Д.Дэлгэрсайхан: Гадаад паспортыг дүүрэг бүрт харьяалал харгалзахгүй захиалж болно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино-хайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр болжээ.

Энэ нь иргэд харьяалал харгалзахгүйгээр төвийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт захиалахдаа заавал захиалсан дүүргээсээ биш өөрсдөө дүүргээ сонгох боломжтой болж байгаа аж.

Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  дэд дарга Д.Дэлгэрсайхан "Гадаад паспортын үйлчилгээг 100 айлд байсан нэгж дээрээс 10 нэгж рүү шилжүүлж байна. 2017 онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн. Энэ жил ч нэмэгдэх нь тодорхой байна. Тиймээс бид ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүллээ. Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортоо дүүрэг харгалзахгүй захиалж болно. Паспорт сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж буй стандарттай холбоотой. Хоёрдугаарт Монгол иргэд гадаадад хил гаалиар гарахад асуудал гаргахгүй үүднээс сунгалтыг зогсоосон. Цаашид бид паспортын чанарыг сайжруулахад улам анхаарна" гэлээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top