Хоёр Солонгосын салж хагацсан хүмүүсийн АЛДАРТ УУЛЗАЛТ

2018 оны 03 сарын 29

Энэ үйл явдал бол маш өндөр ач холбогдол бүхий, сэтгэл догдлуулам уулзалт байлаа. Түүнийг орон нутгийн 1300 гаруй, гадаадын 400 орчим сэтгүүлчид сурвалжилж байжээ.

Өмнөд болон Хойд Солонгос тасарч салсны улмаас 50 гаруй жил бие биенээсээ хагацаж амьдарсан хүмүүс уулзсан гээд төсөөл дөө! Энэ урт хугацаанд тэд хоорондоо захидлаар харилцаж, утсаар холбогдох ч боломж байсангүй.

2000 оны наймдугаар сарын 15-нд БНАСАУ-ын далбаа бүхий онгоц Өмнөд Солонгосын Кимпо олон улсын нисэх буудал дээр газардав. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өөрсдийн ойр дотныхноос Өмнөд Солонгост амьд мэнд байгааг мэдсэн хүмүүс тэр онгоцоор иржээ.

Дараа нь тэрхүү онгоц Өмнөд Солонгосоос 100 хүнийг Хойд руу хүргэсэн байна. 50 гаруй жилийн турш хагацал амссан ах эгч, аав ээж, хань ижилтэйгээ уулзах тэр агшныг юутай ч зүйрлэмгүй... Тухайн үед уг уулзалтаар ирэгсдийн ихэнх нь 60 хол гарсан настай, зарим нь бүр 80 дөхсөн ч хүмүүс байв. Тэд ойр дотныхоо хайрт хүмүүстэй хамгийн сүүлд, бүр хүүхэд байхдаа л уулзаж байсан аж.

Тэрхүү АЛДАРТ УУЛЗАЛТ ердөө дөрөвхөн хоногийн хугацаатай байсан бөгөөд үүний дараа тэд салан өөр өөрсдийн амьдардаг улс руугаа буцах байлаа. Иймд тэд энэхүү алт шиг 4-хөн хоногт өдөр шөнөгүй ярилцаад ч ярих зүйлс нь дуусахгүй байв. Мөн энэ уулзалтын үеэр тэдний дэргэд эмч сувилагч нар хяналт тавин ажиллаж байв. Магадгүй, бүгд өндөр настангууд учраас хэн нэг нь сэтгэл хөдлөлийн цочролд орох магадлал их байж.

Тэр үеийн тоо баримтаас харахад, 60-аас дээш насны 690 000 хүн, 70-аас дээш насны 260 000 хүн өөрсдийн ойр дотныхонтой салж хагацсан байжээ. Хойд Солонгос дахь хамаатан садантайгаа уулзах хүсэлтээ Өмнөд Солонгосын 76 000 иргэн гаргаж байснаас тодорхой шалгуур шаардлага хангасан 100 хүнийг сонгон авч уулзуулсан байна.

Тэдний нэг – 82 настай Ян Жин Юл. Тэрээр Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар түүний дүү Ян Ван Юл Хойд Солонгост амьдардаг бөгөөд өөрийн ойр дотныхныг эрж хайж байгааг олж мэдсэн аж. Бага дүү нь 1950 онд Сөүлийн Их сургуульд суралцаж байхдаа хоёр Солонгосын дайны үед алга болсон байна. Түүнээс хойш ямар ч сураг ажиг гараагүй аж. Гэтэл 50 гаруй жилийн дараа ийнхүү ийнхүү ах дүү хоёр уулзалдах нь тэр!

73 настай Ли Пок Ён өөрийн 70 настай эхнэр болон хоёр хүүтэйгээ уулзжээ. Том хүү нь 5 настай, бага нь 2 настай байхад тэд салж хагацсан аж. Солонгосын дайны үеэр Ли унадаг дугуй худалдаж авахаар явлаа гэж хэлээд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэнэ. Тэр цагаас хойш түүний тухай хэн ч, юу ч олж сонссонгүй. Ийнхүү он удаан жил хүлээсэн учрал болов. Чихрийн шижин, саажилт өвчтэй болсон эхнэр нь олон жилийн турш өөрийг нь зовоож байсан асуултаа түүнд тавилаа: Яагаад унадаг дугуй авахаар ийм урт удаан явсан юм бэ?

69 настай Ли Чон Пил 1950 онд дунд сургуулийн сурагч байхдаа гэр бүлийнхнээсээ хагацан салж, сураггүй алга бологсдын тоонд орсон аж. Харин одоо тэрээр Өмнөд Солонгост амьдардаг 99 настай ээж болон ах, эгч нартайгаа уулзсан байна. Гэвч хөөрхий, насан өндөр болсон ээж нь түүнийг огт таньсангүй...

Энэ мэтчилэнгээр, тухайн уулзалттай холбоотой маш олон сэтгэл хөдлөм түүхүүд байдаг аж. Түүнийг орон нутгийн болон гадаадын олон теле сувгууд нэвтрүүлж байжээ. Тэрхүү уулзалтыг харсан хэн бүхэн баяр бахдлаасаа болж нулимс дуслуулж байсан аж.  АМЬДЫН ХАГАЦАЛ хамгийн аймаар...

Д.Мигаа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mint (182.160.3.85) 2018 оны 03 сарын 29

Zip2

0  |  0
Top