Шар усны үерийн улмаас нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр гол мөрний ус, өндөр уулын цас хайлан зарим газарт тэр дундаа зуслангийн чиглэлүүдэд шар усны үер болох эрсдэлтэй байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар зэрэг холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд авто зам цөмрөх эрсдэлээс сэргийлэн тухайн чиглэлд том оврын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, шаардлагатай тэмдэг, хайс хашлагыг байрлуулан ажиллаж байна.

Цаашид шар усны үер болж болзошгүй байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэхийг зөвлөж байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top