Ачааны авто машинд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг аж. Тиймээс олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор тухайн авто замын зөвшөөрөгдөх даацын үзүүлэлтээс хэтэрсэн буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, MNS 4595:2011 стандартын 4.8-т “Монгол улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх авто тээврийн хэрэгслийн жин, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ дор зааснаас илүүгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн, овор хэмжээ, даацтай тээврийн хэрэгслийг хатуу хучилттай авто замаар зорчуулахгүй хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргийн Мэргэжлийн хяналтын алба, Авто тээврийн үндэсний төвийн салбар, Авто замын асуудал хариуцсан нэгжүүдтэй хамтран 2018 оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.

Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн овор, хэмжээ даацтай тээврийн хэрэгсэлтэй тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

Мөн түүнчлэн нийслэл хотын нутаг дэвсгэрт ачааны автомашинаар барилгын материал, хог хаягдал, хөрс шороог тээвэрлэхдээ ачааны автомашины тэвшийг даац хэтрүүлэх зорилгоор үйлдвэрийн хийцийг өөрчлөн өндөрлөх, авто замаар зорчихдоо зориулалтын хучлага, бүтээлэггүй зорчих, дугуйгаа цэвэрлээгүй зорчих хэсгийг бохирдуулах, тээвэрлэж байгаа ачаагаа зам дээр асгах, контейнер тээвэрлэж байгаа ачааны автомашины тэвшний зориулалтын бэхэлгээ, түгжээг хийхгүй тээвэрлэх зэрэг зөрчлийг гаргаж байгаа тул энэ чиглэлийн зөрчлийг арилгуулж, цааш хөдөлгөөнд оролцуулах чиглэлд анхаарч ажиллах боллоо.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top