Азийн цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесмэнүүд Улаанбаатарт чууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Дэлхий нийт блокчайнд суурилсан цахим мөнгөөр дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүн худалдан авах, солилцох боломжийг бий болгон тус технологийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлэхийг зорьж байгаа нь дэлхийн зарим орнуудад нэлээн амжилттай хөгжиж байгаа билээ.

Өнөөдөр Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесмэнүүд Улаанбаатарт чуулж, “Азийн орнуудын цахим мөнгө, холбоо”-ныхоо ерөнхийлөгчөөр Д.Кёкүшюзан Батбаярыг сонголоо. Тэд өмнө нь Япон, Солонгос, Хятдад хуралдсан ч ерөнхийлөгчөө сонгох тал дээр нэгдэж чадаагүй ажээ.

Монголчуудын хамгийн сайн мэдэх блокчайнд суурилсан анхны төлбөрийн хэрэгсэл болох биткойн нь хэт удаан, цагийн дараа гүйлгээ хийдэг, ханш нь тогтворгүй, уналттай байгаа зэргээс үүдэж цахим мөнгөнд итгэх иргэдийн итгэлийг нэлээд алдаад байсан юм. Харин Япон улс үүнийг сайжруулсан, биткойноос 10 дахин хурдан ТОС койн хэмээх төлбөрийн шинэ хэрэгсэл нэвтрүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.

ТОС койныг цаг тухайд нь өгөгдлийг түргэн шуурхай боловсруулахыг шаарддаг төлбөрийн системд зориулан хөгжүүлжээ. Эдгээр койнууд “PoW” олборлолтын хэлбэрийг ашигладаг бөгөөд нийт зургаан тэрбум ТОС койн олборлох боломжтой аж.

“Азийн орнуудын цахим мөнгө, холбоо”-ны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр:


“Таван улсаас бүрдсэн цахим мөнгөний холбоо өнөөдөр байгуулагдлаа. Өмнө нь хэд хэдэн удаа хуралдаж байсан ч ерөнхийлөгчөө сонгож амжаагүй байсан. Харин өнөөдөр Монгол Улсаас ерөнхийлөгчөө сонгоё хэмээгээд надад энэхүү үүрэг, хариуцлагатай албыг өгч байгаад нь талархаж байна. Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор мэдээж миний хариуцлага нэмэгдэж байгаа. Холбоо байгуулагдсанаар манай улсад ирэх ашиг тус нь хууль бус гэгдээд байгаа оффшорт байгаа мөнгөнүүдийг монгол руугаа татах, цахим мөнгөний хөгжлөөс хоцрохгүй байх, дотооддоо төрөл бүрийн худалдаа хийх боломжууд нээгдэнэ гэж харж байгаа. Мөн “ТОС” гэж нэрлэхийг миний зүгээс Япончуудад зөвлөсөн л дөө. Учир нь монголчууд бид “аманд орсон шар тосыг хэлээрээ бүү түлх” гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тос хэмээн нэрлэх нь зүйтэй гэж бодсон. Цаашид бид холбооныхоо үйл ажиллагааг хурдавчлуулж Засгийн газар, банктайгаа нэн даруй холбогдож ажиллах шаардлагатай байгаа. Цахим мөнгөтэй холбоотой хуулийн зохицуулалт хийгдэх, өөрсдийгөө эрсдлээс сэргийлэх, тооцоолох гээд олон ажил бий”

С.Бат

Top