”Цагаан толгойн баяр”-ын асуудлаар салбарын Сайдад нь захидал хаяглажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Нийгэмд тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь яах аргагүй бага ангийн боловсрол. Аав, ээжийнхээ өврөөс дөнгөж гарч буй бяцхан үрсийн сурч боловсрох замд түүчээ болохоор багш нар сургуулийн босго давуулан хөтөлж оруулдаг. Өнөөдрийн ардчилсан чөлөөт нийгмийн далбаан дор  хувийн олон арван сургууль нээгдэж, Монголын бяцхан үрсийг сургахаар Улсын сургуулиудтай "хоолой" мэдэн заргалдаж, булаацалддаг нь нууц биш. Мэдээж үүний цаана анги дүүргэлт, эцэг эхийн хөрөнгө мөнгөний бололцоо гээд олон олон асуудал бий. Бэл бэнчингээ харуулах гэж аль өнгөтэй өөдтэй хувийн болон Улсын сургуульд үр хүүхдээ сургахаар зүтгэдэг эцэг эхийн тоо ч цөөнгүй. Ер нь  дунд сургуулийн бага ангийн сурагчдыг тойролгүй дайрч өнгөрдөг хамгийн гол баяр бол "Цагаан толгойн баяр". Эцэг эхчүүдийн баяр хөөр хийгээд сэтгэлийн шаналалыг төрүүлдэг "Үсэглэлийн баяр"-ын асуудлыг хөндөж нэгэн ээж БСШУС-ын сайдад захидал илгээжээ. Тэрбээр,

МУ-ЫН ИРГЭНД 
ҮСЭГЛЭЛИЙН БАЯРАА БАЯСГАЛАНТАЙ
ЭРХ ДУРААРАА
тэмдэглэн өнгөрүүлэх боломж 
олгож өгнө үү!

БСШУС-ын ЭРХЭМСЭГ САЙД Танаа!

2017 оны шинэ хичээлийн жил эхлэхийн өмнөх орой бага насны хүүхдийн сургууль сонгох хүндхэн мөчид тэгтлээ найдаагүй ч юутай ч ороод гарах сэтгэлээр СБД-ийн 11-р хороололд байрлах “ЭРДЭМ ТӨГС” гэдэг сургуульд очиход залуухан захирал бүсгүй Б... итгэл дүүрэн амлалт эрч, түүний хүчтэй шийдэмгий төрх нь эмээгээс ач хүү хүртэлх гурван үеийнхэнд тун ч өндөр сэтгэгдэл төрүүлж, өгсөн төлбөртөө хэн нь ч эргэлзэлгүй гарсан сан. Өнгөлөг золбоотой гэгээлэг өдрүүд хэсэгхэн зуурынх байж, нэг л мэдэхэд асуудлууд хөвөрч эхэлсэн дээ.


-Хөөрхөн нялх үрсийнхээ “Цагаан толгой” эрдмийн баярыг тэмдэглэж өгөхөөр эцэг эхчүүд цуглав. Шавь нартайгаа анхны эрдмийн баяраа тамдэглэх гэсэн залуу шинэ багшийг тус сургуулийн бага ангийн ахлах багш болон захирлын үүрэг гүйцэтгэгч эмэгтэй хурал дээр эцэг эх бидний өмнө хурал дээр хатуу үгээр дайран нус нулимстай хольж эхлэв. Үнэнээс айгаагүй нэгэн өвөө энэ байдлыг шүүмжлэн үгээ хэлсний төлөө сайхан муухай дуутайгаа дуудуулахад сая л ухаан сэхээ орсон бусад эцэг эхчүүд ч чадан ядан үзэл бодлоо хэлэх аядав. Захирлын үүрэг гүйцэтгэгч бүх л юмыг тулган шаардаад, “Чадахгүй бол зайлаад өг” гэж загнав. Эцэг эхчүүд өөрсдийн төлөөллөөр дамжуулан зөвшилцөх гэж удаа дараа оролдлоо. Хүүхдийнхээ үсэглэлийн баярыг хэрэндээ сайхан хийх гэж оролдлоо. Удаа дараагийн амлалт нь өдөр өдөрт солигдоод л... “Хоёр анги зөвшилцөөд аятайхан хийе” гэхэд “За тэг тэг” гэснээ “Үгүй ээ сургуулийн шийдвэр” гэж зөрнө. “Эрх тэгш зарчмаар үсгээ хүүхдүүдээрээ сугалуулъя” гэхэд “За тэг. Үгүй ээ болилоо, цаанаасаа шийдсэн сонголт оногдсоноороо хий” гэв.

“Та бүхэнд хэцүү байгаа бол эцэг эх бид зардлаа өөрсдөө гаргаад өөрсдийн санал хүслээ шингээсэн сонголтоор хүүхдүүдийнхээ номын баярыг хийе” гэхэд “За тэг, өөрсдөө хий” гэснээ маргааш нь “Үгүй ээ зөвшөөрөхгүй. Чадахгүй бол зайл” гэж загнав. Ангийн багшийг нь ч бас хүсвэл яв гэх... Сургуулийн захиргааны энэхүү элдэв дарамтаас залхаад хэлснээр нь хийе гэх үү? Зөвхөн сургуулийн захиргааны сонголтоор хийнэ гэсэн хатуу дарамтыг зөвшөөрөх үү? Үр хүүхэд минь бичиг үсэг тайлагдаж буйн анхны баяр шүү дээ. Үүнийг нь өөрсдийн хүслээр аятайхан тэмдэглээд өгье гэж 10-аад хоног гуйж хүсч тэмцсэний үр дүн өнөөдрийн 13 цагийн байдлаар (2018.03.19) нэг иймэрхүү.

-Энэ бүхэн өнөөдөр л болчихсон асуудал биш.. Хичээл эхлээд ганц нэг сар ч бололгүй “Цагаан толгой”-н баяраа хурдан хийе, Монгол улсдаа мундагаа гайхуулах сургууль, дэндүү хурдан нүдлүүлсэн чадвартайгаа харуулъя гэсэн. Унших холбох байтугай үсэг амилуулах учраа ч олоогүй балчруудаа золиослох нь нэн харамсалтай нь дэндүү үнэн байсан болохоор эцэг эхчүүд эргэлзэн гайхаж, улмаар эцэг эхийн хурлын бүрэн саналаар үсэглэлийн баярыг хойшлуулах хүсэлтээ хүргүүлснээр асуудал эхэлсэн бололтой юмдаг уу даа.

-Захирлын үүрэг гүйцэтгэгч маань хоолны мөнгө үлдээгүйгээс үлдэгдлээрээ хоолоо хийсэн гээд зогсож байх тогооч нар, сургуулийн хоолондоо хямарч гүйлгээд бөөлжсөндөө хутгалдсан хүүхдийг харахад ч дээ, ай мөн амаргүй дээ. Чимээгүйхэн энэ жилээ өнгөрөөе гэх эцэг эхчүүд бүгд л амьсгаа дарцгаана. Хүүхдийнхээ төлөө яалтгүй мөнгөө төлснөөс хойш яалтай ч билээ. .

-Сургууль дээрх аюулгүй байдлыг амлаж юутай ч тун сайхан эхэлсэн ч үнэндээ хяналтын видео бичлэгийг хулгай дээрэм, бэртэл гэмтэл, элдэв хүчирхийлэл гарсан ямар ч тохиолдолд нууцлана. Захирлын үүрэг гүйцэтгэгчийн яриагаар бол хоног гүйцээх боломжгүй төхөөрөмжтэй гэх бичлэгээр хүүхдийн аюулгүй байдлын эцсийн найдлага горьдлого тасарсан ч... Хүүхдийн сэтгэл санааны хийгээд бие махбодын хүчирхийлэл давтагдсаар л. Зодож түншиж, айлгаж ичээж байж сургана гэсэн олон одон медальтай мундаг багшийн заавраар довтолгоод л байлаа хэдүүлээ. Нүдээ аниад л зүтгэлээ. Шартай хортой зарим хүүхэд “Та намайг зодсон. Одоо миний ээлж” гэж зүтгэсэн тохиолдол ч гарлаа. Аргаа барсан л хэрэг л дээ. Бусад хэд нь өөрийнхөө ээлжинд хэрхэн зодуур амсахаас илүүтэй хэрхэн хариу өгөх нь бүр ч аймшигтай гэцгээх нь дэндүү шаналалтай агаад хяслантай мэт.

-Сургуулиас зохиогддог шинэ жилийн баяр зэрэгт хүүхдийг хэрэгсэл төдийхнөөр тооцох нь даанч гачлантай. Өвлийн өвгөнөөс бэлэг авах бөөн хүслэнт хүүхдүүдийг хамаг гоё хувцастай нь 4-5 цаг нэг ангид олноор нь хориод ээлж нь ирэхээр буюу ганц нэгхэн удаа тайзны бараа шиг гаргаж нэг амьсгал авахуулах нь аймшигтай. Багш нарын хүчирхийлэлээс илүүтэй хаа хамаагүй хүмүүсийн дарамтууд, энэ бүхнийг хянах боломжгүй хэрэгслүүд, өдөр хоногийг тэгж ингээд өнгөрөөх тактик арга барил нь энэ бүхэн эцсийн эцэст хичнээн хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг золих бол гэсэн айдас төрүүлнэ.

Хувийн сургуулиудад хүүхдээ гэх мэргэжлийн удирдлага, мэргэшсэн багшийн зүй нийцтэй зохион байгуулалтаас илүүтэй мөнгөө гэх хандлага давамгайлж, үүнд нь төрийн хяналт даанч холдчихоод байгаа нь дэндүү харамсмаар байна. Боловсролын бодлогыг залуурдаж яваа эрхэм сайд минь, хувийн зарим сургуулийн хуульгүй мэт үйл ажиллагааг анхааралдаа авна уу.

Би уг гадаад оронд олон жил ажиллаж амьдарсан хүн. Монгол улсын иргэний хувьд үр хүүхдээ монголоороо сургаж хүмүүжүүлье гэж өөрийнхөө карьер, боломжийг золин байж эх орондоо эргэн ирсэн. Хорь гаруй жилийн эрдэм номын үйл, судалгаа шинжилгээнийхээ үр шимийг орхиод үр хүүхдээ монгол боловсролтой болгоно доо гэж зорин зорин ирсэн. Гэтэл өвөг дээдэс, эцэг эхийн минь нутаг гээд зориод ирсэн нялх үрийг минь дэндүү харилхуу хатуурхан угтах Монгол минь дээ... Хүний ёсоор амьдрах хүслээ тээн харийн газраас эргээд ирэх монголчууддаа хатуудам даанч харуусалтай нийгэм болоо юу даа! Цаашдын ирээдүйн төлөө иймхэн бяцхан толбыг засаад гарах итгэл найдлага үнэхээр бидэнд үлдээгүй биш л байгаасай даа...

Ч.Цэрэнхорлоо гэжээ.

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.1.214) 2018 оны 03 сарын 20

цагаан толгойн гэнэ үү эрдмийн гэж нэрлэнэ үү алин ч адилхан сургууль багш нарн шавь эцэг эхчүүдээс олбор олох арга болсоор удсан. үүнийг таслан зогсоох цаг болсон. бас ангийн засварн мөнгө бна

0  |  0
zochin(103.9.88.210) 2018 оны 03 сарын 20

unen zuil l bicheerei dee. baga tsalintai amidralaa yay gej yavaa bagsh nariin amidralaar buu toglooroi. Yun ch uran tsetesen bichdiin. Unen bol hetsuu l baina .

0  |  0
Зочин(172.58.143.44) 2018 оны 03 сарын 20

Хувийн сургууль гсн монгол улсын боловсролын хуулинд захирагддаг байх ёстой биз дээ. Хувийн болохоор яаж хүүхдийг өөрийнхөөрөө дарангуйлж сургаж болдог ардчилсан нийгэм уу. Энэ улсад засаг төр байна уу

0  |  0
Зочин(202.72.242.177) 2018 оны 03 сарын 20

АШУИС-ын захирал Батбаатартай хөдөлмөрийн гэрээг цуцлах яасан бэ

0  |  0
Зочин (124.158.107.6) 2018 оны 03 сарын 20

үнэн хэлжээ. Яг иймэрхүү зүйл хувийн хувьсгалын сургууль дээр болж байгаа. Анх сургууль танилцуулах уулзалт гээд л хачин сайхан юм ярина, хүүхдээ сонгож авч байна л гэнэ. Шал худлаа байна амьдрал дээр

0  |  0
Top