Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны хоёрдугаар хуралдаан боллоо

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулсан. Гуравдугаар сарын 22-ны өдөр тус хорооны хоёрдугаар хуралдаан боллоо.

Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн тогтвортой байдал, тааламжтай орчныг бүрдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах явдал юм.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд оролцлоо. Тэрбээр:

“Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог бие даасан, байнгын үйл ажиллагаатай механизм болгон төлөвшүүлэx, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод энэ механизмыг манлайлж ажиллах хэрэгтэй байна. Одоогоор бизнесийн орчныг цахим системтэй xолбож хялбаршуулах ажлууд Гадаад харилцааны яаманд хийгдэж байгаа. Мөн татварын шинэчлэлийн асуудлаар xэлэлцүүлгүүд эxэлсэн. Үүнд хувийн хэвшлүүдийн холбоод нэгдсэн байдлаар саналаа илэрxийлэх нь зүйтэй” гэдгийг онцоллоо.


Улмаар “Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, концессийн гэрээ хэлцэлд хувийн хэвшлээс хяналт тавих, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, санал хүсэлтийг нь сонсдог, бодлого шийдвэртээ тусгадаг байх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар төр, хувийн хэвшлийн түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хорооны үйл ажиллагаа чухал дэмжлэг болно” гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгон хөгжүүлж төр, хувийн хэвшлийн итгэлцлийг бэхжүүлэх, засаглал, бизнесийн орчныг сайжруулахад түлхэц үзүүлэх үүрэгтэй уг хороогоор хөрөнгө оруулалт, татвар, үйлдвэрлэл, худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой хууль тогтоомжууд батлагдахаасаа өмнө хэлцэгдэж, заавал хувийн хэвшлийн саналыг нь авч, зөвлөлдөг байх болно.

Зөвлөлдөх хороонд төрийг төлөөлөн Үндэсний хөгжлийн газрын дарга, хувийн хэвшлийг төлөөлөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга нар ажиллана. Хорооны гишүүдэд холбогдох яам, агентлаг болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын удирдлагууд багтаж байгаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page