Р.Чойном ”Хонгор чамдаа хэлэх үг”

2018 оны 03 сарын 22

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Р.Чойномын "ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ" шүлгийг сонордуулъя.

 

ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ

Хонгор чамдаа хэлэх үг минь

Хосгүй хайрын тухай биш

Хойд зуны амралтын тухай биш

Хожид урьд бодож үзээгүй бодлын чинь тухай

 

Yнэндээ, бүсгүй хүн, юу эс бодох вэ

Yзэсгэлэн гоо баясал цэнгэл

Гал тогоонд хэрэгтэй бүхэн бэлэн байх тухай

Гар дээр нь хэдэн төгрөг байнга байх тухай

 

Эр нөхөр нь архиддаггүй байх ч тухай

Элдэв хүн цувж, шалыг нь халтартуулахгүйн тухай

Толгой шүд нь өвдөхгүй байх тухай

Толины урд хайрцагт аналгин бий эсэх тухай

 

Дэргэдэх айлын нь бүсгүй, нөхрийг нь

Дэндүү зөөлөн харсан тухай

Ер нь тэгээд юу эс бодох вэ дээ

Ертөнц заримдаа,

Гал тогооны өрөөнд багтдаг юм чинь

 

Одоо чи, намайг ноолоод эрхэлж байна

Оройн нам гүмд, муурын зулзага шиг нялуурч байна

Одод тэнгэрийг цонхоор хараад инээмсэглэж

Орчлонд, хамгийн жаргалтай хүүхэн байна

 

Тэгвэл, яг өдийд хонгор минь

Тив дэлхийн хэчнээн олон аавын хүү

Хань ижил, хамаатан саднаа орхиод

Халуун зэвсэг барин хил манан зогсоно вэ

 

Дэндүүлж хэлэх юм бол

Дэлхийн бөмбөрцөг бүхлээрээ

Эсрэг эсрэг, хилээ манасан

Эр цэргээр дүүрэн байна

 

Янагхан чиний үсийг илбэж байгаа

Яг миний гар шиг, хэчнээн сая гар

Аюулт зэвсгийн гохон дээр бэлэн

Амьсгал даран зогсож байна вэ

 

Намуухан өрөөнөө тэврэлдэн суугаа

Намайг, чамайг үнсэлдэж амжаагүй байхад

Аль нэг хил дээр буу дуугарах юм бол

Аймшигт 41 он, өндийж ирэхэд бэлэн байна

 

Өнөө үдэш, чамтайгаа эрхэлж суусан би

Өглөө гэхэд, чулуун царай царайлж

Цэмбэ, төмөр хоёроор өвч бүрэн тоноглосон

Цэргийн их цуваагаар хил рүү явахад бэлэн байна

 

Тэнд хил дээр

Тэнгэрийн хаяа бүрхсэн нүсэр их утааруу

Аавын олон хүү түлээ мод шиг ачигдахад

Орилон хайлаад чи минь үлдэхэд бэлэн байна.

 

Энэ тухай, хонгорхон чи минь уучлаарай

Эрт орой ч гэсэн ер нь бодож үзсэн үү

Эрхлэх, жаргах, хардах, хэрэлдэх юм бүхэн маань

Энгүй их үнээр чи бидэнд олдож байна

 

Олдсон энэ жаргалаа алдахгүйн төлөө

Орчлонд дахиад 41 оныг өндийлгөхгүйн төлөө

Айлын бүсгүйг биш

дайныг чи хардах хэрэгтэй

Архийг биш

Дайныг чи цагдах хэрэгтэй

Yүнийг, та нар л чадна

Yнэндээ та нар

биднийг дийлдэг шүү дээ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номин(66.181.160.77) 2024 оны 03 сарын 19

үнхээр гоё шүлэг байна \n

3  |  0
Зочин (103.10.23.8) 2024 оны 03 сарын 19

Энэ аяны нэр байна уу\n

1  |  1
Ганболд(202.126.89.97) 2024 оны 03 сарын 19

Тиим

1  |  1
123(209.167.52.34) 2024 оны 03 сарын 19

Tuhain tsag uyedee l shuleg bna, odoo tsagt bol uur l duu

2  |  1
зочин(64.119.18.181) 2024 оны 03 сарын 19

үнээн үнэн, айлын бүсгүй, гал тогооноос холдож арай алсуур бод гэжээ

2  |  1
Top