Ө.Энхтүвшин: Наадам хүртэл хурдан морины уралдаан зохион явуулахыг хориглоё

2018 оны 03 сарын 21

Шадар сайд Ө.Энхтүвшин (2018.03.20) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзлаа. Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулсан эл уулзалтыг Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин талуудын мэдээллийг сонсоод “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаанч хүүхдийн эрхэнд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна. Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна” хэмээн мэдэгдэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын төгсгөлд морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил болон хүүхдүүдэд учирсан хохиролд буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас саналыг нь яаралтай ирүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр цааш нь “Морин уралдаан Монголын үндэсний соёл уламжлалын үнэт өв мөн бөгөөд орчин цагт үнэ цэнийг нь өсгөх, үндэсний бахархалт цэнгэл болгон үе хойчдоо өвлүүлэхийн тулд юуны өмнө уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гээд Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин Наадам зохион байгуулахад хүүхдийн төлөө байгууллагуудыг заавал оролцуулж байхыг чухалчлан үзэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэхэ(66.181.161.105) 2018 оны 03 сарын 21

Наадмаар ч гэсэн морь уралдуулахаа больчихоо. Тэгвэл хэрүүл уруулгүй амар. морь гэхээр хонинд унаж явдаг гэж боддог болно л биз. Цандэлэгиин хэлсэнээр монголчууд жоом уралдуулж баясая. хурай хурай хурай. Арчаагүй хэдэн хятад дарга нараасаа болж хөдөөний уяач гар нь хохирохнээ. Ажлаа хийж чадахгүй дарга нарыг зайлуул

0  |  0
Top