Х.Баасанжаргал: “Майдар эргэх ёслол”-ын сунгааны үеэр хүүхэд амиа алдаж байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

“Дүнжингарав-2018” уралдаан шөнө болсон нь олны эгдүүцлийг ихэд хүргээд байгаа юм. Тус уралдаанд оролцсон унаач хүүхдүүдээс 16 нь мориноос унаж гурав нь хүнд бэртсэн гэх мэдээлэл бий. Улмаар нэг нь тархины хүнд хагалгаа хийлгэсэн гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэгвэл Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын зүгээс “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулагчдаас хариуцлага нэхэж байна Энэ талаар хуульч, өмгөөлөгч Х.Баасанжаргалтай ярилцлаа.

- Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд нэлээн хэдэн жилийн өмнөөс хурдан морины уралдаан зохион байгуулахыг эсэргүүцэх болсон. Гэвч төдийлөн үр дүн гарахгүй байх шиг? 

- 2017 онд хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 7 төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 онд Цагаан сарын дараа “Дүнжингарав” уралдаан зохион байгуулагдсан. Энэхүү уралдаан болохоос өмнө ТББ-ууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрүүд хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа гэдгийг тогтоож өгөх хүртэл уралдаан зохион байгуулахгүй байгаач ээ гэж шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Улмаар хоёр шатны шүүхээс ямар нэгэн уралдаан зохион байгуулж болохгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Гэвч шүүхийн шийдвэрийг үл тоон өнгөрсөн жил Хөвсгөл, Хэнтий зэрэг хэд хэдэн газар уралдаан зохион байгуулагдсан.

- Сая зохион байгуулагдсан уралдааны үеэр нэг хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авсан гэсэн?

- Тийм. “Дүнжингарав” уралдаан нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн. Монголчуудын уламжлалыг харуулж байгаа мэт боловч эсрэгээрээ монгол хүүхдүүдийн амь насаар зугаагаа гаргадаг, зохион байгуулалтгүй, монгол уламжлалыг устгасан үйлдэл гэж үзэж байна. Засгийн газраас бид хариуцлага нэхэхээр өнөөдөр хурал зарлаад байгаа юм. 12 настай хүүхэд уралдаж болно гэсэн шийдвэрийг гаргасан Хүрэлсүх, Энхтүвшийн нараас хариуцлага нэхмээр байна. Гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээ. Мөн хүүхдийн эрүүл мэндээр тоглосон уралдаан зохион байгуулсан Монголын морин спорт уяачдын холбоотой /МСУХ/ хариуцлага тооцохыг шаардаж байна. Сая зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдааны үеэр нэг хүүхэд тархиндаа гэмтэл авч тархины хагалгаанд орсон нь үнэн.

- Тархиндаа гэмтэл авсан хүүхдийн тухайд хэн хариуцлага хүлээх вэ?

- МСУХ, морины эзэн, уяач нар хүлээх ёстой. Тархины хагалгаанд орсон хүүхэд цаашдаа яах бол. Түүний сурч боловсрох эрх нь зөрчигдөнө. Ерөнхий сайд Хүрэлсүх хэлэхдээ тэр хүүхдийг эмчлүүлээрэй гэж байгаа юм. Хэрэв эмчлэгдэхгүй бол яах юм. Насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болбол яах вэ. Гэмтэхээс нь өмнө сэргийлж болох байсан. Бид зөвхөн уралдааны үеэр л гэмтсэн хүүхдүүдийг тоолж байгаа. Гэвч сунгаа, бэлтгэлийн үед хэчнээн хүүхэд гэмтсэнийг нь хэлж мэдэхгүй. Өнгөрсөн жил “Майдар эргэх ёслол”-ын сунгааны үеэр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн хүүхдийг уралдааны үеэр амь насаа алдсан гэж бүртгээгүй. Сунгаа болон бэлтгэлийн үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийг тоолдоггүй.

- Бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдаанд оролцуулснаар хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол маш их байгаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?

- Үүнд нэгдүгээрт МСУХ  хариуцлага хүлээнэ. Тухайн уралдаан зохиогдсон газрын хүүхдийн эрхийн байгууллагууд хангалттай хэмжээнд үүргээ биелүүлээгүй гэж үзэх хэрэгтэй. Эдгээр байгууллагын удирдлагууд шударгаар хариуцлага хүлээх ёстой юм. Мөн хамгийн гол хариуцлага хүлээх хүн нь уяачид болон уяачдын цаана байгаа хүмүүс. 11 настай хүүхэд хурдан морь унаж байгаад бэртлээ гэхэд тус мориных нь эзэн  хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулиар ч хариуцлага хүлээлгэх боломжтой. Эрүүгийн хуулинд Бусдын биед санаатай болон санаандгүйгээр гэмтэл учруулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Морины эзэн, уяач, хүүхдээр морь унуулсан этгээд бүгд хариуцлага хүлээх боломжтой. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулиар хэрэг үүсгэсэн гэх хариултыг өгч байгаа.

- "Дүнжингарав" уралдаан хэзээнээс зохион байгуулагдах болсон бэ. “Дүнжингарав 2018” уралдааныг хаанаас зохион байгуулсан юм бол?

- Өнөөдөр Засгийн газар “Дүнжингарав 2018” уралдааныг зохион байгуулаагүй гээд амиа хамгаалаад үлдэх гэж байна. Үнэн хэрэгтээ Засгийн газар тогтоол гаргаад МСУХ-нд даатгаж, хэрэгжүүлдэг. Үндэсний баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан. Үүнд уяачдын эрх үүргийг тодорхой заасан байдаг хэдий ч унаач хүүхдийн эрхийг тусгайлан зааж өгөөгүй. 2017 онд зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд нийт 50 гаруй хүүхэд унаж бэртсэн. Үүнээс яс хугарсан, үе мөчний хүнд гэмтэлтэй 16 хүүхэд, амь нас нь эрсэдсэн нэг хүүхэд байсан. 2008 онд анх “Дүнжингарав” уралдаан зохион байгуулагдсан байдаг. Үүнээс хойш жил болгон Засгийн газар “Дүнжингарав” уралдаан зохион байгуулах товыг гаргадаг болсон. Энэ нь Засгийн газар хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм. Засгийн газрын жил болгон хүүхдийн эрхийг зөрчиж гаргадаг байсан шийдвэрийг нь Хүний эрхийн комиссоос байнга эсэргүүцэж албан бичиг хүргүүлдэг байсан. Энэ нь шүүхийн шийдвэр дээр илхэн байгаа.

- Энэ сарын 18-нд зохиогдсон “Дүнжингарав” уралдаанд ихэвчлэн 12 нас хүрээгүй хүүхэд оролцсон байсан. Уралдаанд оролцох боломжтой хүүхдийн насыг ямар үндэслэлээр 12 гэж заасан бэ?

- Засгийн газраас 12 настай хүүхдээр хурдан морь унуулж болно гэсэн шийдвэрийг гаргасан. Яагаад 12-оос дээш настай хүүхдээр морь унуулах шийдвэр гаргаснаа Засгийн газар тайлбарлахдаа “Судалгаа хийгээд үзэхэд 12-оос дээш настай хүүхэд хурдан морь унаж байгаад гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй. Үүн дээр үндэслэсэн” гэж байгаа юм. Гэтэл Засгийн газрын шийдвэр нь ард иргэдийг шууд хуурч байгаа хэрэг юм. Учир нь 12-оос дээш насны хүүхэд морь унадаггүй. 12-оос дээш насны хүүхэд морь унадаггүй болохоор бэртэж гэмтсэн гэсэн тоо гарахгүй нь ойлгомжтой.

- Хурдан морины уралдаанд оролцоод бэртэж гэмтсэн хүүхэд нөхөн төлбөр авдаг уу?

- Морин уралдаанаас хохирч үлдсэн хүүхэд хэчнээн төгрөгийн төлбөр авдаг тухай бид судалж үзсэн. Тэгэхэд уралдаанаас болж хөлийн дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд 400 мянган төгрөгийн тэтгэмж авдаг гэдэг нь тогтоогдсон. Энэ нь хүүхэд даатгалаар хохирлоо бүрэн барагдуулж чадахгүй байгаа нь харагдаж байгаа юм. Дээд шүүхийн шийдвэрээр Засгийн газрыг жил болгон уралдаан зохион байгуулж байгаа шийдвэрээ эргэн харахыг сануулж байгаа. Цаашид өвөл болон хаврын улиралд насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй хүүхдээр унаач хийлгэхгүй байх хориглосон шийдвэр гаргаж өгөхийг ТББ-ууд Засгийн газраас хүссэн. Харамсалтай нь Засгийн газар үүнийг огт дэмжээгүй. Харин ч эсрэгээрээ морин уралдаан нь төрт ёсны уламжлал гэж бидэнтэй маргасаар ирсэн. Хуульч хүний зүгээс хархад эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой. Засгийн газраас хугацаа зааж хурдан морины уралдаан зохион байгуулахгүй шийдвэр гаргах хэрэгтэй.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүүгийн аав(202.131.243.50) 2018 оны 03 сарын 22

Асуудлын гол нь зайдан унахаар тогтворгүй гэдгийг бүгд мэддэг гэхдээ мориний эзэн хэзээ ч үүнийг ярихгүй биздээ.Худлаа тайлбар олоод ярих байлгүй.Ижил нөхцөлд уралдъя гэвэл хүүхдийн нас12, жин40-45 бүгд эмээлтэй гэх мэт шаардлага хангуулаад уралдаад үз тэгвэл ямар үзүүлэлт гарахыг харах хэрэгтэй.Үзээгүй байж цэцэрхээд хэрэггүй.

0  |  0
eej(64.119.24.205) 2018 оны 03 сарын 22

munhnar eej

0  |  0
zochin(103.229.121.78) 2018 оны 03 сарын 21

yhsnii n ylamjlal bdag yum ,hyyhdeer mori ynaj yraldyylahiig horih heregtei ,gadaad ornyyd jijig bietei hongon jintei tom hyneer ynaach hiilgedeg

0  |  0
Zochin(66.181.186.12) 2018 оны 03 сарын 21

Morin sport yachdiin holboonii darga enhboldiig l zailuulaachee.

0  |  0
Top