БНСУ-ын эмч нарын туршлага солилцох өдөрлөг боллоо

2018 оны 03 сарын 19

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн хүрээнд Солонгос Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон талт үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үүний нэг нь БНСУ-ын Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сантай хамтран туршлага солилцох өдөрлөг, эрүүл мэндийн үзлэгийг /2018.03.17/ зохион байгууллаа.

БНСУ-ын Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” нь Монгол Улсын өргөн уудам нутагт тархан суурьшсан хүн ам, хүүхдүүдийн шүдний эрүүл ахуй, хэрхэн эмчлэх болон тэдэнд хүрч үйлчлэх тал дээр судалгаа явуулсны үндсэн дээр шүд оношлох болон эмчлэх нүүдлийн мобайл эмнэлгийг “Эхэн” санд өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр гардуулан өгсөн юм.

Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэгт хүүхдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо, уламжлалт болон шүдний эрүүл ахуйн үзлэгийг хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа оролцлоо.

Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сангийн хамтарсан 20 гаруй сайн дурын эмчийн баг 3 төрлийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй 100 гаруй хүүхдэд үзүүлж, үзлэг хийж зөвлөгөө өглөө.

Хүүхдийн шүдний өвчлөл манай улсад өндөр үзүүлэлттэй байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Тухайлбал 5-6 насны хүүхдүүдийн 96 хувь, дунд сургуулийн хүүхдүүдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Тиймээс хүүхдийн шүдний эрүүл ахуй, оношлогоо, эмчилгээнд анхаарал хандуулах шаардлагатай. Цаашид шүдний оношлогооны явуулын эмнэлэг нь зорилтот хэсэгт хүрч үзлэг, оношлогоо эмчилгээг хийж үйлчлэхээр төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top