjargal(150.129.143.61) 2018 оны 03 сарын 18

Gonchigzebge gedeg hvn bol minii hanii aav baigaa yumaa bid ger bvleeree vzeh geed zabdal bolj ogohgvi l bna bvh uran bvteelchid bolon jvjigchiggee amjilt hvsei

0  |  0
Zochin (66.181.160.109) 2018 оны 03 сарын 18

Mundag huu bna. Amjilt husie. Nutgiin huuhed bna. Aaw eejiinh ni ner hen yum boloo

0  |  0
Mongol.(27.123.212.140) 2023 оны 10 сарын 31

Tulgaraltand oroltsson buh humuusiig baatar bolgodoggui yum gehed tuunii daraagiin shagnalaar nohon shagnah n zuid niitsne. Bas aldar gabyag n todruulj, budgerch bui dur zurgiig n sergeeh heregtei. Ene kinonii tuuhen ach holbogdol n ene yum. Tulgaraltaas gadna oor tsag hugatsaa, oor gazart tulaldaan bas bolson baidag bogood terhuu tulaldaanii aldaa zabhral n edgeer zaluust bas nylzasniig uguisgeh argagui yum.

1  |  0
Зочин(202.70.34.38) 2018 оны 03 сарын 18

Амжилт хүсэе

0  |  0
Зочин(37.14.31.177) 2018 оны 03 сарын 18

Ёстой мундаг хүү санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугөй!!

0  |  0
Top