”Outlaw” хамтлагийн ахлагч Ариука: Залуучууд ийм байгаа нь энэ төр засгийн тэргүүнд байгаа 76 хүний л буруу

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

МУСТА Э.Ариун-Эрдэнэ буюу “OUTLAW” хамтлагийн ахлагч Ариука нэрээр нь олон нийт таних тэрбээр улс төрд орохоор шийдсэн тухай дуулдаж буй энэ цаг мөчид түүнтэй цөөн хором уулзаж, ярилцлаа.


-Outlaw хамтлаг сүүлийн үед шинэ уран бүтээл гаргасангүй. Зарим хүн хамтлаг тарчихсан уу гэж асууж байна?

-Бид хамгийн сүүлд 2016 онд “Би дуулж өгье” нэртэй уран бүтээл хийснээсээ хойш бараг жил гаран завсарлаад байна. 2019 онд манай хамтлаг байгуулагдсаны 15 жилийн ой тохионо. Ойгоо тохиолдуулаад хийх зүйлсээ бодож төлөвлөөд л явж байна даа.

-Энэ жилийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Саяхан бид БНСУ-ын дөрвөн хотод ажиллаж, амьдардаг монголчуудтайгаа уран бүтээлүүдээрээ уулзаад ирлээ. Шинэ уран бүтээл хийхгүй удсан ч өнгөрсөнд бүтээсэн уран бүтээлүүд маань цаг хугацааны уртад хуучралгүй биднийг бас амьдруулсаар л байна. Мөн бидэнд Европ, Турк зэрэг улсуудад амьдардаг монголчуудаас хүсэлтүүд ирж байгаа. Зав зайгаа харж байгаад амжуулах санаатай л явж байна даа.

-Танай хамтлаг анх яаж нэгдэж, уран бүтээл гаргаж эхэлсэн бэ? 

-1990-ээд оны сүүл үеэр яг л бидний өсвөр насны үед ХИП ХОП хөгжим ид өндрөө аваад байлдан дагуулж байсан юм. Би багаасаа урлагт дуртай байсан болохоор тэр үеийн дуу хөгжмөөс салахгүй л сонсдог байлаа.  Тэгээд 2004 онд хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хэсэг нөхдөө цуглуулж аваад эргээс завиндаа суугаад хөдөлсөн дөө. Анхны бүтээл болох “Хайраас минь надад юу үлдэв” дуугаа бичүүлэн дүрсжүүлж гаргасан нь амжилт олсон. Тэр үед Эрдэнэтийн FM радиогоор бараг л Эрдэнэтийн хамтлагийн дуунууд явдаггүй байв. Харин бидний дуунууд хоёр гурваараа хит жагсаалтад орж, Улаанбаатарын хамтлаг дуучдын дуунуудтай өрсөлдөж, эхний 10 багтдаг байсан нь тухайн үедээ л амжилт байлаа.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

-Хүмүүс “Энэ нөхөр их сахилгагүй хүүхэд байсан байх” гэж боддог юм шиг байна лээ. Гэтэл би эсрэгээрээ их даруухан, аав ээжийн хажуугаас салдаггүй хүүхэд байлаа. Айлын ганц хүүхэд болохоор жаахан эрх байсан болов уу гэж боддог.

-Та гэр бүл, найз бүсгүйтэй юу?  

-Миний хувьд одоохондоо гэрлэж амжаагүй л явна.

-Таныг улстөрч болж байгаа сураг дуулдсан. Энэ үнэн үү?

-Хүн ер нь өөрийнхөө хүрээлэн байгаа тэр тойргоос гарч, олон газраар явж, олон юм үзэх хэрэгтэй. Бодол, аливааг харах өнцөг их өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхгүй насаараа нэг газар байсаар байгаад хогын сав шиг болчихсон хүмүүс эргэн тойронд их байна. Саяхан би Солонгост тоглолтоор явж байхдаа нэг зүйлд их харамссан. Хичнээн сайхан мэргэжил, бакалавр магистрын зэрэгтэй боловсролтой залуучууд тэнд  харлачихсан, амьдралын төлөө хөдөлмөрлөж зүтгэж байна. Тэднийг буруутгах аргагүй л дээ. Тэр улсад ажиллаж байгаа хүмүүс өдрийн 300 мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл манайд цалин өнөөдөр ямар байгаа билээ. Яг үнэндээ амьдралын төлөө зүтгэж яваа залуусдаа яаж бурууг өгөх вэ. Энэ төр засгийн тэргүүнд байгаа 76 хүний л буруу. Ёс зүйгүй, хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүрт тавьсан хүмүүсийг төрийн зүг нэг ч алхуулмааргүй байна. Мөн залуус маань жаахан ч гэсэн ирээдүйнхээ төлөө санаа зовж тэмцэж нэгдэж чаддаг, өөрсдийнхөө төлөө хүчтэй дуугарч чаддаг байгаасай л гэж хүсдэг.

-Залуучууд маань энэ тал дээр хангалтгүй байна гэж та боддог уу?

-Хүн болж төрсөн л бол бид хүссэн хүсээгүй ачаа үүрдэг. Өөрөө өөрсдийнхөө л ачааг өөрсдөө асуудалгүй даагаад явчихвал уг нь их амар болж байгаа юм. Би энэ талаар бодож үзсэн. Зарим нь хичээлээ хийгээд сууж байхад өөр нэг нь PC тоглож, ухаалаг утаснаасаа салахаа байжээ. Хэрэгтэй хэрэггүй зүйлсээр тархиа дүүргээд, хэнд ч хэрэггүй дэмий зүйлсээ постлоод л. Яг ингээд цаг хугацаа өнгөртөл нөгөө хичээлээ хийгээд сууж байсан нөхөд маань боловсролоо тултал эзэмшээд хүссэн газартаа хүссэн цалингаа аваад ажиллана. Харин нөгөө сошиалаар аялсан нөхөд маань ард нь хоцорно. Ахиад хэдэн жил өнгөртөл хичээл хийж байсан хүн Зайсанд байр аваад жийп хөлөглөнө. Харин фэйсбүүк ухаж, клуб хэсэж явсан хүмүүс яах уу. Түүнд атаархана, яаж тэдэн шиг болох вэ гэж бодож эхэлнэ. Ингээд л ямар ч хамаагүй аргаар хурдан мөнгө олох аргуудыг судлаад эхэлдэг. Тэгэхээр залуучууд маань өөрсдийн боловсролдоо их анхаарч залуу хүн бүр ах зах, ёс зүй, ёс заншил гээд бүх зүйлс дээрээ анхаармаар санагддаг. Ядаж өчнөөн стресстэй байгаа энэ нийгэмд зөв энергитэй зүйлсийг фэйсбүүкд оруулж болно шүү дээ. Тэгээд ядаж бүгдээрээ крилл үсгээрээ, монголоороо зөв сайхан бичээд сурчих хэрэгтэй.

-Таны хувьд аз жаргал гэж юу вэ? Та ямар үед өөрийгөө хамгийн аз жаргалтайгаар мэдэрдэг вэ?

-Харж чадвал аз жаргал яг л хажууд байгаа. Цаг мөч бүрт. Сэтгэлийн амар амгалан бол өөрөө аз жаргал. Хүн өөрийгөө засахад л хамгийн амар хялбар байдаг. Тиймээс хамгийн энгийн зүйлсээс хүртэл таашаал авч чадахаар өөрийгөө хөгжүүлвэл аз жаргал гэдэг зүйл тийм ч хол биш. Эцэст нь амьдрал бэлэглэсэн ижий ааваа үргэлж хайрлах хэрэгтэй. Бид ганцхан удаа амьдрана гэдгээ заримдаа мартчихдаг юм шиг.

-Танд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.

-Хүн болгон дор бүрнээ өөрт оногдсон, ноогдсон ажлуудынхаа гүнд нь орж сэтгэл зүрхээрээ ажиллавал Монгол улс маань удахгүй сайхан болж хөгжинө. Тэгээд хийцгээе бүтээцгээе зүтгэцгээе гэж залуусдаа уриалж байна. Мөн удахгүй шинэ бүтээлээрээ уншигч олон фэнүүдтэйгээ уулзахаа амлаж байна.

 

О.Мөнхтүвшин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(117.111.10.11) 2018 оны 03 сарын 27

Tur iim bgaan ard tumnii buruu

0  |  0
Gurvaa erdenet(31.37.225.128) 2018 оны 03 сарын 22

Tsunh barihnuu darvaanaa zaaiiilloooo

0  |  0
зочин(202.179.25.198) 2018 оны 03 сарын 22

энэ Цаг үеийн Залуучууд Та нар ямарч Нийгмийн идэвхигүй, өөрснийхөө Ирээдүйнхээ төлөө юу ч хийж, Хэлж ярьж чадахгүй үнэхээр Арчаагүй Аймхай шүү дээ, Эмээ Өвөө нараасаа Ичиж Зовж амьдрах хэрэгтэй, Өнөөдөр Та нарын Ирээдүй, Улс орныхоо төлөө Өвөө эмээ нар л Тэмцэж жагсаж байна шүү дээ,

0  |  0
ТЭНЭГ ОРК (202.179.26.25) 2018 оны 03 сарын 22

ТЭНЭГ ОРК БАЙНА.

0  |  0
Boliochee(128.199.104.86) 2018 оны 03 сарын 22

bitgii shaa muu luiwarchin mini iim nowshnuud ingeed hutsaad yawaad bgaa bolohoor Mongoloos zaluus durwej bgaan. Chi Ariuka icheechee ingeed yarij bgaadaa. Ulaan luiwarchin baij deeshee garch bas uls ornoor toglohnuu. Ter erdenetdee duugaa duulaad yawj bai. ichij uhmer

0  |  0
Top