Монголын охид Америк бүсгүйчүүдийг гурав дахиа ялж, хүрэлийн эзэн боллоо

2018 оны 03 сарын 19

Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдсөн юм.

Монголын эмэгтэй бөхчүүд “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авсан. Ийнхүү 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. Манай бүсгүйчүүд өмнө нь Америкийн бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл энэ удаагийн барилдаанд 6:4-өөр ялж, хүрэл медалийн эзэн боллоо.

Манайхнаас 50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалж сөхрүүлснээр тоог 4:1 болгосон. Үүний дараа гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдснаар байдал тун эвгүйтсэн. Харин 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо аваад тэндээсээ даралтад оруулж багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Улмаар гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдсан гэдгийг МЧБХ-оос мэдээллээ.

Image may contain: 4 people, outdoor

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Монгол - АНУ 6:4 

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор - Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10

Image may contain: 4 people

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.34.192) 2018 оны 03 сарын 20

Хятадын багт 9;1ээр хожигдсон гэхэд сонин бна.Болоогүй л юм байлгүй дээ.

0  |  0
zochin(66.181.185.25) 2018 оны 03 сарын 19

yostoy saykhan barildaan bolson doo ,

0  |  0
Top