Хөрш орнуудын стандартчиллын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

2018 оны 03 сарын 21

Монгол улс болон БНХАУ-ын Стандартын байгууллагын хооронд стандартчиллын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн он удаан жилийн түүхтэй бөгөөд талуудын хамтран ажиллах санамж бичиг 2015 оны 11 сард дахин шинэчлэгдсэн байдаг. Тус санамж бичгийнхээ хүрээнд өнгөрөгч оны 10 дугаар сард БНХАУ-ын Стандартчиллын байгууллага /SAC/-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн захирал Шү Чан Шин тэргүүтэй албан хаагчид Стандарт, хэмжил зүйн газар дээр ажлын айлчлал хийн тодорхой чиглэлүүд дээр хамтран ажиллахаар тохирсон. 

Ингээд 2018 оны 3-р сарын 12-17 өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул, СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, ИГ-ийн дарга С.Ганцэцэг нар БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC) дээр ажлын айлчлал хийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргалаа.
 

Төлөвлөгөөнд дараах чиглэлээр ажиллахаар тусгаад байна. Тухайлбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ноос ноолуур, арьс шир, уул уурхайн стандартчиллын үйл ажиллагаанд хамтран оролцож Олон Улсын стандартыг шинээр боловсруулахаар тогтсон. Тодруулбал,  БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран Монгол Улс анх удаа өөрсдийн бараа бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулах юм. Ингэснээр бизнес эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ өөрийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг стандартын баримт бичигт тусгах замаар худалдаа эрхлэх боломжийг нээж өгч байна.

Түүнчлэн мэдээллийн нэгдсэн сүлжээнд Стандартын  мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн техникийн шинэчлэл хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх төслийг судлахаар тогтов.
 

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC)-ын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ирэх 4-р сард болох Монгол улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын албан айлчлалын үеэр баталгаажуулж гарын үсэг зурагдахаар бэлтгэл ажил хангагдаад байна гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top