Монгол Улсын их сургуулиар аялъя

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

ҮДЛЭЭД БАЙМААР “ҮДЛЭГ” СУУРИН

Нар ээж, навчис шаргалтсан намрын нэгэн налгар өдөр. Улаанбаатар хотоос 80 гаруй км давхисаар Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Үдлэг” сургалт судалгааны суурин дээр ирлээ. Энд МУИС- ийн “Ой судлал”-ын ангийн багш, оюутнуудын амьдрал буцалдаг гэж хэлж болно. Ойролцоогоор 2000 га газрыг хамрах энэ сууринд байгалийн үзэсгэлэн төгс цогцлон оршихоос гадна суурингийн эмх цэгц, ахуй байдал аргагүй сэтгэл татах. Цаанаа л нэг халуун дулаан, найрсаг орчин биднийг угтсан нь “Үдлэг” нэрэндээ үнэхээр зохицжээ. Тус суурингийн нэрний тухайд гэвэл, Ардын хувьсгал ялсны дараа Д.Сүхбаатар жанжин цэргүүдтэйгээ энэ нутагт орж ирэн, үдэлж амарсан түүхтэй учир ийнхүү “Үдлэг” хэмээн нэрийдсэн аж.

Сургалтын суурингийн ойн хэсэг яг л гэрээ цэвэрлэсэн айл шиг цэмцгэр байв.


Сэтгүүлийн маань сурвалжлах багт сургалт судалгааны төвөө МУИС-ийн “Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль”- ийн захирал Доктор, Профессор Н.Баатарбилэг, “Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим”-ийн эрхлэгч доктор, (Ph.D) Б.Оюунсанаа нар танилцууллаа. Тэд “ Энэ сургалт, судалгааны төв маань байгуулагдаад 12 дахь жилтэйгээ золгож байна. Эхлээд бид энд майхнаа аваад л оюутнуудынхаа дадлагыг хийлгэдэг байлаа. Харин одоо бол багш оюутнуудын байрлах байртай, түүгээр ч зогсохгүй гал тогооны тусгай байшинтай, бас болоогүй сургалт семинар зохион байгуулах төвөө хүртэл нээгээд амжсан. Мэдээж энэ бүхнийг бүтээн босгоход сургуулийн маань зүгээс дэмжиж тусалдагт талархаж явдгаа хэлье. Мөн суурингийн бүх барилга байгууламжийг барихад сэтгэл зүрхээ нэгтгээд өөрсдийн гараар бүтээсэн тэнхмийнхээ үе, үеийн оюутан, багш нартаа талархаж явдаг даа” хэмээн ярьж байв. МУИС зөвхөн эрдэм ном заадаг газар биш. МУИС оюутнууддаа амьдралын ухаан, арга туршлагыг олгодог их өргөө юм гэдгийг энэ л дадлагын баазаас харж болохоор байв. Учир нь “Үдлэг”-т дадлага хийхээр ирсэн оюутнууд өөрсдийн гараар амьдрах орон сууцаа тохижуулахаас эхлээд хоол ундаа өөрсдөө хийж, хамт олноо зохион байгуулж, багаар ажиллаж, бие дааж амьдрах чадварыг дадлагынхаа хажуугаар суралцдаг нь олзуурхууштай. Хамгийн гол нь ийм чадварыг эзэмшүүлэх нууц нь энэ суурингийн дотоод журамд оршдог юм байна. Өөрөөр хэлбэл, “Үдлэг”- ийн хаалгаар орсон л бол оюутан, багш, хичээлийн эрхлэгч, захирал, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хэн ч байсан өөрөө, өөртөө үйлчилж, суурингийн эд хогшилд өөриймсгөөр хандаж, эвлүүлж янзлах юм байвал янзалж, нэг, нэгэндээ тусалж, нэгэн зэрэг унтаж, нэгэн зэрэг босож байх дүрэмтэй Товчхондоо бол хагас цэргийн зохион байгуулалттай гэж болно.

Онолын мэдлэгээ амьдрал дээр баталгаажуулахаас гадна ийм дүрэмтэй сууринд дадлагажсан оюутнуудын сурч мэдсэн зүйл эргээд амьдрал дээр гарахад үр өгөөж нь өндөр байх нь тодорхой билээ.

МУИС-д “Ой судлал”-ын чиглэлээр суралцдаг оюутнууд “Үдлэг” дэх сургалтын суурин дээр нэгдүгээр курсийнхээ хавраас эхлээд дадлагад гардаг гэнэ. Ингээд курс дээшлэх жил бүрийнхээ хавар, намрын улиралд байнга дадлага хийдэг аж. Биднийг очиход оюутнууд хичээлдээ орсон байсан боловч дадлагын суурин дээр гурван ч оюутан ирсэн байв. Тэдний нэг болох Х.Билэгт “Манай ойн ангийн оюутнууд чинь их азтай шүү дээ. Ийм сайхан газар дадлагаа хийнэ. Дадлагад гараад ирэхээр л мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлана шүү дээ. Ер нь манай оюутнууд болж өгвөл дадлагын суурин дээрээ л байгаад байх сонирхолтой/инээв/. Энд ирэх боломж гарвал л хүрээд ирэхийг боддог. Мөн ОЙ гэдэг өөрөө амьтан нь байгаа, ургамал нь байгаа болохоор асар баялаг, өргөн хүрээг хамрах ойлголт. Энэ утгаараа ой судлалын ангийн оюутнууд их олон төрлийн мэдлэгтэй болдог” гэж ярилаа. Сургалт судалгааны энэ суурин дээр ойн түймэр, хортон шавьжтай хэрхэн тэмцэх, нэгэнт сүйдсэн ойг яаж нөхөн сэргээх зэрэг дадлага туршлагыг оюутнууд хийдэг аж. Мөн мод огтлолыг яаж хийх ёстой, хулгайн огтлолыг хэрхэн таних вэ, залуу ойг яаж цэвэрлэж сийрэгжүүлэх вэ гэх зэрэг дадлага туршилтыг энэ сууриндаа хийдэг юм.


Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, доктор. Профессор Н.БААТАРБИЛЭГ: Ой судлаач хүн бол өчүүхэн жижиг үрээс эхлээд түүний үндэс, мөчир, өсөх процесс хүртэлх бүхий л зүйлийг шинжлэн судалдаг хүнийг хэлнэ. Үүнээс үндэслээд “Ой судлаач” хүнийг дараах байдлаар тодорхойлж болно. Ой судлаач хүн: Модны үр судална- генетикч Үрээ ургуулна- агрономич, Үрээ ямар газар, яаж тарихыг судална- Ургамал судлаач Модоо тарихын тулд газраа хагалж, бэлдэнэ –Механикч Модоо хэзээ, ямар цаг уурын нөхцөлд тарихаа судална- Цаг уурч Тарьж ургуулсан ойгоо зөв зохистой ашиглах менежмент хийнэ-Зохион байгуулагч -Тарьж ургуулсан ойдоо үр ашгийн тооцоо хийнэ- Эдийн засагч Ойн инженер хүн энэ бүх мэдлэгийг эзэмшсэнээр “Жинхэнэ” ойн инженер, судлаач болдог. Тиймээс энэ бүгдийг бодолцож, МУИС сургалтын хөтөлбөртөө тусгаж өгсөн байдаг.


Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.ОЮУНСАНАА:  Орчин үеийн хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг бол яах аргагүй “Ой судлаач” юм. Яагаад гэвэл, хүн төрөлхтөн оршин тогнохын үндэс нь байгалийн экосистем. Тэгвэл тэр экосистемийн үндэс нь “ОЙ” юм. Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамдсан том асуудлуудын тэргүүн эгнээнд цөлжилт, дулаарал.. гэх мэт байгалийн хүчин зүйлс багтаж байна. Тэр бүхнийг хүмүүсийн амьдралд хохирол багатай даван туулахад чиглэн ажиллаж чадах хүмүүс бол “Ой судлаачид”. Тиймдээ ч манай ард түмэн “Усны эх нь ой” хэмээдэг. Амьд бүхнийг ундаалагч усны ундарга нь гагцхүү ой юм шүү дээ. Зөвхөн энэ утгаар нь аваад үзвэл “Ой судлаач” мэргэжил орчин үед хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм.

БҮРЭН АВТОМАТЖСАН ОЙН СУДАЛГААНЫ СТАНЦ

“Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим”, түүний дадлагын бааз болох “Үдлэг” дэх сургалт, судалгааны суурин дээр гадаадын их, дээд сургуулийн оюутан, судлаач багш нар ирж, хээрийн дадлага хийдэг юм байна. Тухайлбал, Японы дөрвөн ч том их сургуулийн судлаач, оюутнууд энд ирж дадлага хийхийн зэрэгцээ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ. Мөн Финлянд, ОХУ зэрэг улсын их дээд сургуулийн “Ой судлал”- ынхан “Үдлэг” дээр ирж, жил болгоныхоо дадлагыг хийдэг гэнэ. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайн байснаар оюутан багш нар мэргэжлийн туршлага солилцох, хэл сурах зэрэг сайн талтайг онцолж байлаа.


Зургийн тайлбар: Азидаа долоохон ширхэг байдаг бүрэн автоматжсан ойн судалгааны станц. Тус станцыг Японы Хоккайдогийн их сургуулийн судалгааны төвтэй хамтран байгуулжээ.

ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬД ОРШИХ “ӨВӨРЗАЙСАН” СУРГАЛТ СУДАЛГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ


МУИС-ийн сургалт судалгааны бас нэгэн том төв бол “Өвөрзайсан” сургалт судалгаа, үйлчилгээний төв юм. Богд-Уулын 33 амын нэг “Өвөр зайсан”-д тус суурин байрладаг юм байна. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр цогцолсон энэхүү дадлагын баазад МУИС- ийн Биологи, Геологи, Газарзүйн тэнхимийн багш, оюутнууд дадлагаа хийдэг гэнэ. Оюутнуудын дадлагын хугацаа анги, курсээсээ хамаарч, 7-21 хоногийн зайтай явагддаг ба нэг зуны туршид 350 орчим оюутан “Өвөрзайсан”-д ирж дадлагаждаг

байна. Тус сургалт, судалгааны суурингаар МУИС-ийн багш, доктор У.Айбек биднийг аялуулсан юм. Тэрбээр “Өвөрзайсан” сургалт судалгаа, үйлчилгээний төв- ийн гол зорилго бол оюутнууд онолын мэдлэгээ бодит амьдрал дээр баталгаажуулахад оршиж байгаа юм. Энд оюутнууд хээрийн дадлага хийхээс гадна МУИС- ийн эрдэмтэн багш нар гадаадын их, дээд сургуулийн судалгааны багийнхантай хамтарч эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг байна. Одоогийн байдлаар гурван ч төсөл энэ төвд хэрэгжиж байгаа” гэлээ.

“АЯНГА ХЭМЖИГЧ АНТЕН”

Энэ нь мянган км-ийн диаметртай газрыг хамарсан аянга тоологч антень. Тоолсон аянгын мэдээлэл сансрын хиймэл дагуулын тусламжтэйгаар АНУ-ын аянга судалгааны төв рүү шилждэг. Аянга нь ганцхан зуны улирилд бус өвлийн нэг, хоёрдугаар сард буудаг болохыг энэхүү аянга тоологч антенийн тусламжтайгаар ажиглаж чадсан байна.


5 ТОННЫН БАГТААМЖТАЙ ХӨРГҮҮР

Таны харж буй контейнер бол хөргөгч юм. Энэ хөргөгчийг МУИС-ийн “Тогтвортой хөгжил төв”-ийн захирал, профессор Чулуун багш, Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн багш Амарбаяр нар Японы Hitachi компанитай хамтарч хийж байгаа. Хамгийн гол нь энэ хөргөгч сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гэнэ. Энэхүү төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа аж. Туршилт тун амжилттай болж байгаа учир цаашдаа Монголд зуны улиралд мах сүүгээ хадгалах зорилготойгоор энэ хөргөгчийг өргөн хэрэглээнд гаргахаар ажиллаж байгаа юм.


ЦАГ УУРЫН СТАНЦ

 Энэ станцыг суурилуулахдаа газрын доошоо 40 метр өрөмдсөн байдаг аж. Метр тутамдаа хэмжигчтэй. Тэрхүү хэмжигч нь газрын гүнд явагдаж байгаа температур, чийг, орчны өөрчлөлтийн үзүүлэлтүүдийг минут тутамд хэмждэг байна. Хэмжилтийн бүх мэдээлэл дотроо чиптэй. Судлаач багш нарын хувьд сардаа нэг удаа чипэнд ирсэн мэдээллээ хуулж аваад судалгааны ажилдаа ашигладаг байна. Энэхүү станц нь хээрийн экосистемийн судалгаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

ГАДААД ХАРИЛЦАА

“Өвөрзайсан сургалт, судалгаа, үйлчилгээний төв”-д Чех, Герман, ОХУ- ын Буриадын их сургуулийн оюутнууд дадлагаа хийж байсан удаатай юм байна. Цаашдаа энэ сургалтын баазаа гадаадын их, дээд сургуулийн оюутнуудын дадлагаа хийдэг бааз болгохоор ажиллаж байгаа талаар доктор У.Айбек ярьсан юм. Мөн тэрбээр “Манай төвийн бас нэг чиглэл нь багш, оюутны дадлага дууссаны дараа, гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах, хурал семинар зохион байгуулах зорилготой ажилладаг. Мөн сургуулийнхаа багш ажилчид, тэдний гэр бүлийнхэнд зуны амралт болон чөлөөт цагаараа ирж амрахад нь ая тухыг нь ханган ажиллаж ирсэн амралтын бааз” гэж ойлгож болно гэсэн юм.

Тус төвд байдаг амралтын гэрүүд маш тохилог

"Өвөрзайсан" сургалт судалгаа, үйлчилгээний төвийн хашаанд бүйлс үхрийн нүд зэрэг жимсний 500 гаруй мод тарьжээ. Зорилго нь жимсээр хооллодог жижиг шувуудыг судлах зорилготой.

П.МЯГМАРЦЭРЭН: БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААН СУДЛАГЧДЫН ИХЭНХ НЬ “ГАЗАРЗҮЙН САЛБАР”-ЫГ СОНГОЖ БАЙНА


МУИС-аар аялсан тэмдэглэлд дурдахгүй өнгөрч боломгүй нэг салбар бол яах аргагүй Газарзүйн тэнхим юм. Ингээд тус тэнхимийн эрхлэгч, доктор П.Мягмарцэрэн багштай уулзаж, дараах тодруулгыг авлаа.

Газарзүйн шинжлэх ухаан бол суурь шинжлэх ухаанд тооцогддог. Энэ утгаараа МУИС-ийн түүхэнд Газарзүйн салбар шинжлэх ухаан тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг байх. Энэ талаар?

Газарзүй бол шинжлэх ухааны үндсэн 6 суурь ухааны нэг. Ийм ч учраас үндэсний шинжлэх ухаан, дээд боловсролын тогтолцоонд газарзүйн салбар томоохон байр суурийг эзэлдэг. БНМАУ-ын анхны эрдэм шинжилгээний байгууллага Судар бичгийн хүрээлэнд Симуков зэрэг газарүйчид ажиллаж, 1942 онд МУИС байгуулагдахад байгалийн ,шинжлэл болон дэлхийн газарзүйн тухай хичээл сургалтын агуулгад багтаж байсан түүхтэй. 1956 онд Монгол Улсад анх удаа Газарзүйн ухааны дээд боловсролын эрдэм шинжилгээний үндсэн нэгж- Газарзүйн тэнхим байгуулагдахад анхны тэнхимийн эрхлэгчээр Төрийн шагналт, академич, нэрт эрдэмтэн Шагдарын Цэгмид ажиллаж байжээ. Үүнээс хойш Г.Сандагжав, З.Мөнхөө, Х.Гантөмөр, гавьяат багш М.Баянтөр, Б.Чинбат, В.Батцэнгэл, С.Шийрэв-Адъяа 9 хүн удирдан ажиллаж, миний бие тэнхимийн арав дахь эрхлэгчээр ажиллаж байна.

Энэ хугацаанд газарзүйн салбарын ямар мэргэжилтнүүд бэлтгэсэн бэ?

Энэ хугацаанд Газарзүйн салбар үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үндсэн үүргээ тасралтгүй амжилттай хэрэгжүүлэн Газарзүйч, Газарзүйн багш, Картограф-зураг зүйч, Аялал жуулчлалын менежер, Хөрс судлаач, Газар зохион байгуулагч, Газрын кадастр, байгаль ашиглалт хяналт үнэлгээний мэргэжилтэн, Байгаль орчныг зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн, Хот ба бүс нутаг төлөвлөгч зэрэг мэргэжилтэн бэлтгэж ирсэн байна.

МУИС-ийн Газарзүйн тэнхимд сурч төгссөн суралцагчдын талаар ярихгүй юу?

Манай салбарын төгсөгчид Монгол Улсын нийслэл, 21 аймагт ажил мэргэжлээрээ ажиллаж байна. Газарзүйн улсын олимпиадад л гэхэд манай төгсөгчдийн бэлдсэн оюутан сурагчид дандаа дээгүүр байранд орж байна. Жишээ нь Нийслэлийн газрын албаны дэд дарга гэхэд манай төгсөгч ажиллаж байна. Мөн Монголын аялал жуучлалын удирдах зөвлөлийн дарга гэхэд манай төгсөгч байна гэх мэтээр нэрлээд байвал барагдахгүй бизээ.

Газарзүйн тэнхимийн оюутнууд гадаад улсад дадлага их хийдэг гэж сонсож байсан. Энэ талаар ярихгүй юу?

Манай оюутнуудын хувьд гадаад, дотоодын сургалт, судалгааны суурингуудаар явж дадлагаа хийдэг. Сүүлийн жилүүдэд Өвөрмонголын хэд хэдэн их, дээд сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Жишээ нь Өвөрмонголын Хөх хот, шинэ Ордос, хуучин Ордос хотуудад оюутнуудаа явуулж дадлага хийлгэж байна. Хот төлөвлөлтийг хэрхэн хийж байна, шинэ хотыг ямар хүчин зүйлсийг нь анхаарч буй болгох болон хотыг нүүлгэхэд юуг анхаарах ёстой зэрэг дадлага туршлагыг тус хотуудаар явсан оюутнууд маань мэдээд ирдэг. Гадаадын томоохон хотод оюутнуудаа дадлагажуулах нь нь маш чухал ач холбогдолтой юм.

Газарзүйн шинжлэх ухааныг залуус хэр сонирхон судалж байна вэ?

Манай тэнхимд бакалаврын түвшний 519, магистрын 127, докторын 51 оюутан суралцаж байна. Энэ тооноос дүгнээд хэлбэл, байгалийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдын ихэнх нь Газарзүйн салбарыг илүүтэй судалж байна гэж хэлж болно.

МУИС-ийн түүхт 75 жилийн ойн тусгай дугаарт уригдан оролцож, цаг зав гаргаж, ярилцлага өгсөн танд баярлалаа.

Баярлалаа. Өнгөрсөн жил манай “Газарзүйн салбар үүсч хөгжсөнийхөө 60 жилийн ойг” тэмдэглэсэн. Харин энэ жил МУИС- ийн маань 75 жилийн ой тохиож байгаад баяртай байна. Ингээд МУИС хэмээх эрдмийн их өргөөний эрдэмтэн багш нар, ажилчид, үе, үеийн оюутан төгсөгч нартаа түүхт ойн мэндийг хүргэе.

С.Өлзийбаяр

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top