Наурызын баяраар Х.Баатарбекийн гэр бүлд зочиллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

 Монгол Улсад амьдардаг Казах түмний үндэсний баяр болох "Наурыз баяр" өнөөдөр тохиож байна. Наурыз гэдэг Перси гаралтай vг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай юм. Энэ утгаараа Цагаан сартай ижил төстэй гэж ойлгож болно.

Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Тус баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын Исламын шашинтай 60 гаруй  оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурыз баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурддаг.

Наурыз баяраар Казах гэр бүлүүд өв соёл, уламжлалаа хэрхэн хадгалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж байгаатай танилцахаар манай сурвалжлах баг Баян-Өлгий аймгийн харьяат Х.Баатарбекийн гэр бүлд зочиллоо. Х.Баатарбек  Сонгино хайрхан дүүрэгт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд хотод ирээд олон жил болж байгаа аж.

Биднийг зочлоход эртний уламжлал ёсоороо угтаж эрчүүд нь хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгож, эмэгтэйчүүд нь тэврэлдэн золгож мэндчилж байсан юм. Наурызын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” буюу шөл  амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдсэн шөлийг Х.Баатарбекийн  гэргий хийж ирсэн зочдыг дайлсан бөгөөд долоон төрлийн идээг зассан байсан юм. Казахууд Наурызыг тэмдэглэхэд “7” гэсэн тоо заавал ордог. Учир нь энэ бол долоо хоногийн нийт гарагийн тоо юм.

“Казах түмний дундах домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр бурхан бууж ирж цэмцийсэн цэвэрхэн айлд орж ирвэл тэр жилдээ өвчин зовлонгүй, гай гамшиггүй сайн сайхан байдаг” гэсэн ойлголтоор Наурызыг угтан гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг" хэмээн ярих Х.Баатарбек  Монголын Мусульман Шашны Холбооны тэргүүнээр ажилладаг өдгөө Казахстан улсад тэтгэлгээр докторантад суралцдаг гэлээ. Тэрбээр цааш хэлэхдээ “ Наурыз баяр бол эв нэгдлийн баяр.  Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй  Казахын ард түмэн өнөөдөр хаврын баяраа тэмдэглэж байна” гэв.

Өдгөө Улаанбаатар хотод 10 мянга гаруй казах иргэд суурин амьдран суудаг аж. Х.Баатарбек  Монголын Мусульман Шашны Холбооны тэргүүн учир нутгийн  иргэдтэйгээ байнга уулзалдаж биенийхээрээ орж гардаг гэж байлаа.  Энэ жил Х.Баатарбекийн ээж хүүгийндээ баяраа тэмдэглэж байгаа учир зочид тэднийд олон иржээ.

Х.Баатарбекийн ээж болох 75 настай И.Сандалхан Баян-Өлгий аймагт амьдардаг ч хотод ирж Наурызын баяраа тэмдэглэж байлаа. Тэрбээр  зургаан хүүхэд төрүүлсэн өндөр настан. Энгэртээ одон гялалзуулсан энэ буурай насаараа цэцэрлэгийн багш хийжээ. Тэрбээр 18 ач, 3 жичтэй. Үр хүүхдүүдээ анх Улаанбаатар хотод ирэхэд нь  “Алс хол газар биеэ сайн бодоорой. Найз нөхөдтэйгөө эвийг эрхэмлээрэй гэж захиж байлаа” хэмээн бидэнтэй хуучлав. Мөн Монголын ард түмэн уужим сэтгэлтэй, сайн хүмүүс. Бидний нэгэн ахан дүүс хэмээгээд Монголын ард түмэнд  Наурызын баярын мэнд хүргэсэн юм.

Х.Баатарбекийн том ах нь Улаанбаатар хотод амьдардаг. Дүү нар нь Баян-Өлгийд амьдардаг гэнэ. Казах түмэн баярын эл өдрөө өглөө эрт босч  булганы нүдийг нээх, мод тарих зэрэг байгальд ээлтэй зан үйлийг үйлддэг байна.  Х.Баатарбекийн  хувьд өглөө эртлэн  босч,  байрныхаа ойр орчим, үүдийг цэвэрлэж дээрх ёс заншлаа үйлдсэн гэлээ.



Казах эмэгтэйчүүд хөдөлмөрч, гэрийн сайн эзэгтэй  гэдэг нь тэдний бэлдэж тавьсан хоол унднаас бэлхэн харагдана.  Х.Баатарбекийн эхнэр  Х.Айгүл СТА, дуучин бүсгүй. Тэрбээр "Монгол, Казахын соёлын төв" ТББ-ийн тэргүүн. Казахстан улсын  элчин сайдын яамны  дэргэдэх Соёлын төвд захирлаар  олон жил ажиллаж байжээ. Баярын босгон дээр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаасан байна.

Тэрбээр “Монголынхоо нийт ард түмэнд Наурыз баярын мэнд хүргэе. Казах эмэгтэйчүүд Наурыз баяраар гэрээ маш сайн цэвэрлэдэг. Цэвэрлэгээ маш чухал. Баярын ширээнийхээ идээ ундааг гэрийн эзэгтэй  нар өөрсдөө бэлтгэвэл  сайн гэж үздэг. Дээр үед дан цагаан идээгээр ширээгээ засдаг байсан бол орчин цагт гурилаар төрөл бүрийн боов боорцог хийдэг. Өөрийн бэлтгэсэн хоол ундаараа дамжуулж бусдад сайн сайхныг хүсэж байна гэж бид ойлгодог.  Наурыз баярын гол идээ нь мах болон шөл. Шөлөнд долоон төрийн идээ ордог. Цагаан сараар бууз иддэг шиг орж ирсэн зочдоо шөлөөр дайлдаг” гэлээ.  Х.Айгүл таван төрлийн боов боорцог зэрэг олон төрлийн идээ ундаа  бэлтгэжээ.  Тэрбээр Монгол эмэгтэйчүүдийг  дайчин, шударга, сайхан сэтгэлтэй хүмүүс гэж магтан сайшааж байв.



Казах түмэн хонины толгойг  ихэд бэлэгшээдэг байна. Тиймээс хонины толгой, үхрийн мах, казыг хамтад нь чанаж тавьжээ.  Чанасан толгойг идээнд тавихдаа  босоо, хөндлөн зураас гаргажээ. “Босоо зураас нь тухайн айлын, хөндлөн зураас нь ирсэн зочдын зам буюу эв нэгдлийн утгыг илэрхийлдэг” хэмээн гэрийн эзэн тайлбарлав.



Мах идэхийн өмнө тэд гараа бүлээн усаар угаахаас гадна хүн бүр хоёр алгаа дэлгэж хамгийн ахмад нь эрүүл энх байж, сайхан хоол зооглож байхын ерөөл тавьж тэнгэр бурхандаа талархал илэрхийлэх зан үйл үйлддэг юм байна. Үүний ёсоор ахмад настан  И.Сандалхан ерөөл айлдав.

Дараа  нь гэрийн эзэн махыг жижиглэн хэрчиж зочдоо дайлав. Махаа идэж дууссаны дараа шөлөнд чанасан көже гэх аарцтай будааг аягалан хvн бүрт барьсан юм. Гэрийн эзэгтэйн  цай үнэхээр амттай байсныг энд онцолъё. Наурыз баяраар архи дарс хэрэглэдэггүй учир баярын ширээндээ айраг сөгнөжээ. Өвлийн цагт гүүгээ саадаг ард түмэн бол Баян-Өлгийчүүд аж. Тиймээс Баян-Өлгийгөөс шинэхэн айраг авчирсан гэж бидэнд хуучлав.



 Х.Баатарбек цааш хэлэхдээ “Энэ өдөр худал ярих, хүнтэй муудалцах, муу юм санаж сэдэхийг хориглодог. Магадгүй маргалдсан хүмүүс өнөөдөр уулзаж эвлэрэх эв нэгдлийн баяр. Наурыз баярыг Монголын төр засаг, ард түмэн дэмжиж, Казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлж төрийн одон медалиар хүртэл шагнадаг  болсон. Үүнд бид маш их баярладаг. Монгол, Казахын ахан дүүст эв нэгдэл ихэд чухал. Казах болон Монголын ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

Тэд ахан дүүсээрээ уулзалдан үгийн сайныг хэлэлцэж, доомбороо хөглөн дуулж хуурдан хөгжилдөн үлдсэн юм.

Ш.АДЪЯАМАА



 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(27.123.214.107) 2018 оны 03 сарын 22

kazah tumendee narnii bayriin mend ajilsag mundag uls dhuu

0  |  0
зочин(139.5.219.232) 2018 оны 03 сарын 22

Харх шиг хурдан үрждэг хогнууд байгаа юм, ер лалын шашинтангууд хаана очно тэнд соёл иргэншил сөнөж байдаг

0  |  0
Зочин(66.181.185.17) 2018 оны 03 сарын 22

Сайхан бодит бдалыг харуулжээ. Баярын мэнд

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 03 сарын 22

kazak aild ochij saihan iddegiin biluu oruulah boluu

0  |  0
bold(182.160.3.201) 2018 оны 03 сарын 22

tegeed busad odor hudal yarij boldog yum uu

0  |  0
Уншигч(202.9.40.5) 2018 оны 03 сарын 22

Сайхан сурвалжлага болжээ. Жинхэнэ баярын уур амьсгал мэдрэгдэж байна. Казах түмэндээ баярын мэнд хүргэе!

0  |  0
ӨӨ(207.244.77.175) 2018 оны 03 сарын 22

хасагуудад баярын мэнд

0  |  0
Zochin (66.181.189.88) 2018 оны 03 сарын 22

Kazak tvmendee habriin bayriin mend hvrgie zaluuchuud ni mongol gdgee helj bai kazak gee l bhiin mongol hvn kazak vndesten shv de

0  |  0
Dorj(103.10.20.34) 2018 оны 03 сарын 22

Mongol kazakiin hool yag adilhan yumaa.

0  |  0
Top