Ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын чуулга уулзалт боллоо

2018 оны 03 сарын 20

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын  сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачлагын дор нэгтгэх зорилгоор "Эко клубуудын чуулга" уулзалтыг Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа. 

Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагч хамрагдав. Эко клубуудын чуулганы нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд амжилт хүслээ.

Нийслэлийн байгаль орчны газраас хүүхдүүдэд зориулан ногоон амьдралын хэв маяг болох зөвлөмжүүд, нийслэлийн ногоон бүсэд шувууны үүр байрлуулах цэгүүд болон анхаарах зөвлөмжүүдийг хүргэсан юм.

Чуулганы үеэр “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд зарлагдсан  “Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх уралдаан” -ны шагналыг гардууллаа. Уралдаанд 39 эко клуб бүтээлээ ирүүлснээс: 

  • I байранд 28 дугаар сургуулийн  “Ногоон дэлхий” эко клуб
  • II байранд 25 дугаар сургуулийн эко клубын сурагчид
  • Тусгай байранд Эрдмийн өргөө сургуулийн Энержи эко клубын сурагчид тус тус шалгарлаа

Чуулганаар  Эко клубын сурагчид маань Ногоон пасспорт аяны хүрээнд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео уралдаанд оролцох, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон пасспорт аяныг сургуульдаа нэвтрүүлж, сурагч бүрийг ногоон паспорттой болгох ажлыг хийх үүрэг даалгавар авснаар энэ удаагийн чуулган өндөрлөсөн гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top