Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018 оны 03 сарын 23

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн /2018.03.22/ АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен, АХБ-ны Манила дахь төвийн Зүүн Азийн газрын Хот, нийгмийн салбарын хэлтсийн захирал ноён Сангэй Пэнжор нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан 2019-2020 онд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ АХБ нь 1991 оноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, техникийн туслалцааны томоохон төслүүдийг ЭМЯ-тай хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн талаар дурдаад, өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй ЭМСХХ-4, 5 төслүүд, мөн техникийн туслалцааны 4 төслийг 2019-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Мөн Вируст гепатитын эрт илрүүлгийг сайжруулах 800 мянган ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцааны төслийг 2017 оны 12 дугаар сард АХБ-наас баталсан тухай албан бичгийг хүлээн авсандаа талархалтай байгаа талаар тэмдэглэв. 

Түүнчлэн, ЭМСХХ-6 төсөлд ЗГ, ЭМЯ-ны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар Дэд сайд дурьдаад энэ төслийн хүрээнд УБ хотын болон орон нутгийн иргэдэд үзүүлэх өрх, сумын болон дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор УБ хотод шинээр 2 Дүүргийн эмнэлэг, 10 өрхийн ЭМТ, аймгуудад 6 сумын ЭМТ, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг байгуулах зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэнээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд томоохон дэвшил гарна гэж харж байгаагаа онцлов.

Эдгээр төслүүдээс гадна, эмнэлгийн яаралтай тусламжийг сайжруулах асуудал эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг байсаар байгаа талаар онцолж, яаралтай тусламжийн салбарын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж, хүний нөөцийн болон техникийн чадавхийг сайжруулснаар эмнэлгийн тусламжийг богино хугацаанд чанартай үзүүлэх нөхцөл бүрдэх, тусламжийн цар хүрээ тэлж, хүртээмж сайжран улмаар цаг бусаар эндэх тохиолдлыг бууруулах ач холбогдолтойг хэлж, энэ зорилгоор эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд АХБ-наас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

АХБ-ны Зүүн Азийн газрын Хот, нийгмийн салбарын хэлтсийн захирал ноён Сангэй Пэнжор хэлсэн үгэндээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жилийн турш нягт хамтран ажиллаж ирсэндээ талархалтай байгаагаа илэрхийлж, одоо хэрэгжиж байгаа төслүүдээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын чанартай төслүүдийг АХБ санхүүжүүлэх боломжтой тухай онцлон тэмдэглэв. Тэрбээр, АХБ бусад улсуудад эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаад, Монгол Улсад яаралтай тусламжийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломж байгаа талаар тэмдэглэв. Тиймээс, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх нэн шаардлагатай төслийнхөө талаар техникийн түвшинд дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтран ажиллахыг санал болгов гэж ЭМЯ-аас мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top