Зам тээврийн ослын улмаас 3 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 23

Энэ сарын 19-23-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 868 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 610 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 34 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 3 жолооч, 3 явган зорчигч зам тээврийн осолд холбогдож, өртсөн байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа, байшин мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 30 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 37 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурчээ.  

Бүртгэгдсэн осол хэргээс дурьдвал, ЧД-ийн нутаг Доод салхитын замд T.Landcruiser-100 маркийн автомашины жолооч нь Б нь өөрийнхөө хашаанд өөрийнхөө гэрийг мөргөж, гэрт байсан хүүхэд болох 6 настай Б-г мөргөж гэмтээжээ. Мөн Дорнод аймгийн нутаг Өндөр хошуу гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай О-н амь нас хохирсон хэрэг тус тус гарчээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top