Цагдаагийн байранд ирж алба хаагчийг буугаар заналхийлжээ

2018 оны 03 сарын 19

Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн алба хаагч Э нь 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ...ЗАН дугаартай портер маркийн автомашиныг шалган Баянхайрхан суманд тус сумын иргэн Б.А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ. Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, Б.А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчран ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Гэтэл тухайн өдрийн 23:00 цагийн орчимд Б.А цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, этгээдийг гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, Б.А гэгчийг уг үйлдэлд холбогдуулан шалгаж байна. Б.А нь “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top