Ц.Оюунгэрэл: Цаазын ялтай болсон ч жигшүүрт гэмт хэргийн тоо буурахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн айдас төрүүлэм хэрэг бидний дунд ихэд гарч байна. Хамгийн сүүлд л гэхэд ой найман сартай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл нийгмийг айдаст автуулаад буй. Гэвч дээрх хэрэг нийгэмд зөвхөн ил гарсан нь. Хаалттай хаалганы цаана хэдэн ч хүүхэд хүчирхийлэл дунд амьдарч буйг хэлж мэдэхгүй. Зөвхөн өнгөрсөн оны статистик мэдээллийг дурдахад, 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн байна.  

Ийм ч учраас иргэд дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж, энэ сард эхлэх УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихаар болсон юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаазын ялыг эсэргүүцэж  "Хятадаас авах авахгүй үлгэр дуурайлаа ялгаж салгамаар. Хятад шиг хүнээ баруун солгойгүй цаазлахаар юундаа улайрна вэ. Монгол ялна гэхээр нь итгэж дэмжсэндээ харамсах цаг ийм хурдан ирэх байсан юм уу" хэмээн жиргэсэн байсан юм. Тиймээс энэ талаар түүнээс тодрууллаа.


-Цаазын ялыг сэргээхийг яагаад  эсэргүүцэж байна вэ?

-Дэлхийн нийтийн хандлагаас харахад дэлхийн 190 орчим улсаас 105 орон нь цаазын ялгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Гэмт хэрэг хийсэн тухайн этгээд ял шийтгэлээ мэдээж хүртэх ёстой. Гэхдээ  цаазын ялын нэг дутагдал нь гэмгүй хүнийг цаазлах тохиолдол гардаг. Хэрэв дараа нь хэрэг хийгээгүй нь тогтоогдлоо гэхэд  цагаатгах ямар ч боломжгүй болдог ноцтой ял. Энэ утгаар нь цаазын ялыг би эсэргүүцээд байгаа юм. Жишээ нь 20 жил хоригдсон хүн гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол цагаатгаж улмаар  хэлмэгдүүлсэн гэж үзэн төр нөхөн төлбөр олгодог. Гэтэл цаазын ялын хувьд нэгэнт цаазлагдсан л бол буцааж төр алдаагаа засах ямарч боломжгүй. 10 хүн цаазлагдлаа гэхэд тэр дунд нэг хүн хэлмэгдээд цаазлагдчихвий гэдгээс л болгоомжилж дэлхийн улс орнууд цаазын ялыг эсэргүүцдэг.

-Өөрөөр хэлбэл,  хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлж цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Нэг хүнийг хэлмэгдүүллээ, хоёр, гурав гээд ингэж явсаар 30,40 мянгаар нь хэлмэгдүүлэх үүд хаалгыг нь цаазын ял нээж өгдөг.

-Энэ мэт хэлмэгдүүлсэн жишээ олон улсад хэр түгээмэл тохиолддог юм бол?

-Улс орон бүр гашуун туршлагатай. Тухайлбал цаазын ялгүй болсон Канад улс гэхэд хүчингийн хэрэгт цаазын ялыг оногдуулдаг байгаад үүнээсээ татгалзсан. Яагаад гэхээр энэ дунд нь гэм буруугүй хүн цаазлагдсан тохиолдол гарсан байдаг. Үүнээс үүдэж цаазын ялаас татгалзаж жигшүүрт хэрэг хийсэн этгээдүүдийг бүх насаар хорих, хүнд хөдөлмөр хийлгэх зэрэг хийсэн хэрэгт нь  дүйцэхүйц ялыг оногдуулдаг болсон.

-Магадгүй 1000-д нэг тохиох хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлж байна гээд цаазын ялаас татгалзах нь хэр зохимжтой вэ. Гэтэл үүний цаана  бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөөр  байх уу?

-Цаазын ялгүй болсон дээрх 105 улсад ч энэ асуудал яригддаг. Цаазын ялгүй болсноор жигшүүрт хэрэг нэмэгдэх вий гэдэгт санаа зовдог гэсэн үг. Гэтэл жигшүүрт гэмт хэргүүдийн статистикт тоо баримтыг үзэхэд, эсрэгээрээ  цаазын ялтай оронд жигшүүрт гэмт хэрэг илүү гарсан байдаг. Жишээлбэл, цаазын ялтай болон ялгүй орныг хооронд нь харьцуулахад цаазын ялтай оронд жигшүүрт гэмт хэрэг буурсан, багассан гэсэн тоо баримт гардаггүй юм л даа. Эндээс харахад, цаазын ялтай болсноор жигшүүрт гэмт хэрэг буурна гэсэн үг биш байгаа биз. Хамгийн гол нь цаазын ялтай боллоо гэхэд хүн хэлмэгдүүлэхгүй байж чадах уу, шударга шүүж чадах уу  гэдэг нь чухал асуудал.

Ш.Адъяамаа

ZINDAA.MN


Top